2028 оны УИХ-ын сонгууль болоход 641 хоног үлдлээ, эрх баригч МАН-ын сонгуулийн амлалт хэрхэн хэрэгжиж байна вэ?

Мөрийн хөтөлбөрөө биелүүлэхийн төлөө ажиллах уу, эрх мэдлийн төлөөх тэмцлээ үргэлжлүүлсээр сонгуульт хугацаагаа дуусгах уу МАН-ынхаан?

2028 оны УИХ-ын сонгууль болж, эрх баригчдын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг иргэд, сонгогчид дүгнэх өдөр хүртэл 641 хоног буюу 1 жил 8 сарын хугацаа үлдээд байна.

2024 оны УИХ-ын сонгуулиар Монгол Ардын Нам “Шинэ сэргэлтийн бодлого – Бүсчилсэн хөгжлийн реформ” нэртэй, 9 бүлэг болон хавсралтаас бүрдсэн, нийт 772 зорилт, арга хэмжээ бүхий мөрийн хөтөлбөр дэвшүүлсэн. Улмаар 126 суудалтай парламентаас 68 суудал авч, олонх болсон.

Өөрөөр хэлбэл, Монголын төрийг удирдах, амласан зорилтоо хэрэгжүүлэх хангалттай улс төрийн мандат, парламентын олонх МАН-д бий.

Гэвч сонгогчдын өгсөн энэ итгэлийг мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхэд бус, эрх мэдэл, албан тушаалын төлөөх дотоод тэмцэлд түлхүү зарцуулсан гэх шүүмжлэл эрх баригч намд хаяглагдсаар байна.

Ердөө хоёр гаруй жилийн хугацаанд МАН гурван Засгийн газар байгууллаа. Парламент дахь 68 гишүүний бараг тал нь сайдын албан тушаал хашсан гэхээр эрх баригч намын улс төрийн анхаарал хаашаа чиглэж ирснийг харж болохоор.

Харин өнөөдөр өвөл хаяанд иржээ.

Улс орны эдийн засгийн нөхцөл байдал амаргүй байна. Орон даяар шатахууны нийлүүлэлт, хомсдолын асуудал бүрэн шийдэгдээгүй хэвээр. Ирэх өвөл эрчим хүч, дулааны найдвартай ажиллагаатай холбоотой эрсдэл ч анхаарал татаж байна.

Ийм үед эрх баригч МАН дотроо “38”, “30”-ын бүлэг болон хуваагдаж, улс орны өмнө тулгамдсан асуудлыг шийдэхээс илүүтэй эрх мэдэл, албан тушаал, сандал суудлын төлөөх тэмцэлдээ анхаарал хандуулж байна гэх шүүмжлэл гарч байна.

Зүй нь 68 гишүүн нь 38, 30 гэж талцаж хуваагдах бус, эв нэгдлээ хангаж, нэг зорилгын төлөө ажиллах учиртай.

Улс орноо хөгжүүлдэггүй юм гэхэд эдийн засгийн хүндрэл, шатахууны хомсдол, эрчим хүч, дулааны эрсдэл зэрэг өнөөдөр тулгараад буй асуудлаас ард иргэдээ хамгаалах, шийдэл олохын төлөө ухаанаа уралдуулж, хүчээ нэгтгэн ажиллах ёстой биш гэж үү?

Эцсийн дүндээ сонгогчид МАН-ын дотоод хагарал, фракцын тохироо, хэн сайд болсон, хэн огцорсон гэдгийг бус, амласан зүйлээ хийсэн эсэхээр 2028 онд дүгнэж саналаа өгнө. 2028 оны УИХ-ын сонгууль болж, эрх баригчдын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтэд сонгогчид дүн тавих хүртэл 641 хоног үлджээ.

Энэ бол улс төрийн хувьд урт хугацаа биш. Товчхондоо МАН-ынханд амлалтаа хэрэгжүүлэхэд 641 хоног байна гэсэн үг.

Тиймээс 2024 оны сонгуулиар иргэд, сонгогчдын дэмжлэгийг авч, 2024–2028 онд хийж хэрэгжүүлнэ хэмээн амласан мөрийн хөтөлбөрийн зорилтуудаас дараах амлалтуудыг хэзээ, хэрхэн хэрэгжүүлэх вэ гэдгийг УИХ дахь МАН-ын 68 гишүүнээс асууя.

Сонгуулийн сурталчилгааны үеэр амласан амлалтаас хэд нь биелсэн бэ?

Хэд нь хэрэгжиж байна вэ?

Хэд нь цаасан дээр үлдэх вэ? гэдэг асуултанд МАН анхаарч, сонгуулийн мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх үйл хэрэгт Засгийн газраа чиглүүлж ажиллах ёстой.

МАН эрх баригч намын хувьд мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлж, сонгогчдынхоо өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх хариуцлагатай.

Түүнчлэн парламентад суудалтай сөрөг хүчин болох АН ч гэсэн сонгогчдынхоо өмнө хариуцлагатай ажиллах хэрэгтэй.

Сөрөг хүчний үүрэг нь зөвхөн эрх баригчдын алдааг шүүмжлэхээр хязгаарлагдахгүй. Харин МАН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусгасан амлалтууд улсын хэмжээнд, бүс нутаг, аймаг, нийслэл, орон нутгийн түвшинд хэрхэн хэрэгжиж байгаа, ямар амлалт нь биелсэн, аль нь хэрэгжээгүй, цаашид хэрэгжих боломжтой эсэхийг тодруулж, олон нийтэд мэдээлэх явдал мөн.

Өөрөөр хэлбэл, эрх баригчид амлалтаа хэрэгжүүлэхгүй байгаа бол АН үүнийг нь баримт, тоо мэдээлэлд тулгуурлан парламентад тавьж, Засгийн газраас тайлбар шаардаж, шаардлагатай тохиолдолд холбогдох асуудлыг УИХ-ын түвшинд хэлэлцүүлэх замаар эрх баригчдад улс төрийн болон парламентын хяналт тавих учиртай. Иргэдийн өмнөөс асуулт асууж, эрх баригчдаас хариулт нэхэж, амласан зүйлээ биелүүлэхийг шаардах нь сөрөг хүчний үндсэн үүргийн нэг.

Тиймээс 2028 оны сонгууль хүртэл үлдсэн 641 хоногт МАН мөрийн хөтөлбөрөө хэдий хэмжээнд хэрэгжүүлснээ тайлагнахын зэрэгцээ АН ч сөрөг хүчнийхээ үүргийг хэрхэн биелүүлснээ сонгогчдод тайлагнах шаардлагатай.

2028 оны сонгууль болоход 641 хоног үлдсэн энэ өдөр МАН-ын 2024 оны УИХ-ын сонгуульд дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрөөс жишээ болгож дараах 6 мөрийн хөтөлбөрийн биелэлтийг нь нэхэж шаардацгаая…

1.1.1 Баялгийн сан, Нийгмийн даатгалын сангаар дамжуулан төр, хувийн хэвшлийн түншлэлээр иргэдийг орон сууцжуулах эрх зүйн орчинг бүрдүүлнэ.

1.2.8. Монгол Улсад эмчлэгдэх боломжгүй өвчин, эмгэгийг оношилж, эмчлэх чиглэлээр гадаадын эмнэлгүүдтэй гэрээ байгуулж, хамтарч ажиллан монгол хүнд ээлтэй тогтолцоог бий болгоно.

2.4.10. Улаанбаатар, Замын-Үүд, Алтанбулагт ачаа тээврийн нэгдсэн логистикийн төвийг байгуулна.

2.7.21. Малын тэжээлийн үйлдвэрийг бүсчлэн байгуулах бодлого баримталж, өвс тэжээлийн нөөцийг нэмэгдүүлэх хүрээнд хувийн хэвшилтэй хамтран ажиллана.

3.5.5. Ажлын байрыг шинээр бий болгосон бүс, орон нутгийн жижиг, дунд, хувиараа хөдөлмөр эрхлэгч аж ахуйн нэгжийг төрийн бодлогоор дэмжинэ.

4.2.7. Сэтгүүлчийг хэвлэн нийтэлсний төлөө хорьж цагддаг, хууль бусаар мөрдөн хавчдаг, үндэслэлгүйгээр хууль зүйн хариуцлагад татдаг явдлыг зогсооно.

4.4.11. Төрийн хулгайтай холбогдсон улстөрчид, албан тушаалтанд хариуцлага тооцно.

8.4.2. Улаанбаатар хотод 12 тойрог замын зохион байгуулалт хийж, хөдөлгөөний хурдыг 30 хувиар нэмэгдүүлнэ.

Эдгээр мөрийн хөтөлбөр хэрэгжсэн эсэхэд эрхэм сонгогчид та бүхэн дүгнэлтээ хийнэ бизээ..

Санал болгох мэдээ

УИХ-ын төлөөлөгчид Швейцарын Холбооны Улсад парламентын бүлгийн анхны айлчлал хэрэгжүүлэв

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Швейцарын парламентын бүлгийн дарга П.Батчимэг, Монгол …