Татварын багц хуулийн шинэчлэлийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо

Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны арванхоёрдугаар сарын 24-нд болж 40 гаруй асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ.

Татварын ерөнхий хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль, Хувь хүний орлогын албан татварын тухай хууль, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон эдгээр хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хууль тогтоомжийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.

Татварын багц хуулийн шинэчлэлээр;

Иргэн, өрхийн орлогыг хамгаалах, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, орон сууцжуулалтыг нэмэгдүүлэхэд чиглэсэн татварын бодлого хэрэгжүүлэх замаар эдийн засгийн өсөлтийг иргэн, өрх бүрд хүртээнэ.

  1. Иргэдийн сарын 500 мянган төгрөг хүртэлх худалдан авалтыг 100 хувиар, үүнээс нэг сая төгрөг хүртэлх худалдан авалтыг 50 хувиар, үүнээс давсан хэсэгт 20 хувиар тус тус НӨАТ-ыг хөнгөлж буцаан олгоно.
  2. Хөдөлмөр эрхэлж буй иргэдийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх хэмжээний буюу сарын 500 мянган төгрөг хүртэлх орлогыг 100 хувь хөнгөлж буцаан олгоно.
  3. Бүх нийтээрээ тэгш, шударга татвар төлөх эрх зүйн орчныг бүрдүүлэх хүрээнд үйл ажиллагааны орлогыг шатлалд хамрагдуулах, хялбаршуулсан горимоор тайлагнах босго дүнг 400 сая төгрөг болгож, үйл ажиллагааны орлоготой иргэдэд татварын хөнгөлөлт эдлүүлнэ.
  4. Улаанбаатар хотоос орон нутагт шилжин суух иргэдийн амьдрах таатай орчныг бүрдүүлэх, эрчим хүчний хэмнэлттэй, хүртээмжтэй, ногоон барилгыг нэмэгдүүлэхэд 15 сая төгрөг хүртэлх татварын хөнгөлөлт үзүүлнэ.
  5. Татвар төлөгчийн татвар төлөх, тайлагнах үйл ажиллагааг хялбаршуулах, үүсэж болзошгүй татварын эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор татварын албанаас тайлангийн төслийг урьдчилан бэлтгэн хүргүүлдэг болно.
  6. Бүх нийтээрээ шударга төлдөг татварын тогтолцоог бүрдүүлэх зорилгоор татварын хөнгөлөлт, чөлөөлөлтөөс үл хамааран татвар төлөгч хамгийн багадаа нэг хувиар татвар төлөх зохицуулалтыг тусгана.

Санал болгох мэдээ

Нийслэлийн хэмжээнд энэ онд 7 сургууль, 19 цэцэрлэг, 7 бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад оруулжээ

Нийслэлийн хэмжээнд энэ онд 7 сургууль, 19 цэцэрлэг, 7 бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор, 2 спорт …