УИХ-ын дэгийн тухай хуулийн дагуу баасан гаргийн нэгдсэн чуулганы үдээс хойших хуралдаанаар Асуулгын цагийг зохион байгуулав.
Дөрөв дэх удаагийн Асуулгын цагаар “Уруудсан эдийн засаг, унасан итгэл” сэдвийн хүрээнд мэтгэлцээн өрнүүллээ. УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл, УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд, Ч.Лодойсамбуу, С.Цэнгүүн, Л.Мөнхбаясгалан, Д.Цогтбаатар, Ж.Баясгалан, Д.Ганмаа нар Ерөнхий сайдаас асуулт асууж, хариулт авав. УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга болон гишүүд авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй хийж буй тэмцлийн үр дүн, дэд сайд нарын томилгоо, эдийн засгийн нөхцөл байдал, татварын шинэчлэл зэрэг сэдэв, агуулгын хүрээнд асуулт бэлджээ. Ерөнхий сайд Г.Занданшатар гишүүдийн асуултад хариулахдаа эдийн засгийн гол үзүүлэлтүүд болон статистик тоо баримтыг дурдав.
Тэрбээр, “Уруудсан эдийн засаг, унасан итгэл” гэдэг үнэн. Үнэхээр хамтарсан Засгийн газар ажилласан 2025 оны зургаадугаар сар хүртэл эдийн засаг унаж, эдийн засгийн өсөлт 2.4 хувь болж уруудсан байсан. Долларын ханш 4000 төгрөг давах, инфляц 15 хувьд хүрэх тооцоололтой байсан. Тэгвэл унасан эдийн засаг одоо сэргэсэн. Өнгөрч буй жил хүнд он байсан. Ирэх жил мөн хүнд он болно. Дэлхийн эдийн засаг ийм байна. Нүүрсний үнэ 2-3 жилийн өмнөхөөс дөрөв дахин унасан. Тиймээс эрс шийдэмгий бодлого хэрэгжүүлсний үр дүнд эдийн засгийн өсөлт өнөөдөр хүлээгдэж буй гүйцэтгэлээр 6.5 хувь болж давах дүнтэй байна. Долларын ханш 3600 төгрөг давсан байсан, одоо 3550 төгрөг болж буурсан. Төгрөгийн ханш чангарлаа. 15 хувь хүрч өсөж байсан инфляц 8.2 хувь болж буурлаа. Энэ нь эдийн засаг бодитой сайжирч байгааг илэрхийлэх тоонууд. Дотоодын статистик ийм байхаас гадна дэлхий Монгол Улсыг үнэлээд олон улсад нэр хүндтэй Moody’s, S&P агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг зэрэглэлийг B2, тогтвортой ангиллаас B1 тогтвортой ангилал руу шилжүүллээ” хэмээв.
Ерөнхий сайд мөн авлига, хулгайтай хийж байгаа тэмцэл тууштай үргэлжилж байгааг онцолж, 58 хэргийг шүүхэд шилжүүлсэн, олон арван хэрэг шалгагдаж байна. Тухайлбал, 2 их наяд төгрөгийн үл хөдлөх хөрөнгө, лицензийг битүүмжилж шалгах ажиллагаа явуулж, энэ талаар нэхэмжлэлийг гаргаад байгааг дурдав. Татварын реформын талаар Ерөнхий сайд байр сууриа илэрхийлэхдээ УИХ-д өргөн бариад байгаа татварын багц хуулиар данс хаадаг албадлагын шинжтэй механизмаас илүү зөвлөн тусалдаг, аж ахуйн нэгжүүдээ дэмждэг тогтолцоо руу шилжиж буй. 23 мянга орчим аж ахуйн нэгжийн дансыг хаасан байсныг Засгийн газрын хуралдаанаар чиглэл өгч, 4368 аж ахуйн нэгжийн дансыг нээсэн гэлээ.
Дэд сайд нарыг томилсонтой холбоотой гишүүдийн асуултад хариулахдаа Ерөнхий сайд Г.Занданшатар гүйцэтгэх засаглалд дэд сайдыг ажиллуулдаг нь дэлхийн улс орнуудад тогтсон жишиг. Засгийн газрын сайдын ажлыг дэмжих, бодлогын хэрэгжилтийг хангах зорилгоор олон улс оронд дэд сайд болон түүнтэй дүйх статустай албан тушаалууд бий. Нэршил нь янз бүр боловч эрх үүрэг нь дэд сайдын статусаар салбарын бодлогын хэрэгжилт, төрийн байгууллагуудын уялдаа холбоо, парламенттай харилцах харилцааг зохицуулахад чухал үүрэгтэй.
Нөгөө талаар Засгийн газар хуулийг хэрэгжүүлэх үүрэгтэй. Засгийн газрын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “4.Монгол Улсын яамыг Засгийн газрын гишүүн-Монгол Улсын сайд тэргүүлнэ. Сайдын эрхлэх асуудлын хүрээнд харьяа яам, агентлагийн үйл ажиллагааг сайдын өмнө хариуцах үүрэг бүхий дэд сайд байна” гэж заасны дагуу дэд сайд нарыг томилсон. Цаашид төрийн албаны шинэчлэлийг эрчимжүүлж, бүтээмжид суурилсан үнэлгээг нэвтрүүлж, төрийн албанд дахин инженерчлэл хийнэ гэв.
Эх сурвалж: монцамэ.мн
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл