БОХХААБХ:Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив

Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаан /2023.07.04/ 14 цаг 39 минутад гишүүдийн ирц бүрдсэнээр эхэлж,  зургаан асуудал хэлэлцэн шийдвэрлэв.

Хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ даргалсан бөгөөд хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулсан.

Хуралдааны эхэнд Засгийн газраас 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2022 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2022 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан, “Монгол Улсын 2022 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.

Байнгын хороонд харьяалагдах төсвийн ерөнхийлөн захирагчдын санхүүгийн нэгтгэсэн тайлан, төсвийн гүйцэтгэл болон улсын төсвийн хөрөнгө оруулалтын үр дүнд хийсэн аудитын дүгнэлтийг Монгол Улсын Ерөнхий аудиторын орлогч Ц.Наранчимэг танилцуулсан.

Тэрбээр танилцуулгадаа, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2022 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд 92 тайлан нэгтгэснээс 77 байгууллагын санхүүгийн тайланд дүгнэлт гарган 15 байгууллагыг аудитын түүвэрт хамруулж, аудитаар “Хязгаарлалттай” дүгнэлт өгсөн бөгөөд харьяа 70 байгууллагын санхүүгийн тайланд “Өөрчлөлтгүй”, зургаан байгууллагын санхүүгийн тайланд “Хязгаарлалттай”, нэг байгууллагын санхүүгийн тайланд “Сөрөг” дүгнэлт өгсөн гэв.

Мөн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2022 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд 64 тайлан нэгтгэснээс 60 байгууллагад дүгнэлт гаргаж, дөрвөн байгууллагыг аудитын түүвэрт хамруулж, аудитаар “Хязгаарлалттай” дүгнэлт өгсөн бөгөөд харьяа 48 байгууллагад “Өөрчлөлтгүй”, 10 байгууллагад “Хязгаарлалттай”, хоёр байгууллагад “Сөрөг” дүгнэлт өгсөн гэж байлаа.

Түүнчлэн тэрбээр аудитын дүгнэлтэд үндэслэн цаашид анхаарах асуудлыг танилцуулав. Тухайлбал, төсвийн ерөнхийлөн захирагчдын хэрэгжүүлсэн хөтөлбөр, хөтөлбөрийн үр дүн, чанар, тоон хэмжээг төсвийн гүйцэтгэлтэй уялдуулан хяналт шинжилгээ, үнэлгээ хийж баталгаажуулахгүй байна. Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, 2021-2025 оны хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн шалгуур үзүүлэлт, хүрэх түвшин тодорхойгүйгээс улс, орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлсэн төсөл, арга хэмжээний үр дүнг бодитой үнэлэх боломжгүй байна. Төсөл, арга хэмжээний гүйцэтгэл, хэрэгжилтэд тавьж буй захиалагчийн болон зохиогчийн хяналт үр дүнгүй, төсвийн ерөнхийлөн захирагчдын дотоод аудитын нэгж нь хөрөнгө оруулалтын үйл ажиллагаанд хяналт хийхгүй байгаа нь зөрчил арилахгүй байх гол шалтгааны нэг болж байгааг танилцуулгад дурдсан.

Гадаад, дотоод зээлийн эх үүсвэр болон Засгийн газрын тусгай сангийн хөрөнгөөс иргэн, хуулийн этгээдэд олгосон зээлийн мэдээллийг Монголбанкны зээлийн мэдээллийн санд байршуулаагүйгээс хэд хэдэн эх үүсвэрээс давхардуулан зээл аван зээлийн баталгаа чанаргүй болж, гэрээний үүргээ хэрэгжүүлэхгүй, зээлийн эх үүсвэр бүрдэхгүй байх эрсдэл нэмэгдэж байна. Төсөвлөлтийн шаардлага хангахгүй төсөл, арга хэмжээг санхүүжүүлж байгаа нь хөрөнгө оруулалтын үр өгөөж буурах, мөн төсөвт ачаалал үүсэж буй талаар жил бүр хийгдэж буй аудитын өгсөн дүгнэлт, зөвлөмжийг хэрэгжүүлэхгүй байгаа нь Төсвийн тухай хуульд заасан төсөвлөлтийн шаардлагыг хангахгүй зөрчсөн хэвээр байна  гэдгийг Монгол Улсын Ерөнхий аудиторын орлогч Ц.Наранчимэг онцлон тэмдэглэлээ.

Үргэлжлүүлэн Монгол Улсын 2022 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2022 оны санхүүгийн нэгтгэсэн тайлангийн талаарх танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун хийв.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байсангүй тул энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд танилцуулахаар тогтлоо.

Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив

Дараа нь Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ нарын таван гишүүнээс 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдөр өргөн мэдүүлсэн Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Тариалангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Төсөл санаачлагч гишүүн Н.Ганибал танилцуулгадаа, Манай орны хөдөө аж ахуйн газрын хэмжээ сүүлийн 50 гаруй жилийн хугацаанд ойролцоогоор 15.0 орчим сая.га-аар буурсныг онцлоод хөдөө аж ахуйн зориулалтай 119,254.221 га талбай байгаагаас бэлчээрийн талбай 116.627,574, хадлангийн талбай 634.505, тариалангийн талбай 1.171,512, атаршсан газар 238.832, хөдөө аж ахуйн барилга, байгууламжийн дэвсгэр газар 106.339, ашиглалт муутай газар 475.456 га байна. Газрын нэгдмэл сангийн 2021 оны улсын нэгдсэн тайланд дурдсанаар улсын хэмжээнд 80.033 га талбай бүхий өвөлжөө, хаваржааны газрыг 137.914 иргэн эзэмшиж байна гэв.

Мөн бэлчээрийн мониторингийн 2016 оны мэдээллээр, мониторингийн бүх цэгийн 42 хувь нь төлөв байдлын хувьд “соргог” буюу “талхлагдаагүй”, 13.5 хувь нь сул, 21.1 хувь нь дунд зэрэг, 12.8 хувь нь хүчтэй талхлагдсан, харин 1.3 хувь нь сэргэлтгүй талхлагдсан бөгөөд тайлангийн суурь он буюу 2014 оныхтой харьцуулбал, бэлчээрийн талхлагдлын түвшин сүүлийн хоёр жил өссөн дүнтэй, талхлагдаагүй болон сул талхлагдсан гэж ангилагдсан цэгийн тоо 10 хувь буурч, хүчтэй болон сэргэлтгүй талхлагдсан цэг 4.3-5.9 хувиар тус тус нэмэгдсэн гэж тогтоогджээ хэмээлээ.

2002 онд батлагдсан Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлд “Иргэнд гэр бүлийнх нь хамтын хэрэгцээнд зориулан хувийн гэр, орон сууцны хашаа барих зориулалтаар 0.07 га-гаас илүүгүй, хүнсний ногоо, жимс, жимсгэнэ, таримал ургамал тарих зориулалтаар 0.1 га-гаас илүүгүй газар үнэ төлбөргүй эзэмшүүлж болно”, “Багийн иргэдийн нийтийн хурлын санал, сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын шийдвэрийг үндэслэн, тариалангийн газрыг газар тариалангийн салбарт олон жил тогтвортой ажилласан иргэнд гэр бүлийнх нь хамтын хэрэгцээнд зориулан Засгийн газраас тогтоосон журмын дагуу давуу эрхээр эзэмшүүлж болно. Нэг иргэнд давуу эрхээр эзэмшүүлэх тариалангийн газрын хэмжээ нь үр тарианы зориулалтаар 100 га хүртэл, төмс, хүнсний ногооны зориулалтаар 5 га хүртэл байна” гэж тус тус заасан байдаг. Дээрх хуулийн заалтаас үзэхэд иргэнд төмс, хүнсний ногоо, таримал ургамлын зориулалтаар олгогдох газрын хэмжээ 0.1 га-гаас илүүгүй байх бөгөөд зөвхөн газар тариалангийн салбарт олон жил тогтвортой ажилласан иргэн 0.1 га-гаас илүү хэмжээгээр үнэ төлбөргүй газар эзэмших эрхтэй байна. Өөрөөр хэлбэл, иргэн газар тариалангийн салбарт олон жил тогтвортой ажиллаагүй бол 0.1 гаг-аас илүү хэмжээгээр газар үнэ төлбөргүй эзэмших эрхгүй юм. Мөн Тариалангийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.5 дахь хэсэгт заасны дагуу атар газрыг тариалангийн зориулалтаар эзэмшүүлэх, ашиглуулахыг хориглосон тул сум, орон нутгийн иргэдэд төмс, хүнсний ногоо, таримал ургамал тарих зориулалтаар эзэмшүүлэх эрх зүйн зохицуулалт нь учир дутагдалтай байна. Хөдөө аж ахуйн газрын ашиглалт, хамгаалалтыг сайжруулах, бэлчээрийн доройтол, хүнсний аюулгүй байдал, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, иргэдийн амьдралын түвшинг сайжруулахын тулд уг хуулийн төслийг боловсруулсан хэмээн төсөл санаачлагч танилцуулгадаа онцолсон.

 

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …