Энэхүү “Есөн эрдэнийн ганжуур” судрын гэрчилгээг Үндэсний Номын санд хадгалуулах ёслол өнөөдөр 15:00 цагт Үнэт ховор номын музейд болох юм байна. Тус үйл ажиллагаанд Гадаад харилцааны сайд, ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комиссын дарга Л.Болд, Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл, холбогдох байгууллагуудын төлөөлөл болон бусад зочид төлөөлөгчид оролцоно. Энэ үеэр мөн ЮНЕСКО-д өнгөрсөн долоо хоногт бүртгэгдсэн соёлын биет бус өвүүд болох Монголын уран бичлэг, Монгол гэрийн үзэсгэлэн тавигдана.
Дашрамд сануулахад, 2013 оны 6 дугаар сарын 18-21-ний хооронд БНСУ-ын Гуанжу хотод болсон ЮНЕСКО-гийн “Дэлхийн дурсамж” хөтөлбөрийн Олон улсын зөвлөлдөх хорооны ээлжит 11 дүгээр бага хурлаар гишүүн орнуудаас нэр дэвшүүлсэн баримтат өвийн материалыг судлан хэлэлцэж, 54 хосгүй үнэт дурсгалыг тус хөтөлбөрийн Олон улсын баримтат өвд бүртгэсний дотор ЕСӨН ЭРДЭНИЙН ГАНЖУУР багтсан нь соёлын түүхэнд тод үлдэх үйл явдал болсон байна.
урлаг.мн