-Чанаргүй 20 гаруй зээлдэгч байна гэлээ. Эдгээр зээлдэгч хэдэн төгрөгийн зээлээ төлж барагдуулаагүй байгаа вэ?
-25 зээлдэгч дээр 1.2 их наядын чанаргүй зээл байна. Эхний таван зээлдэгч нийт зээлийн 65-70 хувийг эзэлж байна. Тэгэхээр цөөхөн зээлдэгч дээр төвлөрчихсөн байна гэсэн үг. Зарим чанаргүй зээлийг тусгай активын компанид шилжүүлж төлүүлэх процесс хуулийн дагуу явуулна.
-Чанаргүй зээлийн асуудал ил болсноос хойш Хөгжлийн банк дахин төсөл хөтөлбөр санхүүжүүлсэн үү?
-2021 оноос хойш Хөгжлийн банк Монголын газрын тос, Амгалангийн дулааны станцын төслүүдийг санхүүжүүлсэн. Энэ төслүүд Шинэ сэргэлтийн бодлогод орсон. Монголын газрын тос руу 270 гаруй тэрбум төгрөгийн санхүүжилт хийсэн.
-Тэгвэл Засгийн газрын хэрэгжүүлэхээр зарласан 14 мега төслөөс Хөгжлийн банкнаас санхүүжүүлэх төсөл бий юү?
-Хөгжлийн банк Тогтвортой санхүүжилтийн хүрээ гэдэг бодлогын баримт бичгээ баталсан. Энэ нь гаднаас байгаль орчинд ээлтэй төслүүдийг санхүүжүүлэх эх үүсвэр татан төвлөрүүлдэг гол баримт бичиг юм. Энэ баримт бичигт эрчим хүч тэр дундаа сэргээгдэх эрчим хүч, орлогод нийцсэн орон сууц, дэд бүтцийн салбарууд багтаж байгаа. Тэгэхээр тухайн бодлогод нийцсэн төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлээд явна гэсэн хүлээлттэй байна.
-Хөгжлийн банк ойрын жилүүдэд төлөх өр төлбөр бий юү?
-2023 онд 220 сая ам.долларын Самурай бондыг өөрийн эх үүсвэрээрээ төлж барагдуулсан. Одоо бол Засгийн газрын баталгаатай төлөх өр төлбөр байхгүй. Одоо байгаа эх үүсвэрүүд бол Хөгжлийн банкны бие даан гаргасан эх үүсвэрүүд юм. Голцуу олон улсаас болон урд хөршөөс татан төвлөрүүлсэн 340 орчим сая ам.доллар бий.
-Хөгжлийн банкны өнгөрсөн хугацаанд санхүүжүүлсэн төслүүд үр дүнгүй, чанаргүй зээл нь банкийг эрсдэлд оруулсан. Цаашид олгох зээлүүддээ ямар шаардлага тавих вэ. Дахиад ийм асуудал үүсэхгүй байх баталгаа байгаа юу. Удирдлагын хувьд ямар зарчмаар ажиллах вэ?
-Хуульд заасан шаардлагаа тавьдгаараа тавина. Өөрөөр хэлбэл, хэрэгжүүлэх гэж байгаа төслийн ТЭЗҮ, байгаль орчны үнэлгээ, мөнгө урсгалаараа төлөгдөх боломжтой гэсэн бизнес төлөвлөгөө, эдийн засгийн тооцоонууд нь байх ёстой. Түүнчлэн, Шинэ сэргэлтийн бодлогод хамаарах төслүүд байх ёстой гэж бодож байна. Яагаад гэхээр арилжааны банкнууд дэд бүтэц, эрчим хүчний төслүүдэд хөрөнгө оруулалт хийхгүй байгаа. Хөгжлийн банк чанаргүй зээлийн асуудал дахиж гаргахгүйн үүднээс хуулиа барьж ажиллана. Мөн төслийг бие дааж биш гаднын санхүүгийн байгууллагатай хамтарч санхүүжүүлнэ. Энэ эргээд хяналт, хариуцлагыг сайжруулна, эрсдэлийг ч багасгана.