Хүүхэд залуучуудын театр 4-р сарын 25-нд нээлтээ хийнэ

Хүүхэд залуучуудын театр 1967 онд байгуулагдаж, 1997 онд хувьчлагдаж үгүй болсон байдаг. Тэгвэл тус театр өдгөө 27 жилийн дараа эргэн хөшгөө нээж, хүүхэд залуучуудад уран бүтээлээ толилуулахад бэлэн болжээ.

Уг ажил 2018 онд эхэлсэн бөгөөд анх одоогийн хотын дарга Х.Нямбаатар өөрийн сонгогдсон тойрогтоо дүүргийн соёлын төв нэрээр төсөвт суулгуулж, газар чөлөөлөлтийг нь шуурхайлж, шавыг нь тавьж байжээ.

Улмаар 2021 оны 06 дугаар сарын 01-нд Засгийн газрын хуралдаанаар Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн тавдугаар хороо, Ханын материал орчимд баригдаж буй дүүргийн соёлын ордныг Хүүхэд, залуучуудын театр болгон үйл ажиллагааг нь өргөтгөх шийдвэр гарч байв. Тэгвэл тус театр энэ сарын 25-нд өндөр үүдээ нээж, хөшгөө татахад бэлэн болсон байна.

Нийслэлийн хамгийн их хүн амтай Сонгинохайрхан дүүрэг тэр дундаа, Ханын материал орчимд баригдаж буй нь өөрөө онцлог. Зөвхөн Сонгинохайрхан дүүргийн 330 мянган иргэн төдийгүй нийт хүүхэд, залуучуудад дэлхийн театр, урлагийн соёлыг түгээх, сонгодог болон үндэсний урлагаа уламжлан хөгжүүлэх, уран сайхны бусад урсгал чиглэлийг танин мэдэх боломж олгох юм.
Театрын уран бүтээлчид  нээлтээрээ залуучуудад зориулан Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Батбаярын “Хайрыг хайрла” уянгын драмын жүжгээр хөшгөө нээх юм байна.

Тус театр 760 хүний суудалтай, орчин үеийн олон улсын стандартад нийцсэн техник тоног төхөөрөмжтэй аж. Нээлтийн арга хэмжээ 2024 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 14:00 цагт болох бөгөөд Театрын урлагийн ахмад уран бүтээлчид болон үзэгч та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.

Ugluu.mn

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …