Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Гадаад харилцааны газрын дарга Г.Анар Улаанбаатар хотод ажиллаж байгаа Оросын Холбооны Улсын Красноярск хотын Соёлын ерөнхий газрын дарга Л.А.Сахарова тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар хоёр хотын соёлын салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлэх, хөгжмийн хамтлаг болон хүүхдийн дүрслэх урлагийн чиглэлээр солилцоо хөгжүүлэх тухай голлон ярилцлаа.

Уулзалтын эхэнд Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Гадаад харилцааны газрын дарга Г.Анар, Улаанбаатар хот болон Красноярск хотын найрамдалт харилцаа, хамтын ажиллагаа 1999 онд эхэлснээс хойш 27 жил өнгөрч байна. Монгол Улс, Оросын Холбооны Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ой, Улаанбаатар хот дахь Оросын шинжлэх ухаан, соёлын төв буюу Русский дом байгуулагдсаны 50 жилийн ой тохиож буй энэ үед Красноярск хотын төлөөлөгчид Улаанбаатар хотод айлчилж байгааг онцлон тэмдэглэхэд таатай байна гэлээ.

Мөн Соёл, урлаг нь хотуудын иргэд хоорондын харилцан ойлголцлыг нэмэгдүүлэх, үндэсний өв соёлыг харилцан таниулах, урт хугацааны найрсаг харилцааг бэхжүүлэх чухал салбар гэж үздэг. Хоёр хотын соёлын байгууллага, уран бүтээлчид, хүүхэд залуучуудын байгууллагын хамтын ажиллагааг дэмжих сонирхолтой байгаагаа илэрхийлсэн юм.
Нэгдүгээрт, хоёр хотын соёл, урлагийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх хүрээнд хөгжмийн хамтлаг, найрал хөгжим, дуу бүжгийн болон бусад урлагийн уран бүтээлчдийн харилцан солилцоог хөгжүүлэх,
Хоёрдугаарт, Монголын Хүүхдийн урлан бүтээх төв болон Красноярск хотын В.И. Суриковын нэрэмжит Хүүхдийн урлан бүтээх 1 дүгээр сургуулийн хооронд багш, арга зүйч, суралцагчдын туршлага солилцоо, сургалт, мэргэжил дээшлүүлэх арга хэмжээ зохион байгуулах,
Гуравдугаарт, хоёр хотын соёлын өв, дүрслэх урлаг, үндэсний гар урлалыг харилцан сурталчлан таниулах, хамтарсан үзэсгэлэн, урлагийн танилцуулга болон бусад соёлын арга хэмжээ зохион байгуулах боломжийг судлах,
Дөрөвдүгээрт, дээрх чиглэлүүдээр хамтарсан төсөл, арга хэмжээ хэрэгжүүлэхэд Нийслэлийн зүгээс татгалзах зүйлгүй бөгөөд хоёр хотын соёл, урлагийн байгууллагуудын хамтын ажиллагааг бодит ажил хэрэг болгох сонирхолтой байна гэв.

Эх сурвалж: ulaanbaatar.mn
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл