Эрүүл мэндийн салбарын нийгмийн баталгаа, цалин хөлсний шинэчлэлийн хэрэгжилтийг дүгнэв

Эрүүл мэндийн яам, Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбоо болон Монголын хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын нэгдсэн холбооны хооронд байгуулсан Эрүүл мэндийн салбарын 2024-2026 оны хамтын хэлэлцээрийн хэрэгжилтийн явцыг дүгнэж хэлэлцлээ.

Хамтын хэлэлцээрээр эрүүл мэндийн салбарын ажилтнуудын хөдөлмөрийн үнэлэмжийг нэмэгдүүлэх, нийгмийн баталгааг сайжруулах зорилгоор цалин хөлсийг 2026 он хүртэл нийт 75 хувиар үе шаттай нэмэгдүүлэх шийдвэр гарсан. Өнөөдрийн байдлаар уг нэмэгдлийн 30 хувийг хэрэгжүүлээд байгаа бөгөөд 2026 оны 5 дугаар сарын 1-нээс эхлэн цалингийн дараагийн нэмэгдлийг нэмэгдсэн үндсэн цалингаас тооцох зохицуулалт хэрэгжиж эхэлсэн нь хамтын хэлэлцээрийн бодит үр дүнг харуулж байгааг талууд онцлов.

Хэлэлцүүлэгт Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбаяр, Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Ч.Нарантуяа, Монголын хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудын нэгдсэн холбооны гүйцэтгэх захирал Ч.Доржгүнсмаа нар оролцож, хамтын хэлэлцээрийн хэрэгжилтийн явцыг үнэлэн дүгнэв.

Мөн талууд 2026 онд хамтран хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг баталж, эрүүл мэндийн салбарын ажилтнуудын цалин хөлс, нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах чиглэлээр хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэн бэхжүүлэхээр тохиролцсон талаар ЭМЯ-наас мэдээлэв.

Эх сурвалж: Montsame.mn

Санал болгох мэдээ

“Сэлбэ 20 минутын хот” төслийн зарим орон сууцны есдүгээр давхрын цутгалтыг эхлүүллээ

Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, гэр хорооллыг орон сууцжуулах, агаарын бохирдол болон түгжрэлийг бууруулах зорилготой “Сэлбэ …