Д.Сарангэрэл: АН-ыг муухай харагдуулъя гэвэл чимээгүйхэн инээх байлаа

УИХ-ын гишүүн Д.Сарангэрэлтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

МАН-ын гишүүд саяхан 21 аймаг, 9 дүүрэгт ажлаад ирлээ. Иргэд танай намыг сөрөг хүчнийхээ үүргийг сайн биелүүлж чадахгүй байна гэж нэлээд шүүмжилсэн гэж сонслоо?  

Сөрөхийн тулд сөрөөд, эрх баригч АН-ыг муухай харагдуулъя гэх юм бол бид буруу зөрүү яваад байгааг нь засахгүй, ханцуйн дотроо чимээгүйхэн тэгж л байг гэчихээд инээгээд сууж байж болно шүү дээ. МАН бол 90 гаруй жилийн түүхтэй, тулхтай, туршлагтай нам. Ард түмэн зовж зүдрэхээрээ манай намыг тулдаг, түшдэг. Хэдийгээр бид 2012 оны сонгуулиар олонхи болоогүй ч гэсэн 40 гаруй хувь нь манай намд саналаа өгсөн. Нийгмийн хариуцлагатай улстөрийн хүчний хувьд улстөрийн эрх ашгаа хожоо болгохгүй. Ардын нам айхтар хатуу байр суурьтай байгаагүйсэн бол цалин нэг ч төгрөгөөр нэмэгдэхгүй, оюутнууд 70 мянган төгрөгөө авч чадахгүй байх байсан, мөн Монгол Улсын гадаад өрийн босго ДНБ-ийн 60 хувьтай тэнцэх хэмжээнд очих байсан. Энэ талаас нь харах юм бол бид сөрөг хүчнийхээ үүргийг хангалттай биелүүлж байгаа. Гэхдээ үүнийг ард иргэд хангалтгүй гэж үзэж байгаа учраас бид өшөө илүү сайн ажиллах ёстой гэж үзэж байна.

Таны хувьд сөрөг хүчин гэдгийг аль утгаар нь ойлгодог юм бэ?

Сөрөг хүчин гэдэг сөрөхийн төлөө байдаг гэж би ойлгодоггүй. Хэрэв хэлж байгаа үг, хийж байгаа үйлдэл нь хүн хэсгийн талд байх юм бол аль намынх ч бай, нам бус ч байсан би тэр үйлдлийг нь дэмжээд явна. Тийм учраас манай намын хүн биш учраас энэ хүн хэдий зөв юм яриад байгаа ч би дэмжихгүй гэсэн мухар сүсэгтэй байж болохгүй л дээ. Тэгэхээр сөрөг хүчнийхээ үүргийг шударга биелүүлэх ёстой. Энэ нь ард түмний эрх ашигт нийцсэн чиглэлд ажиллах ёстой гэж ойлгодог.

МАН-ын шинэчлэл ямар байдлаар хийгдэж байна вэ?

Шинэчлэл гэдгийг ганцхан нам яриад байгаа юм биш. Манай сэтгүүлчдийн байгууллага л гэхэд дандаа шинэчлэлийг шаардаж байдаг. МҮОНТ шинэчлэл шаардаад тэнд асуудал үүсээд байна шүү дээ. Шинэчлэл гэдэг бол өөрөө салбар бүрт, өдөр бүр байнгын шаардагдаж байдаг. Тийм учраас дан ганц Монгол Ардын нам болохоо байчихаад, нөгөөдүүл нь шинэчлэл шаардаад байгаа хэрэг биш. Хэрэв тэнд амьд организм байгаа л бол байнгын хөдөлгөөн, байнгын дайчин байдал, байнгын идэвхитэй үйл ажиллагааг шаардах нь эрүүл үзэгдэл. Манай нам саяхан шинэчлэлийн их хурлаа хийж, удирдлагын шинэчлэлээ хийчихсэн. Одоо үйл ажиллагааны шинэчлэлийнхээ талд явж байна.

МАН-ын удирдлагууд өчигдөр бизнес эрхлэгчидтэй уулзсан. Бизнесийн орчин юунаас болоод хүндрээд байна вэ?

Монгол Улсын Ерөнхийлөгч саяхан “Том төрөөс ухаалаг төр лүү” гэсэн үндэсний зөвлөлдөх уулзалт зохион байгуулсан. Энэ уулзалтын өмнө намын бүлгүүдийн төлөөллийг оролцуулсан ажлын хэсэг гаргаж, их том судалгааны ажил хийсэн. Бизнес эрхлэгчдийн дунд явуулсан тэрхүү судалгаанаас үзэхэд 42 хувь нь “төр бизнес эрхлэгчдийн ажилд бүү саад бол” гэсэн дүн гарсан. Эндээс харахад төр, бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаанд хэт хөндлөнгөөс оролцож байгаа нь харагдаж байгаа юм.

Хөдөө орон нутагт ажиллахдаа бизнес эрхлэгчидтэй уулзсан уу. Тэд юу гэж ярьж байх юм?

Хөдөө орон нутаг дахь бизнес эрхлэгчдийн ярьж байгааг сонсоход сэтгэл өвдөж байсан. Хамгийн наад захын нэг жишээг хэлье. Ойрд миний санаанаас гарахгүй байгаа юм. Барилгын материалын бизнес эрхэлдэг нэг эмэгтэй байна. Тэр эмэгтэй урдаас нэг машин цемент оруулж иржээ.  Хэдэн цаг дараалал үүсгэж, бөөн асуудал болж байж арайхийн Хятад, наашлаад Монголын хилээр гараад иртэл Эрсдлийн албаны шалгалт ирээд түүнийгээ даваад байж байтал цагдаа давхиад очсон байгаа юм. Цагдаа яагаад саатуулдаг билээ гэтэл таны цемент дунд хар тамхи ачсан гэсэн мэдээлэл ирсэн гэж хэлээд бүтэн нэг сарын турш тэр цементыг нь шалгасан байгаа юм. Тэр хооронд өнөөх цемент нь нар салхи, бороо цасанд нороод алдагдал хүлээсэн юм билээ. Тэгээд нэг сарын дараа өө юу ч байхгүй байсан юм байна, цемент л байсан юм байна шүү дээ гэж хэлээд орхисон байгаа юм.

Бас нэгэн жишээ хэлье. Хоолны бизнес эрхэлдэг, амьдралаа дунд зэргийн аваад явж байгаа, 5-6 хүнийг ажлын байраар хангадаг нэг эмэгтэй байна. Гэтэл Мэргэжлийн хяналтын байгууллагаас тэр эмэгтэйг мөн л матаасаар шалгасан байгаа юм. Нохойны махаар хуушуур хийсэн гээд хагас сар хаалгыг нь барьчихсан. Тэгээд шалгаж шалгаж эцэст нь нохойн мах биш байжээ, үхрийн мах байсан байна гэсэн байгаа юм. Энэ хоёр эмэгтэй энэ бүхний дараа амьдрах хүсэлгүй болж байна гэж ярьж байсан. Энэ мэтчилэн жижиг ч бай, том ч бай бизнес эрхлэгчдэд маш их дарамт ирж байна. Төрийн үйлчилгээний байгууллагууд өөрсдийнхөө чиг үүргийг хянах, торгох, боох, хаах, хязгаарлах функцыг 90 хувьд нь хэрэгжүүлж байна. Одоо яах ёстой вэ гэвэл төрийн байгууллагууд мэргэжлийн туслалцаа үзүүлж, бизнесийг нь дэмжих чиглэлд үйл ажиллагаагаа явуулж байж бизнесийн орчин эрүүл болж, жижиг дунд бизнес цэцэглэж, ядуурал ажилгүйдэл буурна.

Төр хувийн хэвшилд дарамт үзүүлээд байдаг. Гэтэл Монгол Улсын нийт ажлын байрны дийлэнхийг хувийн хэвшил хангаж байгаа шүү дээ?

Тиймээ. Өнөөдөр төрийн албанд 208 мянган хүн л ажиллаж байна. Тэдгээрээс 161 мянга нь төрийн алба, яам, тамгын газарт, 47 мянга нь төрийн өмчит үйлдвэрийн газарт ажиллаж байгаа юм. Тэгэхээр ажил эрхлэх чадвартай хүмүүсийн зөвхөн 208 мянга нь төрийн албанд, үлдсэн нь хувийн салбарт ажиллаж байгаа гэсэн үг. Манай хувийн хэвшлийнхэн ажлын байрны 80 хувийг бий болгодог. ДНБ-ний 75 хувийг хувийн хэвшлийнхэн бий болгож байгаа. Гэтэл бид хувийн хэвшилдээ ямар ч дэмжлэг үзүүлэхгүй мөртлөө дарамт үзүүлээд байдаг. Дээрээс нь зээлийн өндөр хүү, давхардсан хяналт шалгалт, экспортын үйлдвэрээ дэмждэггүй байдал, монгол хүнээ ядуу байлгах гэсэн сонин тогтолцоо зэргийг өөрчлөх хэрэгтэй байна.

Эх сурвалж: www.aravt.mn

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …