Биеийн тамир, спортын улсын хорооны дарга О.Баттулга, Монголын хүүхдийн ордны захирал Б.Цэнгэлмаа, МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжав нар өнөөдөр хамтран ажиллах санамж бичиг байгуулав.
Энэ хүрээнд өсвөрийн бөхийг бага наснаас нь мэргэжлийн түвшинд бэлтгэх сургалтыг явуулах, бөхийн залгамж халааг үргэлжлүүлэх, тэдний бие бялдарыг хөгжүүлэх, спортоор дамжуулан монгол бөхийн хөгжилд хувь нэмэр оруулах, нийгэмд нөлөөлөх эерэг хандлагын нэмэгдүүлэх, хамтын ажиллагааг өргөжүүлэхийг тусгажээ.
Улмаар хүүхэд багачуудын дунд монгол бөхийн хөгжлийг дэмжих, залгамж үеийг бэлтгэх зорилгын хүрээнд Монгол бөхийн өргөөний Их танхимд үндэсний бөх, самбо бөхийн дугуйланг үнэ төлбөргүй болгож байна.
Тус арга хэмжээний үеэр БТСУХ-ны дарга О.Баттулга хэлсэн үгэндээ “Хүүхэд багачуудыг спортоор хичээллэх, эрүүл чийрэг байлгах, спорт руу татан оруулах хүрээнд санамж бичиг байгууллаа. Биеийн тамир, спортын улсын хорооны зүгээс тухайн ордны спортын дугуйланд хүүхэд багачууд хамрагдах, тэмцээн уралдаанд оролцоход нь дэмжлэг үзүүлж, заал танхимаар хангахаар зорьж байна” хэмээн тодотгов.
Нийслэлийн 2021-2025 оны үндсэн чиглэлийн хүрээнд орчин үеийн спортын олон улсын стандартад нийцсэн усан бассейн, жүдо, үндэсний бөх, чөлөөт бөх, таеквондо, ширээний теннис, сагсан бөмбөг, волейбол, бадминтон, иог, уран гимнастик, уран нугаралт зэрэг сургалт мэргэжлийн таатай орчныг бүрдүүлэхээр олон улсын стандартад нийцсэн Спорт цогцолбор барихаар төлөвлөж байгаа юм байна.