ХЭҮК “Бэлгийн хүчирхийллийн гэмт хэргийн хохирогчоос мэдүүлэг авах жишиг асуулт” гарын авлагат санал авах уулзалт, хэлэлцүүлгийг өнөөдөр (2025.12.19) зохион байгууллаа.

Комисс Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 24 дэх илтгэлийн “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан дахь бэлгийн хүчирхийллийн хохирогч хүүхдийн эрхийн зарим асуудал” бүлэгт насанд хүрээгүй хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг хянан шийдвэрлэх явцад хүүхдийн эрх зөрчигдөж буй асуудлуудыг хөндсөн.
Ялангуяа, бага насны хүүхдээс мэдүүлэг авах хуулийн хугацааг хэтрүүлэх, мөрдөгч солигдох, удаа дараа мэдүүлэг авч, үйл баримтыг давтан яриулах, нас сэтгэхүйн онцлогт нь нийцээгүй асуулт асуух зэрэг нь хохирогч хүүхдийг давхар хохироож байна гэж дүгнэсэн юм.
Илтгэлийн мөрөөр Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн шалгах албанаас “Бэлгийн хүчирхийллийн гэмт хэргийн хохирогчоос мэдүүлэг авах жишиг асуулт” гарын авлагыг боловсруулсаныг холбогдох талуудад танилцуулж, санал авах уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгуулсан.

Хэлэлцүүлгийн үеэр бэлгийн хүчирхийллийн гэмт хэргийн хохирогчоос мэдүүлэг авах асуулт нэн чухал. Түүнчлэн хүүхэд хамгааллын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.6 дахь заалтад “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан дахь хүүхэд хамгааллын журмыг хүүхэд, гэр бүлийн хөгжлийн болон хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд, Улсын ерөнхий прокурор, Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга хамтран батална” хэмээн заасан боловч уг журам өнөөдрийг хүртэл батлагдаагүй байгаа зэрэг асуудлыг хөндөгдлөө.

Энэхүү журам батлагдаагүйгээс үүдэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож буй хүүхдийг давтан хохироохоос урьдчилан сэргийлэх, сэтгэл зүйн цочролд оруулах асуулт, үйлдлээр дахин гэмтээхгүй байх хуульд заасан зарчим бүрэн хэрэгжихгүй байх эрсдэл байгааг оролцогчид онцолсон юм. Иймд хүүхдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах эрх зүйн орчныг бүрдүүлэх хүрээнд уг журмыг яаралтай батлан мөрдүүлэх шаардлагатай байгааг тодотгов.

Уулзалт, хэлэлцүүлэгт төрийн болон олон улсын байгууллага, иргэний нийгмийн байгууллагын төлөөллүүд оролцож, гарын авлагын агуулга, хэрэгжилтийг сайжруулах талаар санал солилцлоо.

Эх сурвалж: nhrcm.gov.mn
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл