2024-2025 оны хичээлийн жилийг Монголын багш нар Үндсэн хуулиа судалж мэдэх жил болгон зарлав

УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяагийн санаачилгаар Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбоо, Иргэдийн шударга шүүх ТББ хамтран 2024-2025 оны хичээлийн жилийг “Монголын багш нар Үндсэн хуулиа судалж мэдэх” жил болгон зарлалаа.

Энэ талаар УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа, Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Д.Мөнхбаатар, Иргэдийн шударга шүүх ТББ-ын тэргүүн Х.Бат-Ялалт нар өнөөдөр Төрийн ордонд мэдээлэл хийв.

Сүүлийн 30 гаруй жил манай улсад Үндсэн хуулийг хууль дээдлэх, сахин биелүүлэхэд иргэдийн мэдээлэл хангалтгүй явж ирснийг УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа онцоллоо. Иргэд Үндсэн хуулиа сайн мэдэхгүйгээс төр, иргэний хоорондын зөрчил гарч, улмаар иргэдийн эрх зөрчигдөх, эдийн засаг, нийгмийн баталгаанд олон сөрөг үр дагавар үүсэж байгааг тэмдэглэв. Иймд Анхдугаар Үндсэн хуулийг баталсны 100 жилийн ойг тохиолдуулан 2024-2025 оны хичээлийн жилийг “Монголын багш нар Үндсэн хуулиа судалж мэдэх” жил болгон зарлах шаардлага байгааг тодотгов.

 

Ингэснээр, багш нараар дамжуулан сурагч, хүүхэд багачууд Үндсэн хуулиа мэдэж, сахин биелүүлж төлөвших, цаашлаад иргэдэд Үндсэн хуулийг таниулах чухал ач холбогдолтойг Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Д.Мөнхбаатар хэвлэлийн хурлын үеэр онцоллоо.

Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Д.Мөнхбаатар, “Монгол Улс Анхдугаар Үндсэн хуулиа баталсны 100 жилийн ойтой холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч хичээлийн шинэ жил буюу 9 дүгээр сарын 1-ний өдөр “Үндсэн хууль” сэдвээр цахим хичээл заах юм байна. Энэ ойг тохиолдуулан УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяагийн санаачилгаар Орон даяар бүх сургууль, цэцэрлэгийн багш нарт Үндсэн хуулийг сурталчлах ажлыг хийхээр төлөвлөж байна. Үндсэн хуулийн 17 дугаар зүйлд иргэн бүр Үндсэн хуулиа дээдлэн сахина гэж заасан. Төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим нь хууль дээдлэх гэж заасан. Иргэд хуулиа танин мэдэхгүйгээс хүний эрхийн зөрчил, эдийн засаг, нийгмийн баталгаагаа хангаж чадахгүй зэрэг олон сөрөг үр дагавар байна. Тиймээс энэ санаачилгыг дэмжих нь зүйтэй гэж үзсэн” хэмээв.

Иргэдийн шударга шүүх ТББ нь 2010 оноос эхлэн Үндсэн хуулийн дугуйлан төслийг санаачилж 21 аймгийн удирдлагаас эхлээд УИХ, ҮАБЗ-д танилцуулсан. Улмаар 2023 оны долоодугаар сарын 6-ны өдөр Анхдугаар Үндсэн хуулийн 100 жилийн ойн хүрээнд “Бүх нийтээр Үндсэн хуулиа эрхэмлэн дээдлэх үзэл санааг сурталчлан түгээх” тухай УИХ-ын 64 тоот тогтоол гарсан байна. Гэвч энэхүү тогтоолын хүрээнд дорвитой ажил, санаачилга байхгүй байгааг шүүмжлэв. Харин багш нарын эрх ашгийг хамгаалах чиглэлд тууштай тэмцэж ирсэн УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа саналыг дэмжиж, хамтын ажиллагаагаа албан ёсоор эхлүүлж байгаад талархаж буйгаа Иргэдийн шударга шүүх ТББ-ын тэргүүн Х.Бат-Ялалт тэмдэглэв.

Тэрбээр, “Цаашид багш нараар дамжуулан нийт сурагч, хүүхэд багачуудад, цаашлаад бүх насны хүмүүст Үндсэн хуулийн сургалтын төв байгуулах чиглэлд ажиллах боломж бүрдэж байна гэж харж байгаа. Үндсэн хууль мэдэгтүн, сахигтун гэсэн хоёр үгээр төгсдөг. Үндсэн хуулиа иргэд мэдэхгүй, мөрдөхгүй байгаагаас төр, иргэний хооронд зөрчил үүсдэг. Энэ нь Үндсэн хуулийг таниулан сурталчлах ажил хангалтгүй байгааг илтгэдэг” хэмээгээд сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтнуудыг энэхүү санаачилгыг дэмжиж ажиллахыг хүслээ.

 

Санал болгох мэдээ

Хамтарсан ажлын хэсэг байгуулж, хөрсний ус зайлуулах ажлыг зохион байгуулна

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнөөр төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хийж буй ажлууд, камерын нэгдсэн …