Улсын Их Хурлын гишүүн, Санхүүгийн хоршооны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч Л.Соронзонболд өнөөдөр /2026.10.21/ Азийн хадгаламж, зээлийн хоршоодын холбооны гүйцэтгэх захирал Эленита В.Сан Рокег хүлээн авч, уулзлаа.
Ажлын хэсгийн ахлагч Л.Соронзонболд уулзалтын эхэнд, хатагтай Эленита В.Сан Рокетой уулзаж байгаадаа талархал илэрхийлээд, хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаараа товч танилцуулав.

Азийн хадгаламж, зээлийн хоршоодын холбооны гүйцэтгэх захирал Эленита В.Сан Роке энэ үеэр хадгаламж, зээлийн хоршооны чиглэлээр идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг тэргүүлэх орнууд болох АНУ, Канад, БНСУ-ын туршлагаас хуваалцсан. Мөн тэдгээр орнуудын хадгаламж, зээлийн хоршоодын гол зорилго нь ашиг олох бус, харин хоршооны гишүүдийн амьжиргааг дэмжих, нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд чиглэдэг гэдгийг онцолж байлаа.

Уулзалтаар талууд Санхүүгийн хоршооны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлал, хуулийн зорилго, агуулга, ач холбогдолын талаар санал солилцлоо.
Эх сурвалж: parliament.mn
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл