ТБХ:Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2026.10.02/ хуралдаан 09 цаг 43 минутад 30 гишүүний 16 нь буюу ирц 53.3 хувьд хүрснээр эхэлж, гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэв.

Байнгын хорооны дарга Н.Наранбаатар Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.8 дахь хэсэгт заасны дагуу хуралдааны ирцийг гишүүн бүрийн нэрээр танилцуулав.

Гишүүдийн ирцийг доорх зурагнаас харна уу.

Screenshot 2026-10-02 at 09.44.04.png

Хуралдааны эхэнд “Ерөнхий хяналтын сонсголын тов тогтоох, сонсгол даргалагчийг сонгох тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцсэн.

Байнгын хорооны тогтоолын төсөлд “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах үйл ажиллагаа холбогдох хууль тогтоомжид нийцсэн байдал 2025-2026 он” сэдвээр ерөнхий хяналтын сонсголыг 2026 оны 12 дугаар сарын 01,02-ны өдөр зохион байгуулах, уг сонсголын даргалагчаар Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуягийг сонгохоор тусгасан байв.

Ингээд тогтоолын төслийг батлах, эсэх санал хураалтыг явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнгүй.

photo_2026-10-02_11-19-48.jpg

Дараа нь Засгийн газраас 2026 оны 08 дугаар 20-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Хууль тогтоолын төслүүдийг Байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Н.Наранбаатар танилцуулав.

Улсын Их Хурлын даргын 2026 оны 330 дугаар захирамжаар Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хамт өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг Байнгын хороо болон нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулж, ажлын хэсгийн ахлагчаар Улсын Их Хурлын гишүүн Н.Наранбаатар, ажлын хэсгийн гишүүдэд Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа, Р.Батболд, Х.Булгантуяа, Х.Болормаа, Х.Жангабыл, Д.Жаргалсайхан, Б.Заяабал, П.Наранбаяр, Д.Пүрэвдаваа, П.Сайнзориг, Да.Цогтбаатар, Ж.Чинбүрэн нар ажилласан бөгөөд ажлын хэсэг хоёр удаа хуралдсан байна.

photo_2026-10-02_11-19-49 (3).jpg

Ажлын хэсгийн танилцуулгад Үндэсний баялгийн сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулиар Засгийн газар нь төрийн өмчийн бүрэн бүтэн байдлыг Улсын Их Хурлын өмнө хариуцах бөгөөд төрийн өмчит хуулийн этгээдийг байгуулах, өөрчлөх, татан буулгах тухай шийдвэр гаргах, түүний дүрмийг батлах бүрэн эрхтэй байх тул Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5-д заасан “орлого төвлөрүүлэгч хуулийн этгээд”-ийг нэрлэн заасан зохицуулалт буюу “Чингис хаан баялгийн сан нэгдэл”” гэснийг хасахаар тусгасан байв.

photo_2026-10-02_11-19-49 (2).jpgphoto_2026-10-02_11-19-50 (2).jpg

Мөн Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөлд үнэт цаасыг анхдагч зах зээлийн үе шатыг дамжуулахгүйгээр шууд хоёрдогч зах зээлд арилжаалах эрх олгох нь Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд заасан анхдагч болон хоёрдогч зах зээлийн ойлголт, тэдгээрийн дараалал, Санхүүгийн зохицуулах хорооны хяналт, зөвшөөрлийн тогтолцоотой зөрчилдөх нөхцөл байдал бий болгох бөгөөд хувьцаа эзэмшигчийн эрх ашгийг хамгаалах, мэдээллийн ил тод байдлыг хангах, зах зээлийн оролцогчдод ижил, тэгш түвшний шаардлага тавих, хяналт, хариуцлагын зарчмыг сулруулах эрсдэлтэй байх тул уг хуулийн төслийг хууль санаачлагчид буцаах нь зүйтэй гэж үзжээ.

photo_2026-10-02_11-19-57 (3).jpgphoto_2026-10-02_11-19-56.jpg

Түүнчлэн “Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөлд туссан “Засгийн газрын эзэмшлийн үндэсний хөрөнгө оруулалтын сан”-гийн эрх зүйн статус, түүнийг байгуулах болон төрийн эзэмшлийн хувьцааг эзэмших эрх зүйн үндэслэл, хувьцаа шилжүүлсний дараах өмчлөл, хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэх субьект, хөрөнгийг захиран зарцуулах эрх хэмжээ зэрэг асуудал нь тодорхойгүй байх тул эдгээр харилцааг холбогдох хууль тогтоомжид нийцүүлж, нарийвчилан зохицуулах шаардлагатай гэж үзэн төслийг хууль санаачлагчид буцаах зэрэг санал бэлтгэсэн гэдгийг ажлын хэсгийн ахлагч танилцуулгадаа дурдав.

