Газар хөдлөлтөөс урьдчилан сэргийлэх, таниулах өдөр тохиож байна

Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 67 дугаар тогтоолоор жил бүрийн гуравдугаар сарын дөрөв дэх долоо хоногийн лхагва гаргийг “Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр” болгосонтой холбогдуулан өнөөдөр улс орон даяар энэ өдрийг ес дэх жилдээ тэмдэглэн өнгөрүүлж байна.

“Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр”-ийн хүрээнд төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагаас иргэд, олон нийтэд зориулсан сургалт, дадлага болоод ерөнхий боловсролын сургуулийн II улирлын бие даалтын долоон хоногийг “Аюулгүй амьдрах ухаан” сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх хүрээнд хамтарсан хичээл, сургалтыг зохион байгуулж байгаа аж.

Манай улсын нийт нутаг дэвсгэрийн 52.6 хувь нь маш өндөр, 24.5 хувь нь өндөр, 22.9 хувь нь дунд зэргийн газар хөдлөлтийн эрсдэлтэй бүсэд хамаардаг бол нийслэлийн 95.3 хувь нь маш өндөр, 4.7 хувь нь өндөр эрсдэлтэй бүсэд багтдаг байна. Энэ нь газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд оршдогийг харуулж байгаа юм. 2026 оны эхний хоёр сарын байдлаар Монгол орны нутаг дэвсгэр болон хил орчмын бүс нутагт нийт 5178 удаа газар хөдөлснөөс 3073 нь манай улсад болжээ. Үүнээс 3.5 магнитудаас дээш хүчтэй газар хөдлөлт 10 удаа бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 43 хувиар өссөн үзүүлэлт юм.

Тиймээс иргэдийг газар хөдлөлтийн гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, бэлэн байдлыг хангах, газар хөдлөлтийн гамшигтай тэмцэх байнгын бэлэн байдлыг дээшлүүлэх мэдлэг, мэдээллээ дээшлүүлж, болзошгүй эрсдэлээс хамгаалах анхан шатны сургалт, дадлагад хамрагдахыг Онцгойн байдлын ерөнхий газраас уриаллаа.

Газар хөдлөлтөөс урьдчилан сэргийлэх, таниулах өдрийн хүрээнд маргааш 16:00 цагаас орон даяар гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага сургууль хийнэ.  

 

 

Ugluu.mn

Санал болгох мэдээ

“Эрчист Монгол” компанийг татан буулгалаа

Өнөөдрийн /2026.03.18/ Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Эрчист Монгол” компанийг татан буулгах шийдвэр гаргалаа. “Эрчист Монгол” …