МУБИС-ийн Дүрслэх урлаг, технологийн сургууль, БНСУ-ын “I’m World” брэндийн үүсгэн байгуулагч “The K-Bolt” компанийн хооронд 2023 онд байгуулсан хамтран ажиллах гэрээний дагуу “ДИЗАЙН ТЕХНОЛОГИЙН БАГШ, ОЮУТНЫ ДИЖИТАЛ УР ЧАДВАРЫГ НЭМЭГДҮҮЛЭХ БОЛОМЖ” судалгааны төслийг 2025 онд хамтран эхлүүлж нэг жилийн хугацаатай хэрэгжүүлэв.
Тус төсөл нь Монгол Улсын Засгийн газрын Цахим хөгжлийн зорилт (“Алсын хараа-2050”) дахь Бүх нийтийн цахим боловсролыг дээшлүүлэх, мэдээллийн технологи, хиймэл оюун ухаан (AI)-д суурилсан үндэсний чадамжийг бүрдүүлэх зорилт, Боловсролын ерөнхий хууль болон Боловсролын яамны сайдын бодлого дахь Ерөнхий боловсролын сургуулийн (ЕБС) сургалтын хөтөлбөрт STEAM баримтлалыг нэвтрүүлэх, “Дизайн технологи”-ийн хичээлийг инженерчлэл болон робот техник, AI кодчилолтой хослуулан шинэчлэх заах арга зүйн бодлого, Дэлхийн хүүхэд, залуучуудын хөгжлийн чиг хандлага & UNESCO AI боловсролын удирдамж дахь 21-р зууны суралцагчийн зохион бүтээх ур чадвар, AI болон алгоритмд сэтгэлгээг эрт үеэс төлөвшүүлэх глобал үзэл баримтлалыг хэрэгжүүлэхэд чиглэгдсэн юм.
Иймд Монгол Улсын Засгийн газрын цахим шилжилт, Боловсролын яамны инновацын бодлогод нийцүүлэн, ЕБС-ийн сурагч болон багш нарт хиймэл оюун ухаанд суурилсан робот, дроныг эзэмшүүлэх, кодчилох, тэдний инженерчлэл болон зохион бүтээх сэтгэлгээг хөгжүүлэх, дизайн технологийн багш мэргэжлээр суралцаж байгаа оюутнуудын дижитал ур чадварыг дээшлүүлэх орчин үеийн “STEAM, AI-Drone HUB CENTER”-ийг байгуулж, цаашид тогтвортой өргөжүүлэн туршилт, сургалтын төв болгох зорилго тавин төслийн баг амжилттай ажиллаж 2026 оны 10 сарын 01 өдөр төслийн үр дүнг тайлагнан хүлээлгэж өглөө.
Тус төвийг хүлээн авах нээлтийн үйл ажиллагаанд МУБИС-ийн ректор, профессор Ж.Батбаатар, МБУС-ийн захирал, доктор Т.Ганбаатар, ДУТС-ийн захирал, доктор С.Батцоож, ЭШИ-ын албаны дарга Э.Азжаргал, “The K-Bolt” компанийн Захирал John Kim, “The K-Bolt” компанийн зохион бүтээгч, хэлтсийн дарга Byeon Kyuyoung, СЦШХ-ийн дарга, профессор Д.Цэдэвсүрэн болон төслийн баг, ДУТС-ийн Технологийн тэнхимийн хамт олон оролцов.
Төслийн багийн ахлагчаар ДУТС-ийн захирал, доктор С.Батцоож, төслийн зөвлөхөөр БНСУ-ын “The K-Bolt” компанийн Захирал John Kim, багийн гишүүдээр Технологийн тэнхимийн эрхлэгч, дэд профессор Д.Сэрээтэрдорж, Доктор М.Баасанбаяр, “SGG Friend” компани Захирал Ц.Оюун-Эрдэнэ нар ажилласан.
Төслийн үр дүнд ЕБС-ийн Дизайн технологийн багш нар, тус мэргэжлээр суралцаж байгаа оюутнуудын дижитал ур чадварын түвшнийг тогтоон тэдгээрийн STEAM, Robot, AI-Drone кодчиллын мэдлэг, чадварыг нэмэгдүүлэх сургалт, судалгаа, туршилтын “HUB CENTER” төв байгуулагдаж тасралтгүй хөгжих, суралцах, хамтран турших боломжийг бүрдүүлж байгаа юм.
ДУТС-ийн талаас өөрийн анги танхимыг гарган иж бүрэн засварлаж ухаалаг самбар, сургалтын ширээ, сандал, цахим орчныг бүрдүүлэн тоноглосон бол “The K-Bolt” компанийн зүгээс 98,000,000 (ерэн найман сая) төгрөгийн үнэ бүхий дрон, робот, STEAM хичээлийн тоног төхөөрөмж, хэрэглэгдэхүүнийг хөрөнгө оруулалт болгон нийлүүлж хүлээлгэн өглөө.
Эх сурвалж: msue.edu.mn
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл