Зэвсэгт хүчинд есөн шарга морио бэлэглэсэн Уяач Д.Жаргал

  Монгол төрийн есөн хөлт цагаан тугийг залах, цэнгүүлэхэд гол үүрэг гүйцэтгэдэг төрийн торгон сүрэгт өөрийн эрдэнэт адуун сүргээсээ зүс ижил, нас чацуу 9 шарга морийг тууж авчраад бэлэглэсэн Өвөрхангай аймгийн Богд сумын харьяат, аймгийн алдарт уяач Д.Жаргалыг энэ удаагийн дугаартаа онцолж байна. Үндэсний их баяр наадмын босгон дээр “Төрийн ажнай болог ээ” гээд есөн шарга хүлгээ туугаад ирсэн Д.Жаргал гуайд ЗХЖШ-ын дарга хошууч генерал С.Ганбямба тусгайлан талархал дэвшүүлж, хүлэг морьдыг нь ёс төртэй хүлээн авч, хүндэтгэл үзүүлсэн билээ.

-Юуны өмнө танд морьтон дайчдынхаа нэрийн өмнөөс талархал дэвшүүлье. Төрийн торгон сүргийн цусыг сэлбэхэд үнэтэй хувь нэмэр орууллаа .

    -Баярлалаа. Наадам бүрийнхээ нээлтийг үзэхдээ есөн хөлт цагаан тугийг залж яваа хүлэг морьдыг хараад бахархдаг, омогшдог хүний нэг нь би л дээ. Олон жил хурдан морины уяа сойлгыг тааруулж, наадмын дэнж, морины зэл, хөлстэй хусууртай ойрхон явсны хувьд дэндүү бахархалтай санагддаг юм. Өмнөөс нь наадмын талбай дээрх хөгжим дуу чимээнээс үргэх вий гэж хүртэл санаа зовно. Миний энэ омогшлыг анзаарсан уу яав, том хүү Ж.Хосбаяр гурван жилийн өмнө “Аав аа, хүлэг морьдоосоо төрийн торгон сүрэгт бэлэглэвэл ямар вэ” гэдэг санаачилгыг гаргаж, би ч дуртайяа дэмжсэн.

Гурван жилийн өмнөөс хүүгийнхээ зөвлөснөөр дэлийг нь засахгүйгээр зүс ижилсүүлэн бэлтгэсэн. Шарга гэдэг нь адуун дээр гурван өөр төрөл байдаг л даа. Бор, цагаан, улаан шарга гэж. Бид улаан шаргаар нь ижилсүүлэн бэлтгэсээр энэ жилийн Үндэсний их баяр наадмын өмнөхөн тууж авчраад бэлэглэсэн нь тэр. Хань С.Энхтуяа, хүү Ж.Хосбаяр, Ж.Давхарбаяр, бэр Энхномин, дүү нарынхаа хамтаар очиж хүлэг морьдоо гардуулж өгсөн. ЗХЖШ-ын Материал техникийн газрын Материал хангалтын хэлтсийн дарга хурандаа Ө.Тамир, Зэвсэгт хүчний 232 дугаар ангийн захирагч хурандаа М.Бат-Очир нар ч ёс төртэй хүлээж авсан.

-Шандаст хурдан хүлгийн үр төл гэж сонссон …

-Тэгэлгүй яах вэ. Сүхбаатар аймгийн Халзан сумын манлай уяач Аюушийн Ухна гэдэг хүний хурдан шарга азарганы үр төл. Улс, аймаг, сумандаа түрүү, айргаараа алдартай шарга азарганы удам болоод ч тэр үү хурдан хүлгийн бүх шинж нь бүрдсэн гэж хэлж болно. Гэхдээ уралдахдаа биш төрийн ёслол хүндэтгэлийн арга хэмжээнд оролцож, төрийн есөн хөлт цагаан тугийг эзэнтэй нь хамт нуруун дээрээ олон жил тээж яваасай гэж хүссэндээ бэлэглэсэн.

Юм гэдэг тэгээд их учиртай юм байна. Бэлэглэсэн 9 шаргын нэгийг нь засаж амжаагүй юм. Тэгсэн хүлээж авсан цэргийн дарга нар “Та тун их ерөөлтэй хүн байна шүү. Таны бэлэглэсэн адуунаас наймыг нь төрийн хүлэг болгон бэлтгэж, харин азарган үрээг нь сүрэгтээ азаргаар тавья” гэж хэлнэ лээ. Энэ нь торгон сүрэг хурдан морьдоор цус сэлбэхийн сацуу эзний авшиг ерөөлтэй бэлэглэсэн хүлэг маань үеийн үед төрийн их үйл хэргийн төлөө зүтгэх нь гэхээр сайхан санагдаж байна.

     Нөгөө талдаа “Жаргалын найман морь” гэж төрийн тугт явдаг адууг хэлдэг юм байна. Тэр нь миний нэртэй давхцаж байгаа нь бэлгэшээлтэй сайхан юм. Яагаад ч юм Жаргал гэдэг хүн бэлэглэж таарч. Миний аз завшаан гэхээс илүү хүлэг морьдын босоо цагаан хийморь юм даа.

-Таныг аймаг сумандаа алдартай уяач гэдгийг мэднэ. Та өөрийнхөө талаар хуучлахгүй юу?

     -Өвөрхангай аймгийн Богд сумандаа хуучин цагт аж ахуйн төвд нягтлан бодогчоор ажиллаж, зах зээлд шилжсэнээс хойш хувиараа хөдөлмөр эрхлэх болсон. Буянт хүлгийнхээ ачаар аймаг, сумандаа олон ч түрүүг авч, 2005 онд аймгийн алдарт уяач хэмээх эрхэм цолыг хүртсэн. Өдгөө нас дээр гарсан учир адуугаа дагаж чадахгүй байна. Миний том хүү Ж.Хосбаяр л аавынхаа залгамж халааг үргэлжлүүлж яваа. Манайх ч тэгээд нэг их азарга адуутай айл биш л дээ. Голдуу шарга зүсмийн хэдэн адуутай. Түүнээсээ сор болсон хэдийгээ Зэвсэгт хүчиндээ бэлэглэсэн.

   Наадмын дараахан Зэвсэгт хүчний 232 дугаар ангийн захирагч хүү залгаж байсан. “Есөн шарга маань сүрэгтээ ижилсэж, газар орондоо дассан байгаа, битгий санаа зовоорой” гээд. Аштай юу даа гээд баярлаж суулаа. Ер нь сонсоод байхад төрийн торгон сүргийн түүхэд над шиг ингэж олноор нь бэлэглэсэн нь үгүй юм билээ. 1990-ээд оны дунд үед төрийн есөн хөлт цагаан тугийн морьдыг шилж сонгох болоход л улс, аймгийн алдарт уяачид нэг, хоёрыг бэлэглэж байсан гэсэн.

    Аймаг сум, орон нутгийнхан маань одоо ч гэсэн “Эрдэнэт сүргээсээ төрдөө бэлэглэсэн Жаргал ахаараа бахархаж байна” гэж баяр хүргэсээр л байна. Манай Богд сумын 100 жилийн ой саяхан тохиож, энэ үеэр олон хүн төрийнхөө их наадмаар хүлэг морьдоо таньтай л адилхан бахархан харна гэж хэлж байсан шүү.

-Дараа жилийн наадмаар хүлэг морьдоо харах байх даа?

-Дараа жил ч арай амжихгүй байх. Сургаж бэлтгэнэ гэдэг өөрөө нөр их ажил байдаг дуулдана лээ. Дуу чимээнээс үргэдэггүй, жагсаалч болгох нь хэний аавын хүүгийн хийгээд байдаг ажил биш шиг ээ. Сонсоод байхад дор хаяж 2-3 жил сургагдаж байж төрийн ёслол хүндэтгэлийн арга хэмжээнд оролцдог юм гэсэн. Уяач надад хэзээ ч яах вэ, энэ сайхан цэргийн албанд хүлэг морьдоо бэлэглэсэн нь хамгийн чухал юм.

Д.БОЛОР

 

Санал болгох мэдээ

“Тэнүүн-Огоо” ХХК-иас 75.3 тэрбум төгрөгийн үнэ бүхий барилга, байгууламж, газар эд хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэж авлаа

Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах, нийтийн тээврийн парк шинэчлэлтийн ажлын хүрээнд өнгөрсөн онд нийслэлийн …