П.Ганхуягийн огцрох болсон шалтгаан буюу загас толгойноосоо…

логоТөрийн албыг төрлийн алба болгосон нь

Загас толгойноосоо эхэлж мууддаг гэдэг. Тол­гой нь муудчихвал цаа­шаагаа биеийн бусад хэсэг  тун  амархан хур­дан мууддаг гэсэн үг л дээ. Яг үүнтэй адил зарим аймагт төр, засгийн ажил алба гэдэг Засаг даргаасаа эхэлж муудаад байгаа нь эхнээсээ тодорхой болж, хамтдаа муудаад илжирч, ялзарчих вий гэж эмээсэн Иргэдийн хурал нь зо­ригтой шийдвэр гарган огцруулж байна. Түүний нэг жишээ нь Дорноговь аймаг.

Дорноговь аймгийнхан Засаг даргадаа итгэхгүй байх, огцруулах үндэслэл шалтгаан олон байсан аж. Хамгийн эхний энгийн бөгөөд бүхний нүдэнд ил байгаа нэг шалтгаан нь төрийн албыг төрлийн алба болгож эхэлсэн явдал.

-Дорноговь аймгийн Засаг даргын орлогчоор ажилладаг Галбадрах нь  П.Ганхуяг даргын бүл дүү нь.

-Туслах Ганзаяа П.Ган­хуягийн зээ дүү нь. Түү­нийг Улаанбаатараас аваа­чиж туслахаа болгожээ.

-Дорноговь аймгийн Төрийн сангийн дар­га   Эрдэнэсүрэн нь П.Ганхуягийн хувийн ком­па­­нийн ня-бо байсан хүн.

-Газрын харилцаа ба­рилга хот байгуулалтын газрын  даргаар П.Ганхуяг­тай нэг ангид суралцаж байсан Мөнхцэцэг ажил­ладаг.

-Үйлчилгээний газрын даргаар П.Ганхуягийн бүл дүү Галбадрахын төрсөн дүү Сайнзаяа ажиллаж байгаа бөгөөд тэрбээр хаа байгаа Дорнод аймгаас нүүдэллэн ирж дарга болжээ.

Эдгээр нь Дорноговийнхан захаас аваад ярьж байгаа баримтууд. Хүн болгоны мэдэж, бас хэлж байгаа энэ баримтууд П.Ганхуяг даргыг Төрийн албыг төрлийн алба болгосныг нь аяндаа нотлоод өгнө. Төрийн алба төрлийн алба болоод ирэхээр хэн хожиж, хэн хохирох нь ойлгомжтой шүү дээ. Бүл дүү нь гол төлөв тендерийн комиссыг даргална, гишүүдэд нь Засаг даргын ангийн хүүхэд, садан сүлбээнийхэн ороод тэгээд ч зогсохгүй мөнөөх тендерт шалгарч байгаа нь бас л Засаг даргатай холбоотой но-той нөхөд байхаар  тендер шударга болдог гэж хэн итгэх юм бэ.

Нөгөө талаараа өөрийнхөө эргэн тойрны хүмүүст ингэж давуу эрх олгоод байгаагийн цаана уг нь гадаад дотоод явж галуу шувууны мах чамгүй идсэн гэж өөрийгөө магтдаг мань Засаг дарга П.Ганхуягийн ёс суртахууны уналт доройтол гэдэг юм аяндаа харагдаад байгаа гэсэн үг л дээ. Ардчилсан Ерөнхийлөгч маань ёс суртахууны энэ уналтаас төрийн ажил албыг ангид байлгахын тулд л “Том төрөөс ухаалаг төр рүү” хэмээн уриалж, зарим албан тушаалтан төрийн албыг төрлийн алба болгож байна гэж шүүмжлээд байсан. Тэрхүү “зарим албан тушаалтан”  гэдэг дотор  П.Ганхуяг дарга багтаж байж гэдэг нь өөрийгөө тойруулаад хамаатан садан найз нөхдөө томилчихсон томилгоонууд нь гэрчилнэ.

Төрийн албыг төрлийн алба болгосон Засаг даргаа огцруулсан Дорноговийн ИТХ-ын шийдвэр нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн ухаалаг бас иргэдээ үйлчилдэг төртэй болох гэсэн уриалгатай яв цав нийцэж байгааг бас хэлэх нь хэрэгтэй биз ээ.

Бусдыг хэрэгтэн болгохоос гадна өөрийнхөө хүү, охиныг хууль бусаар юм хийх зам руу,,,

Нутгийхан нь П.Ганхуяг даргыгаа Улаанбаатарт  цэцэглэсэн газрын наймааг урагшаагаа Дорноговь руу импортолсон хүнээр  аль эрт тодруулжээ. Ямар сайндаа л үүнээс нь болоод “Газар л харвал хашаалчихдаг Засаг дарга” гэдэг хоч, имижтэй болох вэ дээ. Дорноговь аймгийн төвд аштайхан ямар газар байна эзэн нь тодорхой, П.Ганхуяг даргын ах дүү, хамаатан садан.  Ямар ч гэсэн Засаг дарга П.Ганхуягийг тойрсон арваад хүний нэр дээр нийтдээ 400 га газар олгогдсон байдаг бөгөөд  уг газрууд хэрхэн яаж түүний гарт орсон нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд хүрсэн билээ. Түүний хийсэн будлианаас болоод хөндлөнгийн хүмүүс хэрэгт орчихоод шүүгдэгчийн сандалд сууж байна.

Тодруулбал, Ханги мандал хилийн боомтын гаалийн хяналтын талбай буюу ачаа шилжүүлэн ачих талбайн зориулалтаар иргэн, аж ахуйн нэгжид 200 га, гадаадын компанид 100 га газрыг ашиглуулах төсөл сонгон шалгаруулалтыг зохион байгуулахдаа албаны эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, сонгон шалгаруулалтад ирсэн төсөл тус бүрээр давуу болон сул талыг тодорхойлолгүй, төсөл бүрийн нийлбэр оноог гаргаж товч тодорхойлолт гаргалгүй, Дорноговь аймгийн Засаг дарга П.Ганхуягийн хүү Г.Гантулгын “Блэкстоун Ложистик” ХХК, ,,, гэх мэтээр албан тушаалтнуудын хамаатан садан найз нөхдийн компанийг шалгаруулж, улсад хүнд хор уршиг учруулсан гэмт хэрэгт Х.Батцэцэг, Ч.Хишигбат, З.Чимэдцэрэн нар холбогдож шүүгджээ.  Хүмүүс ингэж өөрсдийн нь өмнөөс шүүгдэж байхад Ганхуягийн хүү Гантулга “Би тэр үед гадаадад байсан, манай найзууд л оролцсон, би хамаагүй, манай аав ч бас хамаагүй” гэж мэдүүлэг өгсөн байна. Түүнээс гадна мөн П.Ганхуягийн охины хувь эзэмшдэг компани ч Замын-Үүдэд их хэмжээний газрыг тендергүйгээр авсан тухай асуудал ч хөндөгдөөд байгаа.

Ингэж бусдыг хэрэгтэн болгохоос гадна өөрийнхөө хүү, охиныг хууль бусаар юм хийх зам руу хөтлөн оруулж ирж байгаа нь эцэг хүний үрдээ үлгэрлэх зөв арга мөн үү. Чухамхүү хүн чанар хийгээд ёс суртахууны ийм хэм хэмжээтэй гэдгийг нь мэддэг болохоороо түүнийг нутгийнхан нь дэмждэггүй байж. Тэрбээр өөрийнхөө төрсөн сум Хөвсгөлөөс аймгийн ИТХ-д өрсөлдөөд 2008 онд унаж байсан, бас 2011 онд Сайншандад нөхөн сонгуульд үзээд бас л бараагүй нэгэн. Төрөлх сумаасаа аймагтаа бараагүй хүн Их Хуралд бол бүр барахгүй нь мэдээж.

Тиймээс 2012 онд орон нутгийн сонгуулиар жагсаалтаар гарч ирж, Засаг дарга болжээ. Өөрөө нутагтаа сонгуульд өргөн олны дэмжлэг авч чаддаггүйгээс гадна өөрийнхөө намын нөхдийн эсрэг ажилладаг гэдэг шүүмжлэл бас л П.Ганхуягт хаяглаастай байдаг. 2012 онд АН сонгуулиар олонх болоход Ардчилсан намын Засаг даргатай АН Дорноговьд ялагдаж.

2013 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар улсын хэмжээнд Ц.Элбэгдоржийн төлөө хамгийн бага санал өгсөн аймаг нь Дорноговь байсан гэх мэт. П.Ганхуяг зөвхөн өөрийнхөө төлөө ажилласан учраас л ийм дүн гарч байна.  Даргадаа бялдуучлаад “та хөөрхөн сайхан байна” гэж худлаа яриад байлгүй, бурууг нь хэлээд алдааг нь засахын тулд огцруулъя гэж гаргасан Дорноговийн ИТХ-ын шийдвэр ухаалаг төртэй болох алхаа орон нутгаас эхэлж байгаа гэдгийг харууллаа гэж зарим тоймч дүгнэж байна. Ухаалаг төрийг өөрсдөөсөө эхэлж байгаа Дорноговийн ИТХ-ын шийдвэрийг Ерөнхий сайд Н.Алтанхуяг батламжлах нь гарцаагүй биз ээ. Ухаангүй, төрлийн албыг сонгох эрх угаасаа АН-ын Ерөнхий сайд Н.Алтанхуягт байхгүй.

Д.Даш

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …