Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна

Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Өмнөх шуурхай зөвлөгөөнөөр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва 25 үүрэг даалгавар өгсөн бөгөөд хэрэгжилт 70.4 хувьтай байгааг НЗДТГ-ын Хяналт-шинжилгээ, үнэлгээний газрын дарга Б.Мөнхбаяр танилцууллаа.

16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна

Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангаж, тусгай зориулалтын машин тоног, төхөөрөмж, техникийн бэлэн байдлыг ханган давс, бодисын нөөцийг бүрдүүлж байна. Өвөлжилтийн бэлтгэл ажлын нэгдсэн төлөвлөгөөнд 573 ажил тусгаснаас хэрэгжилт 90 хувьтай байна. Давс 10016 тонн, бодис 6140 тонныг нөөцөлсөн. Нэмэлтээр 1000 тонн давс, 1500 тонн бодис худалдан авахаар тендер зарлаад байна. Мөн давс, бодис цацагч 96, зам цэвэрлэгээний 432 тусгай зориулалтын машин, техникийн бэлэн байдлыг хангаад байна. Нийслэлийн хэмжээнд тохижилт үйлчилгээний чиглэлээр 48 байгууллага үйл ажиллагаа явуулдаг. Үүнээс зам, талбайн цэвэрлэгээ үйлчилгээ явуулдаг орон нутгийн төсөвт 17, хувийн хэвшлийн 20 байгууллага байна. Захирагчийн ажлын албанаас “Өвөлд бэлэн үү” үзлэг, шалгалтыг эхлүүлсэн.

Хотын гол болон туслах гудамж, замын арчлалт, засварын ажил 88.6 хувийн гүйцэтгэлтэй байна

Авто зам, дугуйн зам, явган хүний зам, гэрэлтүүлэг, хашлага, хайсны стандартын хэрэгжилтэд хяналт шалгалт хийх, байгууллага хоорондын ажлын уялдаа холбоог ханган ажиллаж байна. Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй нийтийн эзэмшлийн явган хүний зам, талбайн 17 төсөл, арга хэмжээний дундаж гүйцэтгэл 96 хувьд хүрч, 13 төсөл, арга хэмжээг бүрэн дуусган Улсын комисст хүлээлгэн өгсөн. Үлдсэн хоёр төсөлд комисс ажиллуулах хүсэлт хүргүүлж, хугацаанд нь ашиглалтад оруулахаар ажиллаж байна.

Нийслэлийн хэмжээнд хотын гол болон туслах гудамж, замын арчлалт, засварын ажил 88.6 хувьтай байна. Мөн найман байршилд хэрэгжүүлж буй 21.9 км авто замын засвар, шинэчлэлтийн ажил 88 хувь, нийслэлийн төвийн зургаан дүүргийн орон сууцны хороолол доторх 34 байршлын 18.2 км авто замын ажил 53 хувь, таван дүүрэгт хэрэгжүүлж буй 43 км явган хүний болон дугуйн зам, байгууламжийн ажил 52 хувийн гүйцэтгэлтэй байна.

Нийслэлд томуугийн дархлаажуулалт 93 хувьд хүрлээ

Нийслэлийн харьяа эрүүл мэндийн байгууллагууд есдүгээр сарын 3-ны өдрөөс “Томуугийн эсрэг хамтдаа” аян зохион байгуулсан. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын хэмжээнд томуугийн дархлаажуулалт 93 хувьтай байна. Дархлаажуулалтад хамрагдвал зохих 293 мянган иргэнийг хамруулахаар төлөвлөсөн. Томуу, томуу төст өвчний идэвхжилийн түвшингээс хамаарч 1607 хүртэл ороор хүчин чадлаа өргөтгөхөөр бэлэн байдлаа ханган ажиллаж байна. Томуу, томуу төст өвчин идэвхжилийн түвшинд байгаа бөгөөд амбулаторийн нийт үзлэгийн 5.2 хувийг эзэлж байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад нэг хувиар бага үзүүлэлт юм.

2021 өрхийг цахилгаан, эрчим хүчээр хангахаар ажиллаж байна

Цахилгаан хангамжгүй 2,021 өрх, хүчдэлийн уналттай 580 өрхийн асуудлыг байршлаар нь тодорхойлж байна. Тухайлбал, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт нийт 12 хорооны 737 айл өрх цахилгаангүй, найман хорооны 360 өрх хүчдэлийн уналттай байна. Мөн зураг төсөвтэй болон одоо ажил нь эхлээд явж байгаа 11, 20, 33 дугаар хорооны 1284 айл өрх цахилгаангүй, 20, 33 дугаар хорооны 220 айл, өрх хүчдэлийн уналттай байна. Нийт 2601 айл өрхийг цахилгаан, эрчим хүчээр хангах ажлын мэдээллийг төсвийн саналд тусгах саналыг холбогдох байгууллагуудад хүргүүлжээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва нийслэлийн удирдах ажилтнуудад дараах үүрэг даалгаврыг өглөө.

  1. Нийслэлийн 2026 оны төсвийн тодотголын төслийг НИТХ-д өргөн барих учир харьяа байгууллагууд шаардлагатай санал хүсэлтээ Санхүү, хөрөнгө оруулалтын газарт өгөх,
  2. Улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалттай төсөл арга хэмжээний хэрэгжилтийг бүх шатанд эрчимжүүлж, гэрээний хугацаанд сунгагдсан ажлуудын гүйцэтгэлд анхаарч, үнэлэлт дүгнэлт хийж танилцуулах,
  3. Нийт байгууллага бодлогын баримт бичгийн хэрэгжилтийг хангаж, хэрэгжилт хангалтгүй болон удаашралтай байгаа төсөл, арга хэмжээ тус бүрийн шалтгаан нөхцөлийг тодорхойлон хэрэгжилтийг эрчимжүүлж, үр дүнг сайжруулах,
  4. “Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай” хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлж ажиллах,
  5. Нийслэлийн нутаг дэвсгэрт халиа, тошин үүсэхээс урьдчилан сэргийлэх бэлтгэл ажлыг шуурхай хангаж, эрсдэл бүхий байршлыг тогтоон эрсдэлийг бууруулах чиглэлээр хэрэгжүүлэх арга хэмжээний санал боловсруулж, танилцуулах,
  6. Хот тохижилт, нийтийн тээвэр, инженер хангамжийн байгууллагууд шатахууны үнийн өсөлттэй холбоотой саналаа боловсруулах,
  7. Төсвийн орлого бүрдүүлэх ажлыг эрчимжүүлэх,
  8. Томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх
  9. Нийт байгууллагад иргэдээс ирсэн өргөдөл, гомдлыг хуульд заасан хугацаанд шийдвэрлэж, хугацаа хэтэрсэн болон шийдвэрлэлт удааширсан өргөдөл гомдол тус бүрийн шалтгаан нөхцөлийг тодорхойлон шийдвэрлэлтийг шуурхай эрчимжүүлж ажиллахыг үүрэг болголоо.

Эх сурвалж: ulaanbaatar.mn

Санал болгох мэдээ

“Уран жолоодлого-2026” тэмцээнд нийтийн тээврийн 70 гаруй жолооч өрсөлдөж байна

Нийтийн тээврийн жолооч нарын дунд “Уран жолоодлого-2026” тэмцээнийг аравдугаар сарын 17-18-нд Монгол наадам цогцолборт зохион …