Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2026.10.21/ хуралдаан 13.10 цагт 56.3 хувийн ирцтэйгээр эхэлж, Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад ороогүй хууль, тогтоолын төслүүдийг чуулганаар хэлэлцүүлэх эсэх асуудлыг хэлэлцэв.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 5.7-д “Энэ хуулийн 5.1-д заасан жагсаалтад ороогүй хууль, тогтоолын төсөл өргөн мэдүүлснийг Зөвлөлийн саналыг харгалзан Төрийн байгуулалтын байнгын хороо хэлэлцэж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн бол чуулганаар хэлэлцүүлнэ.” гэж заасныг Байнгын хорооны дарга Б.Жавхлан танилцуулаад, Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн төсөл бүрээр санал хураалт явууллаа. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх 2026 оны 10 дугаар сарын 14-ний өдөр У.Отгонбаяр нарын УИХ-ын 25 гишүүнээс өргөн мэдүүлсэн Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Н.Батсүмбэрэл нарын УИХ-ын 9 гишүүнээс өргөн мэдүүлсэн Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ.
Мөн 2026 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Монгол Улсын Засгийн газраас өргөн мэдүүлсэн Гэрээ соёрхон батлах тухай /Улаанбаатар хотноо 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдөр байгуулсан “Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээ”/ хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэн юм.

Дараа нь Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг явууллаа.
Хуулийн төслийг зүйл бүрээр хэлэлцсэн бөгөөд гишүүдээс зарчмын зөрүүтэй саналын томьёолол гараагүй гэдгийг хуралдаан даргалагч тэмдэглээд, Байнгын хорооны санал, дүгнэлтийг Төсвийн болон Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтов.
Мөн хуралдаанаар Монгол Улсын 2027 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2027 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2027 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг явуулав.

Монгол Улсын 2027 оны төсвийн бодлогын хүрээнд цалинг үнийн өсөлттэй уялдуулан нэмэгдүүлж, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулахын зэрэгцээ орон сууц, эрчим хүч, хөдөө аж ахуй, үйлдвэрлэл, боомт, инженерийн дэд бүтэц болон авто зам, логистикийн тулгамдсан асуудлыг үе шаттай шийдвэрлэхэд төсвийн нөөцийг төвлөрүүлнэ хэмээн Сангийн сайд З.Мэндсайхан танилцууллаа.
Төсвийн төсөлд иргэдийн бодит орлого, худалдан авах чадварыг хамгаалахаар тусгасныг тэрбээр онцолсон.
Сарын 792.0 мянган төгрөг хүртэлх цалингийн орлогыг татвараас чөлөөлж, гарааны бизнес эрхэлж байгаа байгууллагуудын ажилтнуудад нийгмийн даатгалын шимтгэлийн хөнгөлөлт үзүүлнэ. Эдгээр өөрчлөлтийн үр дүнд нэг сая орчим иргэний татвар, нийгмийн даатгалын шимтгэлийн ачааллыг нийт 1.0 их наяд төгрөгөөр бууруулах аж.
Мөн 2027 оны 2 дугаар улирлаас төрийн үйлчилгээний албан хаагчдын үндсэн цалингийн сүлжээг 10 хувиар, төрийн захиргаа, төрийн тусгай албан хаагчдын цалингийн сүлжээг 20 хувиар тус тус нэмэгдүүлэхээр тооцож, 211.6 мянган албан хаагчийг хамруулан нийт 887.1 тэрбум төгрөгийг төсөвт нэмэлтээр тусгажээ.
Төрийн болон орон нутгийн өмчит компанийн засаглалын тухай хууль 2027 оноос хэрэгжиж эхэлснээр компанийн удирдлага, санхүүгийн сахилга, тайлагнал, ногдол ашгийн бодлого нэгдсэн шаардлагад шилжинэ.
Төрийн өмчийн шинэчлэл нь өмч худалдах асуудлаар хязгаарлагдахгүй, үнэ цэнийг өсгөх, мэргэжлийн удирдлага нэвтрүүлэх, хөрөнгийн зах зээлд оролцоог нэмэгдүүлэх, үр өгөөжийг иргэд болон ирээдүй үеийн хуримтлалд чиглүүлэхэд оршино гэдгийг Сангийн сайд тодотгосон юм.
Оюу толгой төслөөс Монгол Улсын хүртэх өгөөжийг нэмэгдүүлнэ гэлээ. Хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг SOFR+6.5 хувиас SOFR+4.0 хувь болгон бууруулж, зээлийн нөхцөлийг дахин хянан үзэх хугацааг 7 жилээс 3 жил болгон богиносгохоор тохиролцсоныг сайд тодотгоод, Монгол Улсад төслөөс ногдох нийт өгөөжийг 53 хувьд хүргэх, бодит өгөөжийг үе шаттай нэмэгдүүлэх нь хэлэлцээний үндсэн зорилго хэмээв.
Оюу толгой төслийн төрийн эзэмшилд ногдох ногдол ашгаас 2027 онд 3.0 их наяд төгрөг төсөвт төвлөрөхөөр төсөөлж, үүнээс 2.0 их наяд төгрөгийг нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдсан хүндрэлийг үе шаттай шийдвэрлэхэд чиглүүлэх аж. Үлдэх хэсгийг Үндэсний баялгийн сангийн Хуримтлалын санд төвлөрүүлнэ гэлээ.
Төсвийн хөрөнгө оруулалтыг хэрэгжилт, хэрэгцээ шаардлага, ашиглалт, хүчин чадал, нийгэм, эдийн засгийн үр өгөөжид үндэслэн эрэмбэлнэ хэмээн Сангийн сайд дурдав.
Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төсөлд төсвийн хөрөнгө оруулалтаар нийт 10.0 их наяд төгрөг буюу гадаад зээл, тусламжийн ашиглалтын хүрээнд 4.2 их наяд төгрөг, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 3.8 их наяд төгрөг, Оюу толгойн ногдол ашгийн хүрээнд 2.0 их наяд төгрөгийг санхүүжүүлэхээр төлөвлөсөн байна.
Дээрх төслүүдийн 67 хувь буюу 6.7 их наяд төгрөгийг үргэлжлэн хэрэгжих төсөлд, 33 хувь буюу 3.3 их наяд төгрөгийг шинээр хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээнд санхүүжүүлэх бөгөөд 1,101 төслийг 2027 онд хэрэгжүүлж дуусгахаар төлөвлөжээ.
Түүнчлэн, 2027 онд нийтдээ 10.0 их наяд төгрөгийн санхүүжилт хийгдсэнээр иргэдийн амьдралын чанарыг сайжруулах, эдийн засгийн өсөлтийн суурь нөхцөлийг бүрдүүлэх, бүсүүдийн хөгжлийн саадыг арилгах бөгөөд 94 сургууль, 49 цэцэрлэг, 36 эмнэлэг, 42 дотуур байрыг ашиглалтад оруулж, 375 км авто замын барилгын ажлыг 2027 онд хэрэгжүүлж дуусгана гэж төлөвлөжээ. Мөн таван боомтын бүтээн байгуулалтын ажлыг үргэлжлүүлж, хоёр боомтын барилгын ажлыг шинээр эхлүүлэхийн зэрэгцээ газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлснээр 110.0 мянган ажлын байрыг хадгалж, 23.5 мянган ажлын байр шинээр бий болгох боломж бүрдэнэ гэж үзжээ.

