Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Үндэсний баялгийн сангаар дамжуулан иргэдийн хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх ажлыг шуурхай зохион байгуулахыг үүрэг болголоо.
Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд болон түүний үүсмэл ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох зорилгоор анхны ажлын хэсгийг Ерөнхий сайдын захирамжаар 2024 оны аравдугаар сард байгуулсан.
Энэ хугацаанд хэлэлцээний бэлтгэлийг хангах, үе шаттай уулзалт, хэлэлцээ хийж, “Энержи Ресурс”, “Хангад Эксплорэйшн”, “Өсөх зоос”, “Ачит Ихт” ХХК гэсэн хуулийн дөрвөн этгээдтэй зарчмын түвшинд тохиролцоонд хүрээд буй. Зарим хуулийн этгээдийн идэвхгүй оролцоо, хэлэлцээний явц дахь тэгш бус байдал, төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох эсхүл тусгай АМНАТ-аар орлуулах хувилбаруудыг хөндлөнгийн шинжээчдээр хянуулах шаардлага, өгөөжийн бүтэц болон тооцооллын аргачлалын тодорхойгүй байдал, зарим ордын шинэчилсэн ТЭЗҮ-г батлуулах зэрэг асуудлаас шалтгаалан хэлэлцээ удааширч, хугацаа алдаж байна.
Иймд стратегийн ордуудын төрийн эзэмшлийн хувь хэмжээг хувийн хэвшилд хүндрэлгүйгээр тогтоох, байгалийн баялгийн өгөөжийн дийлэнх хэсгийг Үндэсний баялгийн сангаар дамжуулан иргэдэд хүртээх зарчмыг хангуулж, шаардлагатай бол өгөөж тохируулах төлбөрийг хэрэглэх, төр, хувийн хэвшлийн харилцан ашигтай түншлэлийг дэмжих, хөрөнгө оруулалтын орчныг ойлгомжтой тодорхой, тогтвортой байдлыг хангаж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо.
“Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд, түүний үүсмэл ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоож, Үндэсний баялгийн санд хуваарилах тухай” хуулийн төслийг яаралтай боловсруулж, Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлэхийг ажлын хэсэгт даалгалаа.
Эх сурвалж: Montsame.mn
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл