Л.Хосбаяр:Хог хаягдлыг дахин боловсруулах төслүүдийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлнэ

Зүүн Хойд Азийн хотын дарга нарын VI чуулга уулзалт Улаанбаатар хотноо үргэлжилж байна. Энэ удаагийн чуулга уулзалт “Зүүн хойд Азийн хотуудын тогтвортой хөгжил, төр, хувийн хэвшлийн түншлэлийг дэмжин хэрэгжүүлэх нь” сэдвийн дор хэлэлцэж байгаа юм.

Нийслэлийн засаг даргын Нийгмийн салбар, Ногоон хөгжил болон агаар,орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч Л.Хосбаяр “Улаанбаатар хотын хог хаягдлын менежмент” сэдвээр илтгэл тавилаа.

Тэрбээр илтгэлдээ, “Хотжилтын хамгийн том асуудлын нэг нь хог хаягдал болоод байгаа. Улаанбаатар хотын хувьд ч энэ нь тулгамдсан асуудлын нэг. Манай  хотын төвлөрсөн хогийн цэгүүдэд жилдээ 1.5 сая тонн хог хаягдал ирдгээс ихэнхийг нь буюу 80 гаруй хувийг нь ландфильд дарж булж байна. Сүүлийн таван жилд хог хаягдал 18.3 хувиар өссөн нь хотжилтын эмзэг сэдэв юм. Энэ хог хаягдлын ердөө 11.4 хувийг нь л дахин боловсруулалтад оруулдаг. Дахин боловсруулалтад оруулдаг хог хаягдлын хувь хэмжээг ихэсгэх нь үндсэн зорилт болж байна. Энэ хүрээнд 2040 он гэхэд нийт хог хаягдлынхаа хамгийн ихдээ найман хувийг л ландфильд булах зорилго тавин ажиллаж байна. Хог хаягдлыг дарж булах биш, дахин боловсруулалтад оруулах талаар эрх зүйн баримт бичгүүддээ манай улс харьцангуй сайн тусгасан.

“Алсын хараа 2050”, “Шинэ сэргэлтийн бодлого”, Засгийн газрын 2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр зэрэгт хог хаягдлыг дахин боловсруулах, хог хаягдлаас эрчим хүч үйлдвэрлэж хүлэмжийн хийг бууруулах тухай тодорхой заасан байдаг. Дэлхийн улс орнуудын сайн жишгийн адилаар Монгол Улс, Улаанбаатар хот хог хаягдлыг дарж булахаас дахин боловсруулалт руу гэсэн зарчмыг барин ажиллаж байна.

Хог хаягдлаас эрчим хүч гаргах, дахин боловсруулах төслүүдийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлнэ. Энэ оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуульд энэ тухай тодорхой заасан байдаг. Товчхон хэлэхэд төрийн хяналт, хувийн хэвшлийн ур чадварыг хослуулан инновацыг дэмжиж ажиллана. Зүүн хойд Азийн хотуудын шинэлэг шийдэл, шилдэг туршлага, сургамжийн талаар санал солилцсоноор амьдрахад илүү таатай, хүлэмжийн хийг бууруулж чадах, байгальд ээлтэй хотыг бүрдүүлэхийн төлөө хамтран ажиллах боломж нээгдэнэ. Би дараах саналыг илтгэлийн төгсгөлдөө дэвшүүлж байна.

  1. Хог хаягдлын тухай болон Сууц өмчлөгчдийн тухай хууль зэрэгт өөрчлөлт оруулж хог хаягдлын менежментийг илүү тодорхой, оновчтой байдлаар тусгах хууль зүйн шаардлага байна.
  2. Хог хаягдлыг боловсруулдаг үйлдвэрүүдийг төрийн бодлогоор дэмжих шаардлагатай байна.
  3. Хаягдалгүй технологи нэвтрүүлсэн иргэн, аж ахуйн нэгж байгууллагыг төрийн бодлогоор дэмжих хэрэгтэй.
  4. Дэвшилтэт технологи бүхий үйлдвэр байгуулах шаардлага бий.
  5. Бид жилд дахин боловсруулж чадаж байгаа 11.4 хувиа нэмэх төрийн бодлого хэрэгжүүлэхийн зэрэгцээ одоо байгаа тогтолцооны менежментийг сайжруулах шаардлагатай.

Хуралд оролцож буй зочдоо хотуудын хамтын ажиллагааг эрчимжүүлэх, хамтран ажиллахыг уриалж байна. Энэ ч хүрээнд төр хувийн хэвшил, гадаад хамтын ажиллагааг сайжруулах замаар Улаанбаатар хотын хог хаягдлын асуудалд хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна” гэлээ.

Зүүн Хойд Азийн хотуудын өмнө тулгамдаж буй нийтлэг асуудал, хотуудын сайн туршлагыг сурталчлан таниулах, цаашид хамтдаа хөгжих, бүс нутгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор энэхүү чуулга уулзалтыг 2014 оноос уламжлал болгон хоёр жил тутамд зохион байгуулдаг. Чуулга уулзалт үргэлжилж байна.

 

 

Санал болгох мэдээ

Барилгын хог хаягдал дахин боловсруулах үйлдвэрийг ашиглалтад орууллаа

Улаанбаатар хотын хэмжээнд төвлөрсөн гурван хогийн цэгт жилд дунджаар 1.4 сая орчим тонн хог хаягдал …