ABU-гийн 62 дугаар Ерөнхий чуулганы үйл ажиллагаа өнөөдөр эхэллээ

Ази, Номхон далайн орны Өргөн Нэвтрүүлгийн Холбооны Ерөнхий чуулган өнөөдөр 9 цагт Туушин зочид буудалд салбар хуралдаануудаар эхэллээ.

Энэ сарын 11-15-ны өдрүүдэд зохион байгуулагдах энэхүү чуулганд Японы NHK, Хятадын CGNT, Солонгосын KBS, Туркийн TRT, Австрали, Италийн радио телевиз гэх мэт 40 гаруй улсын хэвлэл мэдээллийн тэргүүлэх байгууллагуудын захирал, продюсер, уран бүтээлчид оролцож, телевиз, хэвлэл мэдээллийн хөгжлийн чиг хандлага, тулгамдсан асуудлуудыг хэлэлцэнэ.

Энэхүү уулзалтад МҮОНРТ захирал Г. Гэрэл, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга Ө.Золбаяр, Ази номхон далайн Өргөн нэвтрүүлгийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ахмед Надим нар оролцож үг хэллээ.

 Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга Ө.Золбаяр “Та бүхний амар мэндийг асуун мэндчилж, хүн төрөлхтний түүхэнд өөрийн гэсэн онцгой үүрэг гүйцэтгэж, хөгжил дэвшилд хөтөлсөөр ирсэн телевиз радиогийн салбарын өнөөгийн чиг хандлагыг тодорхойлж, олон улсын хэвлэл мэдээллийн салбарын харилцаа хамтын ажиллагааг өргөжүүлж мэдээлэх, танин мэдүүлэх, соён гэгээрүүлэх эрхэм үүргээ нэр төртэйгөөр биелүүлж байгаад Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн өмнөөс болон хувиасаа халуун талархал илэрхийлж байна.

Ази Номхон далайн орнуудын өргөн нэвтрүүлгийн холбоо нь дэлхий дахины хэвлэл мэдээллийн талбарт үнэтэй байх суурь эзэлдэг чухал байгууллага бөгөөд энэ ч утгаараа тус холбооны 62 дахь чуулган эртний түүх соёлтой Монголын сайхан оронд минь хоёр дахь удаагаа чуулж байгаад миний бие баяртай байна. Тэр дундаа энэ удаагийн чуулган нь “Үндэсний өв соёлоо хамгаалж, түгээн дэлгэрүүлэхэд хэвлэл мэдээллийн байгууллагын үүрэг оролцоо” сэдвийн дор болж байгаа нь ихээхэн онцлогтой чухал ач холбогдолтой юм.

Үндэсний өв соёл гэдэг бол хүндэтгэл юм. Аливаа улс орны үндэсний өв соёл нь хүндэтгэлийн эрхэм чанар, үнэт зүйлсийг агуулж байдаг төдийгүй түүнийг хамгаалах, судлах, түгээн дэлгэрүүлэх, харилцан суралцах үед бид бүхэн илүү ихээр ойлголцож халуун дотно нөхөрлөж мөр зэрэгцэн оршдог билээ. Монгол улс нь ардчилсан улс бөгөөд хэвлэл мэдээллийн салбарын хөгжлийг хараат бусаар хөгжихөд анхаарсаар ирсэн. Энэ ч утгаараа гурван сая гаруй хүн амтай манай улсад 389 хэвлэл мэдээллийн байгууллага эрчимтэй үйл ажиллагаа явуулж, эдгээрээс 83 хувь нь хувийн хэвшилд хамаарагдаж байна. Хэвлэл мэдээлэл, телевиз радиогийн хүртээмж нь хүний эрх эрх чөлөө, тусгаар тогтнол, оюун санааны голлох ухагдахуун ба түүний хараат бус байдлыг хангах нь ардчиллын зарчим гэж бид бүхэн үздэг.

Ази Номхон далайн орнуудын өргөн нэвтрүүлгийн холбооны 62 дахь чуулган нь Ази Номхон далайн бүс нутгийн олон улс орнууд болон дэлхийн бүхий л улс орнуудыг үндэсний өв соёлоо хамгаалах түгээн дэлгэрүүлэхэд урьж харилцан хүндэтгэлийг бий болгож энх тайванд уриалж байгаад гүн талархал илэрхийлье.”гэлээ.

 

 

Санал болгох мэдээ

ЗГ:Улсын хэмжээнд шатахууны 30 хоногийн нөөц бүрдүүлж, агуулахын багтаамжийг нэмэгдүүлнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны аравдугаар сарын 22-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Гэр …