Нийслэлийн Онцгой байдлын газрын ахмадуудад хүндэтгэл үзүүллээ

“Олон улсын ахмадын өдөр”-ийг тохиолдуулан Нийслэлийн Онцгой байдлын газраас үе үеийн ахмад алба хаагчдадаа хүндэтгэл үзүүлэх арга хэмжээг зохион байгууллаа.

Арга хэмжээнд, Онцгой байдлын ерөнхий газрын Тэргүүн дэд дарга бөгөөд Штабын дарга, Бригадын генерал Ц.Ганзориг, НОБГ-ын тэргүүн дэд дарга, хурандаа Д.Оюунбат, НИТХ-ын дарга бөгөөд Гамшгийн эрсдэлийг бууруулах нийслэлийн зөвлөлийн дарга Д.Ихбаяр, НОБГ-ын Ахмадын хорооны дарга О.Билэгсайхан болон үе үеийн ахмад алба хаагчид оролцов.

НОБГ-ын тэргүүн дэд дарга, хурандаа Д.Оюунбат арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ, ахмад үеийнхний хөдөлмөр, зүтгэл нь өнөөдрийн Онцгой байдлын байгууллагын үйл ажиллагааны суурь болсныг онцолж, алба хаагчдын чадавхыг нэмэгдүүлэх, техник технологи, эрх зүйн орчныг сайжруулахад анхаарч ажиллаж байгааг тэмдэглэв. Мөн дүүрэг бүрт эрэн хайх, аврах нэгж, салбар байгуулах, иргэдийн гамшгаас урьдчилан сэргийлэх мэдлэг, дадлыг нэмэгдүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй ажлуудыг онцоллоо.

НИТХ-ын дарга бөгөөд Гамшгийн эрсдэлийг бууруулах нийслэлийн зөвлөлийн дарга Д.Ихбаяр ахмад алба хаагчдад мэндчилгээ дэвшүүлэхдээ үе үеийн ахмадын хөдөлмөр, туршлага нь Нийслэлийн Онцгой байдлын газрын өнөөгийн хөгжил, чадавхын бат суурь болсныг онцоллоо. Түүнчлэн нийслэлийн зүгээс гамшгийн эрсдэлийг бууруулах, Онцгой байдлын байгууллагын чадавхыг нэмэгдүүлэхэд бодлого, хөрөнгө оруулалтын дэмжлэг үзүүлж байгааг хэлэв.

Гамшгийн эрсдэлийг бууруулах нийслэлийн зөвлөл 2021 онд байгуулагдсанаас хойш 2021-2026 онд нийт 135 төсөл, арга хэмжээг үе шаттайгаар төлөвлөж, хэрэгжүүлээд байна. Гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагааны санхүүжилтийг 2022-2024 онд жил бүр 1 тэрбум төгрөг, 2025 онд 2 тэрбум төгрөг байсныг 2026 онд 6 тэрбум төгрөг болгон нэмэгдүүлжээ.

Мөн энэ онд Нийслэлийн Онцгой байдлын газрын Шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төвийг орчин үеийн технологид тулгуурлан иж бүрэн тоноглож, ашиглалтад оруулсан байна. Цаашид дүүрэг бүрт эрэн хайх, аврах нэгж, салбарыг хөгжүүлэхийн зэрэгцээ иргэдэд гамшгаас хамгаалах мэдлэг, дадал олгох сургалт, арга зүйн төвүүдийг үе шаттай байгуулахаар төлөвлөжээ. Ингэснээр гамшиг ослын үед зөвхөн мэргэжлийн байгууллага бус, иргэн бүр өөрийгөө болон бусдыг хамгаалах чадвартай байх тогтолцоог бүрдүүлэх юм.

Түүнчлэн гамшгийн эрсдэлийг бууруулах бодлого, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, урьдчилан сэргийлэх тогтолцоог бэхжүүлэх, гамшгийн улмаас иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад учирч болох хохирлыг бууруулах санхүүгийн болон даатгалын механизмын эрх зүйн орчныг сайжруулах чиглэлээр үе шаттай арга хэмжээ хэрэгжүүлэх аж.

Мөн ахмад алба хаагчдын мэдлэг, туршлагыг залуу үед өвлүүлэх, гамшгаас урьдчилан сэргийлэх ажилд тэдний оролцоог нэмэгдүүлэхэд анхаарч, дүүрэг, хорооны түвшинд гамшгийн эрсдэлийг бууруулах сайн дурын нэгжүүдийг ажиллуулах боломжийг бүрдүүлэхээр төлөвлөж байна.

Нийслэлийн иргэдэд гамшгаас хамгаалах мэдлэг, дадал олгож, гамшиг ослын үед өөрийгөө болон бусдыг хамгаалах чадвартай болгох нь чухал бөгөөд гамшиг тохиолдсоны дараа хариу арга хэмжээ авах чадвартай байхаас гадна эрсдэлийг урьдчилан тодорхойлж, гамшгаас өмнө сэргийлж чаддаг хот болох нь цаашдын зорилт гэдгийг НИТХ-ын дарга бөгөөд Гамшгийн эрсдэлийг бууруулах нийслэлийн зөвлөлийн дарга Д.Ихбаяр онцоллоо.

Эх сурвалж: khural.ulaanbaatar.mn

Санал болгох мэдээ

ЖЕТРО МОНГОЛД САЛБАРАА НЭЭНЭ

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралд Японы Гадаад худалдааг дэмжих байгууллага (ЖЕТРО)-ын Ерөнхийлөгч Н.Ишигүро /2026.09.30/ бараалхав. …