БАЯНХОНГОР: Сурагчид дээрэлхлийн эсрэг нэгдэж байна

Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор хэрэгжүүлж буй “Цахимд ч найз байя” үндэсний нөлөөллийн аян Баянхонгор аймагт өрнөж байна.

“Цахимд ч найз байя” нөлөөллийн аяны хүрээнд Баянхонгор аймгийн ерөнхий боловсролын сургуулийн 300 гаруй сурагчийг хамруулан сургалт, нөлөөллийн үйл ажиллагааг аймгийн Тэмүжин театрт зохион байгууллаа. Сургалтын хүрээнд цахим орчны зөв хэрэглээ, цахим дээрэлхэл, гадуурхлын сөрөг нөлөө, хариуцлагатай харилцаа, хувийн мэдээллийн хамгаалалтын талаар мэдлэг өгч, цахим орчинд бие биеэ хүндэтгэх, эерэг хандлагыг төлөвшүүлэхийг уриалсан юм.

Тус үйл ажиллагааг аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх өсвөрийн “ХУРДАН” клубийн гишүүд санаачлан, хамтран хэрэгжүүлсэн бөгөөд сургалтыг “Хүүхэд хүүхдэдээ нөлөөлөх” зарчимд тулгуурлан явуулснаараа онцлог боллоо. Сурагчид үе тэнгийнхэндээ ойлгомжтой, нээлттэй хэлбэрээр мэдлэг, мэдээллийг хүргэж, бодит жишээ, харилцан ярилцлагад тулгуурласан аргачлалаар оролцоог идэвхжүүлсэн байна.

Сургалтын үеэр сурагчид цахим орчин дахь үе тэнгийн дээрэлхэл, сөрөг нөлөөллийн талаар мэдлэг, ойлголтоо нэмэгдүүлж, бие биедээ эергээр нөлөөлөх, хүндэтгэлтэй харилцааг төлөвшүүлэхийн ач холбогдлыг хэлэлцэн, дээрэлхлийн эсрэг нэгдэж чадна гэдгээ илэрхийлэн дуу хоолойгоо нэгтгэлээ. Сурагчид зөвхөн мэдээлэл хүлээн авагч бус, харин өөрсдөө үе тэнгийнхэндээ зөв хандлага, зөв хэрэглээг түгээх оролцогч, манлайлагчид болох юм.

Аяны хүрээнд цаашид сурагчид, эцэг эх, асран хамгаалагчид, багш, сурган хүмүүжүүлэгчдэд зориулсан мэдээ мэдээлэл, зөвлөмж түгээх, сурагчдын дунд сошиал хөдөлгөөн, уралдаан тэмцээн зохион байгуулах, сургалт, нөлөөллийн үйл ажиллагааг зохион байгуулна.

Эх сурвалж: Montsame.mn

Санал болгох мэдээ

Алтай хотхонд 960 хүүхдийн суудалтай сургуулийн барилгын ажлыг энэ жил эхлүүлнэ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар холбогдох албаныхны хамт өнөөдөр Баянгол дүүргийн 24 …