Мөн дээрх хууль тогтоолын төслүүдийг эрхлэх асуудлын хүрээнд Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороо болон Эдийн засгийн байнгын хороо хэлэлцсэн бөгөөд санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд ирүүлснийг гишүүдэд танилцуулсан.

photo_2026-10-02_11-19-48 (2).jpgphoto_2026-10-02_11-19-56 (2).jpg

Ингээд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуултийн 39 дүгээр зүйлийн 39.10-т заасны дагуу Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хамт өргөн мэдүүлсэн Үндэсний баялгийн сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, “Тогтоолд өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл, “Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг зүйл бүрээр хэлэлцэв.

photo_2026-10-02_11-19-57 (2).jpg

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа ажлын хэсэг болон бусад Байнгын хороодоос хууль, тогтоолын төслүүдийн талаар гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалаа. Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.

Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголын төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ

Хуралдааны төгсгөлд Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг явуулсан.

Хуулийн төслүүдийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд З.Мэндсайхан танилцуулав. Төсвийн тодотголын төсөлд дараах арга хэмжээг тусгажээ. Үүнд;

photo_2026-10-02_11-19-50 (3).jpg

Нэгдүгээрт, ахмад настны орлогын баталгааг нэмэгдүүлж, тэтгэврийн тогтолцооны шударга байдлыг сайжруулах хүрээнд нийт 435.0 мянган ахмад настанд ажилласан жил, төлсөн шимтгэл болон авч байгаа тэтгэврийн хэмжээнээс хамааран сард 100.0-300.0 мянган төгрөгийн суурь тэтгэврийг 2026 оны 11 дүгээр сараас олгож эхлэхээр тооцож шаардагдах 196.3 тэрбум төгрөгийг төсвийн тодотголд тусгаж, суурь тэтгэвэр олгох хугацааг наашлуулж байгаатай холбогдуулан нийгмийн даатгалын холбогдох хуулиудад өөрчлөлт оруулах төслийг боловсруулсан байна.

Хоёрдугаарт, төрийн үйлчилгээний албан хаагчдын цалин хөлсний зохицуулалтыг жигдрүүлж, салбар хооронд үүссэн цалингийн зөрүүг арилгаж, 2026 оны эхнээс боловсролын салбарын цалинг 50 хувь, эрүүл мэндийн салбарынхыг 30 хувь, шинжлэх ухааны салбарынхыг 15 хувиар нэмэгдүүлсэн нь төрийн үйлчилгээний салбаруудын цалингийн өсөлтийг харилцан адилгүй болгосон. Иймд 2026 оны 11 дүгээр сараас төрийн үйлчилгээний бүх салбарын цалингийн өсөлтийг 2025 оны суурь түвшинтэй харьцуулахад 50 хувьд хүргэж жигдрүүлэх ба үүнд эрүүл мэндийн салбарын цалинг 20 нэгж хувиар, соёл, шинжлэх ухааны салбарын ажилтны цалинг 35 нэгж хувиар, спорт, цаг уур зэрэг бусад төрийн үйлчилгээний цалин хөлсийг 50 нэгж хувиар тус тус нэмэгдүүлэхэд шаардагдах 170.1 тэрбум төгрөгийг төсвийн тодотголын төсөлд тусгажээ.

photo_2026-10-02_11-19-51.jpg

Мөн боловсролын салбарын үндсэн цалинг энэ оны эхнээс 50 хувиар нэмэгдүүлсэн шийдвэрийн бүтэн жилийн санхүүжилтийн дутуу үлдэгдэл болох 674.5 тэрбум төгрөгийг төсөвт тусгаж, тус салбарын 93.5 мянган багш, ажилтны цалин хөлсийг ондоо багтаан бүрэн олгох боломжийг бүрдүүлнэ. Боловсрол, эрүүл мэндийн салбарт нэмэгдэл, нэмэгдэл хөлсийг өмнөх цалингийн сууриас тооцож ирсэн ойлгомжгүй зохицуулалтыг бүрэн цэгцэлж, нэмэгдсэн үндсэн цалингаас тооцдог нэгдмэл зарчимд шилжүүлж, төрийн үйлчилгээний албан хаагчдыг цалингийн зөрүү, ойлгомжгүй зохицуулалтаас “чөлөөлж” байгаа аж.

Гуравдугаарт, иргэдийн орлогыг үнийн огцом өсөлтөөс хамгаалж, стратегийн нөөцийн зарим барааны хангамжийг тогтворжуулна. Тухайлбал, иргэдийн хүнсний гол хэрэглээ болсон махны нийлүүлэлтийг тогтвортой байлгаж, улирлын хомсдол болон үнийн огцом өсөлтөөс сэргийлэх зорилгоор дотоодын махны үйлдвэрүүдэд олгох хөнгөлөлттэй зээлийн хэмжээг нэмэгдүүлэх, улаанбуудай, хүнсний ногооны нөөцийг нэмэгдүүлэх хүрээнд зоорь, агуулахын хүчин чадлыг нэмэгдүүлэх хөнгөлөлттэй зээлийг аж нэгжүүдэд олгож, дотоодын хүнсний ногоо, гурилын нөөц, хангамжийг жилийн турш тогтвортой байлгахад анхаарахаар болжээ. Эдгээр арга хэмжээг хэрэгжүүлэхэд нийт 150.0 тэрбум төгрөгийг төсвийн тодотголын төсөлд тусгасан байна.

photo_2026-10-02_11-19-50.jpg

Мөн импортын цахилгааны үнэ нэмэгдэж, эрчим хүчний салбарын бодит өртөг болон тарифын зөрүү нэмэгдэж байгаа тул энэхүү ачааллыг хэрэглэгчдэд огцом шилжүүлэхгүй байх үүднээс эрчим хүчний тарифын алдагдалд 107.3 тэрбум төгрөгийг татаас олгох, станц, дамжуулах болон түгээх компаниудын их засвар, зайлшгүй шаардлагатай тоног төхөөрөмжийн шинэчлэлд 92.7 тэрбум төгрөг нэмж төсөвлөхөөр тусгажээ.

Дөрөвдүгээрт, хөрөнгө оруулалтын зардлыг эрэмбэлж, төсвийн хөрөнгийн үр ашгийг нэмэгдүүлэх хүрээнд Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт заасан зохицуулалтын хүрээнд “Төсвийн хэмнэлтэд тооцох тухай” Засгийн газрын 2026 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 231 дүгээр тогтоолоор 2026 онд 252.5 тэрбум төгрөг буюу гэрээ байгуулаагүй 32 төслийн 118.6 тэрбум төгрөг, багцад хуваарилан хэрэгжүүлэхээр төлөвлөсөн боловч гэрээ байгуулаагүй 103.3 тэрбум төгрөг, худалдан авах ажиллагааны явцад бий болсон хэмнэлт 29.4 тэрбум төгрөг төсвийн хэмнэлтэд тооцогдсоноор дараа онуудад ирэх төсвийн ачааллыг 1 их наяд орчим төгрөгөөр бууруулжээ. Энэхүү төсвийн тодотголоор улсын төсвийн хөрөнгө оруулалтын зардлыг цэвэр дүнгээр 249.5 тэрбум төгрөгөөр бууруулж, 2026 онд 9,798.3 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий 702 төсөл, арга хэмжээнд 3,030.7 тэрбум төгрөгийг санхүүжүүлэх юм байна.

photo_2026-10-02_11-19-55 (3).jpg

Тавдугаарт, төрийн өмчит компаниудын үр ашиг, төсөвт төвлөрүүлэх ногдол ашгийг нэмэгдүүлэх бодлогын арга хэмжээг хэрэгжүүлэх хүрээнд төрийн болон орон нутгийн өмчит аж ахуй нэгжүүдийн санхүүгийн боломжит байдалд тулгуурлан нэгдсэн төсөвт төвлөрүүлэх ногдол ашгийг 1,613.8 тэрбум төгрөгт хүргэхээр, мөн төрийн 100 хувийн өмчит хөрөнгө оруулалтын санг аж нэгжийн хэлбэрээр байгуулж, төрийн өмчит аж ахуй нэгжийн хувьцааны 20-иос доошгүй хэвийг тус санд төвлөрүүлнэ. Сангийн хөрөнгийн удирдлагыг хэрэгжүүлэх олон улсын мэргэшсэн байгууллагыг нээлттэй сонгон шалгаруулалтаар сонгож, хөрөнгө оруулалтын сангийн хувьцааг олон улсын нэр хүндтэй хөрөнгийн биржээр дамжуулан арилжаалах бэлтгэлийг хангаж ажиллана. Энэ хүрээнд төрийн өмчит компанийн хувьцааг үнэт цаасны анхдагч зах зээлд санал болгохгүйгээр арилжаа эрхлэх байгууллагын бүртгэлд бүртгэх, мөн уламжлалт санхүүгийн хэрэгслийг орчин үеийн дэвшилтэт дэд бүтцийг ашиглан олон улсад гарган арилжаалах эрх зүйн орчныг бүрдүүлэх зорилгоор Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан байна.

photo_2026-10-02_11-19-55.jpg

Зургадугаарт, төсвийн болон гадаад санхүүжилтийн эрсдэлийг бууруулж, санхүүгийн эх үүсвэрийг нэмэгдүүлнэ. Энэ хүрээнд геополитикийн нөхцөл байдлаас шалтгаалсан төсөв, төлбөрийн тэнцэл, гадаад валютын нөөцөд ирэх дарамтыг бууруулах, байгалийн гамшиг болон эдийн засгийн хямралын үед хурдан хугацаанд ашиглах санхүүжилтийн эх үүсвэрийг баталгаажуулах зорилгоор Азийн хөгжлийн банкнаас 200.0 сая ам.долларын төсвийн дэмжлэгийн зээл болон 250.0 сая ам.доллар хүртэлх нөхцөлт зээлийн шугам байгуулахаар холбогдох гэрээ хэлэлцээрийн төслийг бэлтгэжээ. Дээрх нөхцөл байдлаас шалтгаалж төрийн сангийн мөнгөн хөрөнгийн дутагдлыг нөхөх, Засгийн газрын санхүүжилтийн хэрэгцээг дотоодын эх үүсвэрээс бүрдүүлэх зорилгоор Засгийн газрын дотоод үнэт цаасны арилжаалах хэмжээг 1.0 их наяд төгрөгөөр нэмэгдүүлэхээр тооцсон байна.

Долдугаарт, тэвчиж болох зардлыг бууруулж, төр өөрөөсөө хэмнэлт хийж, бүсээ чангалах төсвийн хэмнэлтийн үр дүнд урсгал зардлаас 433.4 тэрбум, нийслэлийн үнэт цаасны санхүүжилтээс 758.0 тэрбум, хөрөнгийн зардлаас цэвэр дүнгээр 249.5 тэрбум төгрөг буюу нийт 1,440.9 тэрбум төгрөгийг хэмнэнэ. Ийнхүү зайлшгүй хэрэгжүүлэхээс бусад арга хэмжээ, зардлыг он дуустал зогсоож, чөлөөлсөн эх үүсвэрийг иргэдийн орлого, нийгмийн хамгаалал, төрийн үндсэн үйлчилгээнд чиглүүлнэ гэж танилцуулгад дурдсан байлаа.

photo_2026-10-02_11-19-50 (4).jpg

Түүнчлэн төсвийн тодотголын үр дүнд 2026 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 31.9 их наяд төгрөг, нийт зарлага 34.0 их наяд төгрөг, төсвийн алдагдал 2.0 их наяд төгрөг буюу ДНБ-ий 2.0 хувь байхаар тооцсон хэмээн Сангийн сайд танилцуулгадаа онцлов.

