УИХ-ын дарга Г.Занданшатарын шинэ жилийн мэндчилгээний онцлох ишлэл

Шинэ оны босгон дээр төрийн гурван өндөрлөг ард түмэндээ хандаж мэндчилгээ дэвшүүлдэг уламжлалтай.

УИХ-ын дарга Г.Занданшатарын мэндчилгээний үгэнд “авлигын эсрэг цогц хөтөлбөрийг хуульчилж, төрийн хяналт шалгалтаар системийн хулгайг илчилж, нийгмийг хордуулагч авлига, буруу булхайн үндсийг хамтаараа таслан зогсоож чадлаа” хэмээх үг тун онцлог сонсогдлоо.

 

 Өнгөрсөн хугацаанд УИХ-ын Хяналт шалгалтын хуулийг батласнаар Түр хороо байгуулагдан улмаар Хөгжлийн банк, “нүүрсний” гэх хэргүүдийг илчлэн олон түмний өмнө  гаргаж чадсан нь энэ удаагийн УИХ-ын томоохон үйл хэрэг гэдгийг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй юм. Тиймээс УИХ-ын даргын хэлсэн үгэнд энэ сэдэв голлох байр суурь эзэлж байна.

Тэрбээр “Хагархай цонхны онол шиг эмх замбараагүй байдал ноёлсон энэ цагт хуулийн засаглалыг хүчирхэгжүүлж, аливаа гажуудлыг хуулиар цэгцлэх нь зөв арга, суурь зарчим мөн. Хуулийн эко систем бүрдэж, нийгмийн ужиг гажуудлууд нуран задарч, иргэдийн шударга ёсны хүсэмжлэл сэргэж буй нь хөгжих үндэстний хүчирхэгжин эрүүлжиж буй эерэг шинж мөн”  гэсэн нь түүний бүрэн эрхийнхээ хугацаанд парламентын шинэчлэлийг хийж, улмаар эрх зүйн шинэчлэлийг хийж буй зорилгоо хэрэгжүүлж чадаж буйгаа илэрхийлсэн үг байв.

Мөн тэрбээр, “алдсан, оносон, суралцсан, зоригжсон ард түмэн нэгэнт зөв чигээ олж, худал хуурмагтай үл эвлэрэгч, буруу булхайг үл тэвчигч, саар мууг засан бэхжүүлэгч болж өөрчлөгдөж байна. Авлига, хулгай, утаа, түгжрэл гээд нийгмийн гажуудал бүхнийг дуу нэгтэй шүүмжлэн эсэргүүцэж, Төр засгаас шударга үнэнийг нийтээрээ нэхэгч байж чадаж байна” хэмээв.

Үнэхээр монголчууд бид хэрсүүжлээ. Үүнээс цааш авлига, шударга бус үйлдэл гэж байхааргүй болтлоо л юм үзлээ. Тиймээс шинэ эргэлтийн цаг ирж, улс орон маань зөв замдаа орж буй итгэл найдварыг тээв. Ирэх цаг хугацаанд гэмт этгээдүүд хариуцлагаа хүлээж, ард түмэнд учруулсан хохирлоо барагдуулж, шударга ёсыг тогтооход УИХ-ын даргын шинэ оны босгон дээр хэлсэн үг нотлох баримт, нөгөө талаар амлалт болж байна.

УИХ-ын даргын үгнээс онцлох ишлэлүүдийг хүргэе.

  1. Авлигын эсрэг ялын бодлого эрс чангарсан, төрийн хяналт шалгалтын хууль хуульчлагдсанаар, гэм буруутнууд ээлж дараалан илэрсээр байна..
  2. Тогтвортой, сайн засаглалын төлөө эрх мэдлийн төвлөрлийг задалж, парламентын гишүүдийнхээ тоог нэмж, бүсчилсэн хөгжлийн төлөө сонгуулийн тойргоо томсгож чадлаа.
  3. Эдийн засагт эерэг өөрчлөлт гарч, нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн 5800 ам.доллар болж, эдийн засгийн өсөлт 6.8 хувьд хүрсэн.
  4. Төрийн эрх барих дээд байгууллага УИХ шинэчлэл өөрчлөлтөд манлайлан оролцлоо. Үйл ажиллагаагаа цахимжуулж, иргэдийн засаглах эрхийг дижитал хэлбэрээр баталгаажуулсан.
  5. Дэлхийн уур амьсгалыг тодорхойлогч “чимээтэй” хүчирхэг хөршүүдийн дунд бид “чимээгүй” ардчиллыг бэхжүүлсээр байна. Бидний Ардчиллын хүч бол Парламентын засаглал юм.
  6. Бид тун ойрын хугацаанд эдийн засгийн суурь реформуудыг эхлүүлж шаардлагатай байна. Манай төрийн санхүү, татварын тогтолцоо гажуудаж, тэгш бус, урвуу хамааралтай байгааг засах ёстой. Ингэж байж хэрэглэгч биш, бүтээгч үндэстэн болох боломж үүснэ.
  7. Ардчилсан нийгмийн эмх цэгцгүй хөдөлгөөн бол цэгцрэх хөдөлгөөний эхлэл юм. Шинэчлэлийн энэ эрчимжсэн инерцийг хэн ч тогтоож дийлэхгүй. Тиймээс нэгэнт эхэлсэн “цэгцрэх” хөдөлгөөний эрчийг алдуулалгүй, улс орноо гажуудлаас гарган, тогтвортой хөгжлийн замд оруулах чухал цэгцрэх үйл хэрэгт уриалъя.

 

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …