Нийтийн тээврийн парк шинэчлэлд 20 тэрбум төгрөг зарцуулна

7c4b43e9540fe3dforiginalНийслэлийн ИТХ-ын ээлжит хуралдаанаар Нийслэлийн нийтийн тээврийг 2020 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөр, сангийн журам батлах тухай асуудлыг хэлэлцлээ.  Нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөр энэхүү асуудлыг НИТХ-ын Тэргүүлэгчдэд танилцууллаа. Нийтийн тээврийн үйлчилгээнд 2009 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 400 автобус худалдан авсан байна. Эдгээр 400 автобусны өмчлөлийн асуудал одоог хүртэл шийдэгдээгүй, төлбөрийг эргэн төвлөрүүлж, төвлөрсөн  хөрөнгөөр парк шинэчилж байх зорилгоор “Нийслэлийн нийтийн тээврийн парк шинэчлэлтийн сан”-г  байгуулсан боловч Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн холбогдох заалттай зөрчилдөж, захиран зарцуулах байдал өнөөдрийг хүртэл тодорхойгүй байгаа гэдгийг тэрээр онцолсон юм. Мөн үүнийг шийдвэрлэхийн тулд орон нутгийн төсвийн хөрөнгө, аж ахуйн нэгж, байгууллагуудаас эргэн төлөлтөнд төвлөрүүлэх хөрөнгө, бусад буцалтгүй тусламж, дэмжлэг хандив зэрэг эх үүсвэрүүдээс бүрдэх санг байгуулж, орон нутагтаа бие даан захиран зарцуулж байх шаардлагатай байна. Ингэснээр нийслэлийн иргэд стандартын шаардлага хангасан шинэ тээврийн хэрэгслээр үйлчлэх нөхцөлийг бүрдүүлэх, нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж байгууллагуудын чадавхийг бэхжүүлэх, тэдгээрийг дэмжин ажиллах зорилго бүхий “Нийслэлийн нийтийн тээврийн салбарыг хөгжүүлэх сан” байгуулах зайлшгүй шаардлагатай байгааг Нийслэлийн Засаг даргын орлогч Н.Гантөмөр хэлсэн юм. Мөн  Өнгөрсөн долдугаар сард НИТХ-аар чуулганаар төсөвт өөрчлөлт оруулах тухай тогтоолын дагуу нийслэлийн нийтийн тээврийг хөгжүүлэх парк шинэчлэх сангийн 20 тэрбум төгрөгийг энэ оны төсөвт суулгасан байна.
НИТХ-ын Тэргүүлэгч С.Ононбаяр: Энхбат даргаа та нийтийн тээврээр үйлчлүүлдэг үү? Энэ 20 тэрбум төгрөгөөр ямар автобус авах вэ? Манай улсын хувьд залгаа автобус тохирохгүй, харин давхар автобус тохирно гэдгийг хэлсэн юм.
Үүний хариуд Тээврийн газрын дарга Ч.Энхбат: Би нийтийн тээврээр өдөр болгон үйлчлүүлдэггүй. Харин ажил авснаас хойш тодорхой чиглэлд хяналт шалгалт хийх үүднээс үйлчлүүлж байсан. Өнөөдрийн байдлаар 600 гаруй он хуучирсан автобус манайд байгаа. Залгаа автобусны хувьд олон хүн тээвэрлэх хүчин чадалтай гэдгийг хэлсэн юм.
Уг сангийн даргаар Нийслэлийн Засаг дарга ажиллах бөгөөд зөвлөлийн нарийн бичгийн дарга гишүүд нь НЗД-ын Тамгын газар, Өмчийн харилцааны газар, Тээврийн газрын холбогдох албан тушаалтнуудаас бүрдэх юм. Тус сангийн тайланг НИТХ-д жилдээ нэг удаа тайлагнах юм. Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид тус асуудлыг хэлэлцэн Нийтийн тээврийн санг байгуулахаар болж, дэд хөтөлбөр, сангийн журмыг хавсралтаар баталлаа гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …