УЛСТӨРЧДИЙН “ТАРХИ УГААХ” НУУЦ ҮГИЙН “ТОЛЬ”

Монголын улстөрчид биднийг нүдэнд үзэгдэх үнэнд дургуй гэдгийг мэднэ. Үнэнийг нүдэнд нь ил барьж болохгүй. Харин гоёмсог будаг шунх түрхээд, чимэг нэмээд тавьчихвал жаахан шохоорхож байгаад больчихно. Тиймээс тэд бодит үйлдлээ хэзээ ч үнэнээр нь ярьдаггүй. Үгээр тоглож, утгыг нь гуйвуулна, толгой тархи угаана, массийг төөрөгдүүлнэ.  Ингээд бодохоор бид өөрсдөө тэднийгээ худалч болгож тавиад байна уу гэж өршөөж бодмоор.

1. “Гадаадын хөрөнгө оруулалт” – Жинхэнэ утга:  Хятадын компани, эсвэл тодорхой эрх ашигтай бүлэглэл.
Монголчууд “Хятадын хөрөнгө оруулалт” гэвэл уурлана. Тиймээс зүгээр л “гадаадын хөрөнгө оруулагч” гэх.

2. “Иргэд, олон нийтийн дэмжлэгтэй төсөл” – Тендер, концессоо аль хэдийн авчихсан улстөрд нөлөө бүхий нэгнийх нь компанийх.

3. “Эдийн засгийн тэлэлт, өсөлт” – Эрдэс баялгийн үнэ өндөр, орлого их орж ирсэн улирлын статистик ашиглан дөвийлгөсөн илтгэл. Иргэдийн  бодит амьдрал огт сайжраагүй.

4. “Шинэчлэл, реформ” – Шинэ албан тушаалыг, шинэ танилууддаа хуваарилж эхлэх үеийн албан ёсны мэдэгдэл.

5. “Төрийн өмчийг сайжруулах”– Төрийн өмчит компанид өөрийн фракцийн удирдлагуудыг суулгах. Үр ашиг, үр дүн бол дараагийн сонгуулийн сэдэв л болно.

6. “Бодлогын түвшний шийдэл” – Тодорхой асуултаас зугтах, хариуцлагаас бултах академик өнгө аяс.

7. “Үндэсний аюулгүй байдал” – Мэдээлэл нууцлах, шалгалтаас бултах, асуудлыг тайлбарлахгүй байх хаалт.

8. “Ашигт малтмалын лицензийг цэгцэлнэ” – Хэний ордыг хааж, хэний уурхайг нээх вэ зэрэг “дотоод тохироо” хийх үеийг хэлдэг.

9. “Ил тод байдал” – Файл, гэрээ, тендерийн материал бүгд PDF-ээр байршсан ч гол агуулга нь байхгүй.

10. “Төсвийн сахилга бат” – Иргэдийн түүхэнд байгаагүй татвар нэмэхийн нэр хүндтэй хэлбэр.

11. “Хариуцлага тооцно”– Хэн ч ажлаас халагдахгүй, хэн ч шоронд орохгүй, харин түр зуур гадаадад амарч байгаад эргэж ирнэ.

12. “Шууд Ардчилал” – Фэйсбүүк Live-ээр шоудсан, бодит шийдэлгүй, PR нь ихтэй уулзалт төдий.

13. “Үндэсний эв нэгдэл”– Алдаа гаргаснаа хүлээн зөвшөөрөхгүй,  харин иргэдийг “зөв ойлгоогүй” гэж буруутгах арга.

14. “ЗГ-ын бүтцийн өөрчлөлт” –  Яам, агентлагын түшмэдийн халаа сэлгээ, хэдэн шинэ дэд сайд нэмэх.

15. “Дэд бүтцийн том төсөл”– Хэн барьж, хэн ашиг олох нь аль хэдийн шийдэгдсэн mega-PR төсөл.

16. “Төр хувийн хэвшлийн түншлэл (PPP)” – Төсвийн мөнгөөр хувийн бизнесийг угжих гоёмсог нэршил. Алдагдлыг нь ард түмэн, ашгийг нь өөрсдөө авна.

17. “Залуу үеээ дэмжинэ” – Өөрийн намын залуусыг төрийн өмчит  байгууллагад шургуулна.

18. “Хөгжлийн алсын хараа” – Сонгуулийн өмнөх PowerPoint.

19. “Авлигын эсрэг тэмцэнэ”– Өрсөлдөгч фракцын хэдэн хүнийг шалгана.

20. “Иргэдийн оролцоо” – Сошиалд санал асуулга хийсэн дүр эсгэж, аль хэдийн шийдсэн зүйлээ зөвтгөх.

21. “Төсвийн тодотгол” – Доторх мөнгөний урсгалыг дахин хуваарилж, өөрсдийн бүлгүүдэд илүү тохирохоор өөрчилнө.

22. “Хариуцлагатай уул уурхай” – Зурагтаар пиар хийгээд, бодит байдалд орон нутгийн асуудлыг үл тоох лицензийн бизнес.

23. “Шударга өрсөлдөөн”– Өөрийн тойрон хүрээлэгчийн компанид тохирох тендерийн шаардлага тавих.

24. “Иргэдийн амьжиргааг дэмжинэ” – Сонгуулийн өмнө нэг удаагийн мөнгө тараалт.

25. “Татварын шинэ бодлого”– Ямар ч хэлэлцүүлэггүйгээр татвар нэмэх дохио.

26. “Зохистой хэрэглээ” – Төрийн бодлогын алдаанаас үүдсэн хомсдолд иргэдийг буруутгаж тойруулан хэлэх.

27. “Төрийн үйлчилгээ сайжирна”– Нэг цонхны үйлчилгээний ширээг хоёр болгосон тухай сүржин зар.

28. “Дижитал шилжилт” – Өмнө нь байсан системд шинэ нэр өгч, дахин төсөв гаргаж авах.

29. “Шүгэл үлээгчийг хамгаална” – Шүгэл үлээсний дараа тухайн хүнийг ажлаас нь чимээгүйхэн хална.

30. “Төсвийн үр ашиг” – Төсвийн зарлагын хяналтыг албан ёсоор сулруулж, шинэ төслийн “нүх” нээх.

31. “Төрийн худалдан авалтыг ил тод болголоо” – Тендерийн нэрсийг тавьсан ч үндсэн баримт, үндэслэл олдохгүй.

32. “Нийгмийн халамжийг тэгш хүртээмжтэй болгоно”– Сонгуулийн өмнө халамж нэмнэ, дараа нь буцааж танана.

33. “Сөрөг хүчинтэй зөвшилцөлд хүрлээ” – Албан тушаал, эрх мэдэл хуваарилж чадлаа.

34. “Шинэ баг бүрдүүллээ” – Хуучин хүмүүсийг өөр кабинетад дахин томилоод “шинэ” гэж нэрлэв.

35. “Хөгжлийн бодлогоо уялдуулна” –  Ямар ч тодорхой тоо, зорилтгүй ерөнхий тайлбар.

36. “Хот байгуулалтын мастер төлөвлөгөө”– Өмнөх 10 жил хэрэгжээгүй төслөө дахин шинэ нэрээр зарлах.

37. “Ногоон хөгжил” – Цаасан дээр мод тарьсан үзүүлэлт, бодит ажил тэг.

38. “Үндэсний хэмжээний төсөл” – Албан тушаалтнуудын гэр бүлийн бизнесийн орлогыг өсгөх mega төсөл.

39. “Залууст боломж олгоно” – Өөрийн намын хэдэн залуусыгаа дэвшүүлж, бусдыг нь үл тоох.

40. “Сонгох эрх” – Зөвхөн хоёр муу хувилбар үлдсэн үед хэлдэг үг.

41. “Шударга нийгмийг цогцлооно” – Шударга гэх тодотголтой шинэ PR кампанит ажил эхэлж байна.

42. “Хөгжлийн сан” – Нутгийн хэдэн нөхөдтэйгээ хувааж идэх жижиг төсвийн сав.

43. “Цахим засаглал” – Excel-ийг PDF болгож вэб дээр тавьсан.

44. “Эдийн засгийн уналтыг зөөлрүүлнэ” – Өмнөх алдаануудаа ард түмэнд үүрүүлнэ.

45. “Олон улсын үнэлгээ сайжирсан” – Нэг судалгааны нэг үзүүлэлт дээр сайн үнэлгээ авсныг дөвийлгөсөн PR.

46. “Бодлогын уялдаа хангана” – Нэг ч хариуцсан эзэнгүй, үр дүнгүй олон зөвлөл шинээр байгуулах.

47. “Төр иргэнээ хамгаална” – Хяналтын шинэ журам, торгууль, хязгаарлалт нэмнэ.

48. “Хямралын эсрэг багц шийдэл” – Том гарчигтай боловч тодорхой тоо, санхүүжилтгүй хоосон төлөвлөгөө.

49. “Хүн төвтэй засаглал” – Хэвлэлийн хурал дээр гоё уриа хэлж байгаа хэлбэр.

50. “Эв нэгдлийг сэргээнэ” – Хуваагдлыг өөрсдөө бий болгочихоод буцааж эв нэгдэл ярьдаг улс төрийн уран үг

Ugluu.mn

Санал болгох мэдээ

Улсын аварга малчин, улсын хошой аварга малчин шалгаруулах журамд нэмэлт, өөрчлөлт орууллаа

2025 оны арванхоёрдугаар сарын 24-нд болсон Засгийн газрын ээлжит хуралдаанаар Улсын аварга малчин, улсын хошой аварга …