“Хөх сувд-2025” олон улсын мөсний баярын нээлт боллоо

Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор жил бүр зохион байгуулагддаг “Хөх сувд” олон улсын мөсний баярын нээлтийн ажиллагаа боллоо.

Нээлтийн үеэр Хөвсгөл аймгийн Засаг даргын орлогч Ц.Гансүх хэлсэн үгэндээ “Монгол Улсын хөгжлийн урт хугацааны бодлогын баримт бичиг, аялал жуулчлалын салбарын бодлогыг орон нутгийн онцлогт нийцүүлэн үр дүнтэй хэрэгжүүлэх, байгальд ээлтэй эко аялал жуулчлалыг хөгжүүлэх, аялал жуулчлалын улирлын хамаарлыг багасгах зорилгоор олон улсын хэмжээнд Монгол Улсаас зарлан зохион байгуулдаг томоохон эвэнт үйл ажиллагааны нэг бол “ICE фестиваль” билээ.

Одоогоос 25 жилийн тэртээ мөсний баяр хийж арваад чаргатай морины уралдаан болж нутгийн иргэд оролцож эхэлсэн энэхүү үйл ажиллагаа аль хэдийн 50 мянган иргэн зорин ирдэг, дэлхийн 15-17 орны жуулчид тогтмол оролцдог олон улсын эвэнт арга хэмжээ болон өргөжсөн байна. Салбарын статистик мэдээллээр 2024 онд аялал жуулчлалын салбарт үйл ажиллагаа эрхэлж буй иргэн, аж ахуйн нэгжид 2 тэрбум гаруй орлого төвлөрсөн байх ба үүний багагүй хувийг энэхүү үйл ажиллагаанаас олж, эдийн засгийн үр ашгийг иргэд шууд хүртдэг.

Мөсөн хотхоныг Монгол Улсын газрын зураг бүхий дүрстэй байгуулж,  “Монголын гайхамшиг” сэдвийн хүрээнд Д.Цэрэнбат ахлагчтай мэргэжлийн баг ур чадвараа гарган урлан бүтээлээ.

  Бид цаашид төрөлжсөн аялал жуулчлалыг хөгжүүлэх, эвент арга хэмжээг нэмэгдүүлэх,  Хөвсгөл нуурыг хамгаалах, стандарттай аялал жуулчлалыг хөгжүүлэхэд онцгойлон анхаарч ажиллах болно” хэмээн  хэлэв.

 

Зохион байгуулалтын талаар Хөвсгөл ЗДТГ-ын ХБТХОХ-ийн дарга Д.Базардамбуу ярихдаа “Хөвсгөл аймгийн Засаг даргын захирамжаар мөсөн фестиваль зохион байгуулах комисс байгуулагдсан.

Олон улсын мөсний баярын мөсөн хотхоноо Монгол Улсын газрын зургаар дүрсэлж, гэрэлтүүлгээр хүрээлж улсын хил хязгаар шиг харагдууллаа. Баярын 10 хоногт оролцогчдоо уйдаахгүй, шинэлэг байлгах үүднээс анхаарч байна. Ж.Төмөрсүх ахлагчтай улсын тусгай хамгаалалттай газрын хамт олон мөсөн гэр барьж, идээ ундаа, тайгын жимсээр зочдоо дайллаа” гэв.

“Хөх сувд” мөсний баярыг санаачлагчдын нэг, биологийн ухааны доктор Ж.Оюунмаа: Мөсний баярыг анх 1999 онд миний нөхөр Д.Лхагвацогт Жиглэгийн орчмыг хариуцсан байгаль хамгаалагч байхдаа санаачилж тусгай хамгаалалттай газар ажиллаж байсан мэргэжилтнүүд, дарга Ж.Төмөрсүх бүгд дэмжиж анх Жиглэгийн аманд зохион байгуулсан.
Мөсөн дээрх олс таталт, гар урлал гээд олон үзүүлбэртэй хийж байсан. Дараа жил нь Хангарьд жуулчны баазад зохион байгуулсан. Мөсний баярыг хүмүүс эсэргүүцдэг. Миний бодлоор мөсний баяраар хэрэв бохирдол үүсэж байгаа бол хүмүүсийн үйлдлээс болно. Тиймээс сэргийлэх бүрэн боломжтой.
Энэ жилийн мөсний баярын утга учир бол нэг дор олон хүн цуглахгүй, даац хэтрүүлэхгүй, тараан хуваарилах, нутгийн иргэдэд орлого олоход нь дөхөмтэй байх зэргийг тооцож олон хоногоор зохион байгуулж байна.
Хөвсгөл нуурыг хөх сувд гэсний учир нь мөсний өнгөнд байгаа. Хөвсгөл нуур бол дэлхийн хамгийн цэнгэг устай нуур. Хаана ч байхгүй гайхамшигтай нуур. Хөвсгөл нуурын мөс шиг цэнгэг цэв цэнхэр цас мөстэй далай байхгүй. Тиймээс Хөвсгөл нуурын сайхныг, мөсний тунгалгийг үзэж харчхаад хөөх, шил толь шиг тунгалаг гэж дуу алддаг. Гаднынхан үүнийг л үзэх гэж ирдэг.
Нуур гэж хэлэхээр гаднынхан дэргэд хажуудаа байгаа нуур шигээ л төсөөлдөг, ойшоодоггүй. Гэтэл энд ирж үзчихээд та нар ийм өнгөтэй ийм цэнгэг тунгалаг гэдгийг хэлэхгүй гэж хэлдэг.

Нээлтийн  өдөр  “Монголын гайхамшиг” мөсөн урлалын тэмцээний тэргүүн байрын эздийг тодруулж шагнан урамшууллаа. Тухайлбал мөсөн урлалын тэмцээний тэргүүн байрыг Д.Цэрэнбат “Бахархал” бүтээлээр, дэд байрыг Д.Солонго “Монголын түүх” бүтээлээр, гутгаар байрыг Ц.Ганзориг “Дэлтэй цэнхэр” бүтээлээр тус тус шалгарав.

24 дэх удаагийн олон улсын фестиваль албан ёсны нээлтээ хийж олон арга хэмжээ, уралдаан тэмцээнүүдээр үргэлжилж байна.

 

Санал болгох мэдээ

Улаанбаатар хотын хэмжээнд хаврын их цэвэрлэгээ маргааш эхэлнэ

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас энэ жил Улаанбаатар хотын хэмжээнд нийт зургаан их цэвэрлэгээг зохион …