Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль болон Зөрчлийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хэрэгжиж эхэлж байгаатай холбогдуулан Хууль зүй, дотоод хэргийн яамнаас мэдээлэл хийлээ.
Хууль зүй, дотоод хэргийн сайдын зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ “Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын гэмт хэргийг Зөрчлийн хуулиар шийдвэрлэнэ.
Жолооч эхний удаа согтуурсан мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон бол жолоодох эрхийг нэг жилээр хасаж, 400 мянган төгрөгөөр торгоно. Эсвэл 7-30 хоног баривчилна.
Жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон бол Эрүүгийн хуулиар хариуцлага хүлээлгэнэ. Үүнд 1-3 жилээр жолоодох эрхийг хасаж, 2.7-14 хүртэлх сая төгрөгөөр торгох эсхүл 240-720 цаг нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэлх хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах эсхүл зургаан сараас гурван жил хүртэлх хугацаагаар хорино.
Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын гэмт хэрэг үйлдээд хүний эрүүл мэндэд хохирол учруулсан бол жолоодох эрхийг 1-3 жил хасах, 2.7-14 хүртэлх сая төгрөгөөр торгоно, эсхүл 240-720 цаг нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэлх хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулна.
Согтуурсан, мансуурсан, жолоодох эрхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан бол жолоодох эрхийг 3-5 жил хасах, зорчих эрхийг 1-3 жилээр хязгаарлах, эсвэл 1-3 жилээр хорих ял оногдуулахаар Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулсан.
Харин согтуурсан, мансуурсан үедээ машин жолоодож яваад хоёр ба түүнээс дээш олон хүний амь насыг хохироосон бол жолоодох эрхийг 8-12 жил хасаж, 2-8 жилээр хорих ял оногдуулна”гэв.