ХЗБХ: “Хөдөөгийн охид, эмэгтэйчүүдэд тулгамдаж буй асуудал, жендэрийн тэгш байдлыг хангахад чиглэсэн бодлогын шийдэл боловсруулах талаарх санал солилцох” хэлэлцүүлэг зохион байгуулав

Улсын Их Хурлын Хүний эрхийн дэд хороо, Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллага хамтран “Хөдөөгийн охид, эмэгтэйчүүдэд тулгамдаж буй асуудал, жендэрийн тэгш байдлыг хангахад чиглэсэн бодлогын шийдэл боловсруулах талаарх санал солилцох” хэлэлцүүлгийг өнөөдөр (2026.10.21) Төрийн ордны “Үндсэн хууль” танхимд зохион байгууллаа.

Хэлэлцүүлгийг нээж, Улсын Их Хурлын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга Х.Баасанжаргал, Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл нар үг хэлж, охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсооход парламентын гишүүд нэгдмэл байр суурьтай байгаа нь үр дүнтэй гэдгийг онцлов.

3.jpg

2.jpg

“Хүйсийн тэгш эрхийн төв” ТББ-ын тэргүүн, Жендэрийн үндэсний шинжээч Г.Ганбаясгах “Хөдөөгийн охид эмэгтэйчүүдийн аж байдлын судалгаа”-ны эхний үр дүнг танилцуулж, бодлогын шийдэл, эрх зүйн орчныг сайжруулахад авах арга хэмжээ, санаачилгын талаар Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа, Г.Уянгахишиг, Б.Мөнхсоёл, О.Алтангэрэл, М.Мандхай, Б.Хэрлэн, С.Эрдэнэболд нар байр сууриа илэрхийлсэн.

Гишүүд, гэр бүлийн хүчирхийллийн асуудлыг шийдвэрлэхэд хүчирхийлэл үйлдэж буй эрэгтэйчүүд, цаашлаад хөвгүүдийг өсвөр наснаас нь зан үйл, мэдлэг хандлага өөрчлөх сургалтад хамруулах нь зүйтэй гэсэн санал гаргаж байв. Ажилгүйдэл, ядуурал, архидан согтуурах, ган зуд зэрэг уур амьсгалын өөрчлөлт, эдийн засаг, нийгмийн нөлөөллийг ч мөн хөндлөө.

Канад Улсын Засгийн газар, Гадаад хэргийн яамны дэмжлэгээр Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллага хэрэгжүүлж буй төслийн хүрээнд 5 бүс буюу Ховд, Хөвсгөл, Өмнөговь, Дорнод аймаг, нийслэлийн Багануур дүүргийг сонгож, зорилтот бүлгийн 200 хүнийг хамруулсан чанарын судалгаа хийжээ.

Судалгаагаар, гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хохирогчид тусламж үйлчилгээ авахад алслагдсан байршил гол саад болдог, хүчирхийллийн талаарх мэдээлэл хангалтгүй, удмын нэр хүндийг бодож хүчирхийлэлд өртсөн талаар мэдэгддэггүй, нууц алдагдахаас айх, архины хэрэглээ, хохирогчийг буруутгах хандлага, хэвшмэл ойлголт зэрэг асуудлыг тодорхойлсон байна. Түүнчлэн орон нутагт сэтгэл зүйн үйлчилгээ авах хэрэгцээ өндөр байгаа бөгөөд малчин өрхийн хувьд уур амьсгалын өөрчлөлт гэр бүлийн хүчирхийлэлд нөлөөлж байна гэсэн судалгааны дүгнэлт гарчээ.

Хэлэлцүүлгийг хааж Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Суурин төлөөлөгч Чарльз Болланд үг хэлэв. Тэрбээр Монгол Улсын Их Хурлын Хүний эрхийн дэд хорооны дарга, гишүүд манлайлж хүний эрхийн тулгамдсан асуудлыг хэлэлцүүлж, олон улсын жишиг тогтоохуйц санал, санаачлагатай ажиллаж байгаад талархал илэрхийлэв гэж Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээллээ.

8.jpg

10.jpg

1.jpg

15.jpg

Эх сурвалж: parliament.mn

Санал болгох мэдээ

Цахим мөрийтэй тоглоомын гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг иргэдэд анхаарууллаа

Засгийн газрын өнөөдрийн /2026.10.21/ ээлжит хуралдаанд “Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэргийн нөхцөл байдал, …