Мөн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 71 дүгээр зүйлд заасны дагуу хуулийн төслийн гурав дахь хэлэлцүүлэг явуулсан талаарх бусад Байнгын хороод болон Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны санал, дүгнэлт болон зарчмын зөрүүтэй саналын томьёоллыг гишүүдэд тараасныг Н.Наранбаатар дарга танилцуулав.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг асуулт асуусны дараа хуулийн төслүүдийг Байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийн санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Н.Наранбаатар танилцуулсан.

photo_2026-10-02_11-19-54.jpg

Уг санал, дүгнэлтэд Засгийн газраас өргөн мэдүүлсэн төсвийн төслийн зарлагын нийт дүнг нэмэгдүүлэхгүйгээр зардал хооронд зохицуулалт хийх хүрээнд тухайн байгууллагын хуулиар хүлээсэн үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэх үйл ажиллагаанд доголдол үүсэх, зардал санхүүжилт зайлшгүй дутагдах эрсдэл үүсэх магадлалтай зарим салбарын төсвийг нэмэгдүүлэх, эх үүсвэрийг 2026 оны хүлээгдэж байгаа гүйцэтгэлтэй уялдуулан төслийн 1 дүгээр хавсралтын “УТ 2602001067 төсвийн кодтой Хавдар судлалын үндэсний төвийн 2 дугаар цогцолборын А,С блокийн барилга, гадна шугам сүлжээ, Улаанбаатар Сонгинохайрхан дүүрэг, хэрэгжих хугацаа 2026-2028 он, төсөвт өртөг 25 тэрбум 605,6 сая төгрөг, санхүүжих дүн 25 тэрбум 605,6 сая төгрөг” гэсэн төсөл, арга хэмжээний санхүүжих дүнг 6 тэрбум 12 сая төгрөгөөр бууруулах замаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэнийг дурджээ.

Мөн Улсын Их Хурлын гишүүдээс 2016 оны төсвийн жил дуусах, гүйцэтгэл нь бүрэн гарах боломжтой хөрөнгө оруулалтын зарим төсөл, арга хэмжээний санхүүжилтийг нэмэгдүүлэх, харин гүйцэтгэл удаашралтай, хуулиар батлагдсан санхүүжилтийг бүрэн зарцуулах боломжгүй нөхцөл үүссэн төсөл хооронд зохицуулалт хийх санал гаргасныг ажлын хэсэг дэмжсэн байна.

photo_2026-10-02_11-19-49.jpg

Түүнчлэн Засгийн газрын өргөн мэдүүлсэн төслийн танилцуулгад “Гэрт ойрхон сургууль, хамгийн сайн сургууль” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах санхүүжилтийн хэмжээг 50 тэрбум төгрөг гэж тусгасан боловч тухайн салбарыг хариуцсан ажлын хэсгийн хуралдаанд Боловсролын яамнаас мэдээлэл өгөхдөө уг санхүүжилтийн дүнг 62,2 тэрбум гэж танилцуулсныг ажлын хэсгийн танилцуулгадаа дурдсан. Нийгмийн салбар хариуцсан ажлын хэсгийн хуралдаанд 2026 оны төсвийн жилд Нийгмийн даатгалын сангаас олгодог ажилгүйдлийн тэтгэмжийн хүлээгдэж буй гүйцэтгэл, төлөвлөгдсөн дүнгээс хэтрэхээр байгаа тул уг санхүүжилтийг Тэтгэврийн даатгалын сангийн зарлагыг бууруулж, Тэтгэмжийн даатгалын сангийн зарлагыг нэмэгдүүлэх санал оруулсныг ажлын хэсэг дэмжсэн гэсэн байв.

Ажлын хэсгээс төрийн албан хаагчдын цалин, хөлсний бүтцийн шинэчлэлийн нэгдсэн бодлого хэрэгжүүлэх асуудлаар Засгийн газарт чиглэл болгох, цаашид батлагдаагүй төсвийг зарцуулахгүй байх талаар Төсвийн тухай хуулийг мөрдөж ажиллах нь зүйтэй гэсэн саналуудыг гаргасан хэмээн танилцуулгад дурдсан байлаа.

Ингээд ажлын хэсэг болон Байнгын хороод, Дэд хороо, Улсын Их Хурлын гишүүдээс ирүүлсэн хуулийн төслүүдийн талаарх зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулав. Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээлэв.

Эх сурвалж: parliament.mn

Санал болгох мэдээ

ЭЗБХ: Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо өнөөдөр /2026.10.01/ Төрийн ордны “Үндсэн хууль” танхимд 53.1 …