Хэлэлцэж буй асуудалтай хролбогдуулан УИХ-ын гишүүн Л.Гантөмөр, Ч.Ундрам нар асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн.
УИХ-ын гишүүн Л.Гантөмөр, төсвийн төсөлд үнийн өсөлтийг зөвөөр шингээх, улмаар барилгын ажлын суурь өртөг 20 хувь нэмэгдсэн байхад 2024, 2025 оны техник, эдийн засгийн үндэслэлээр хийсэн зураг, төсөвтэй хөрөнгө оруулалтыг ирэх оны төсвийн төсөлд тусгах нь хэр үндэслэлтэйг бодож үзэх нь зүйтэй хэмээсэн.

УИХ-ын гишүүн Ч.Ундрам, Орон нутгийн шүүх байгууллагууд руу чиглэсэн төсөв, хөрөнгө оруулалтын талаар тодруулав.
Сангийн сайд З.Мэндсайхан, Ирэх оны төсвийн төсөлд шүүхийн байгууллагуудын эхлүүлсэн барилгуудыг дуусгах бодлого барьсан. Энэ жилийн тухайд таван аймаг, нэг дүүргийн шүүхийн барилгын ажил үргэлжилж байгаа. Шүүхүүдийн барилгын цогцолборын нэмэгдэл болох 18 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг шийдэж өгсөн. Мөн БНСУ-ын зээлээр Шүүх шинжилгээний байгууллагын барилгыг барьж эхэлсэн. Төсвийн хязгаартай байдалтай уялдуулаад эдгээр төсөл дууссаны дараа шинэ төслүүдийг санхүүжүүлнэ. Ер нь шүүхийн чадавхыг бэхжүүлэх чиглэлээр энэ салбарт нийтдээ 77.8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг тавьсан гэсэн хариулт өгсөн.
Гишүүд асууж, байр сууриа илэрхийлсний дараа УИХ-ын гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулж, Байнгын хорооны санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтов.
Энэ өдрийн хуралдаанаар хэлэлцсэн сүүлийн асуудал нь ““Зарим байгууллагын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай” Улсын Их Хурлын 2023 оны 117 дугаар тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл байлаа.
Байнгын хорооны дарга Б.Жавхлан, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт “Улсын Их Хурал бүрэн эрхийнхээ хүрээнд хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэр гаргах бөгөөд Улсын Их Хурлын бусад шийдвэр тогтоолын хэлбэртэй байна” гэж, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 45.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 45.1-т зааснаас бусад асуудлаар Улсын Их Хурал шийдвэр гаргахаар хууль тогтоомжид тухайлан заасан болон хууль хэрэгжүүлэхтэй холбогдсон зохион байгуулалтын шинжтэй асуудлын талаар хариуцсан байгууллага, эрх бүхий албан тушаалтан саналаа холбогдох хуульд заасны дагуу ирүүлсэн бол холбогдох Байнгын хороо хуралдаанаараа хэлэлцэж санал, дүгнэлтээ шийдвэрийн төслийн хамт нэгдсэн хуралдаанд оруулна” гэж заасныг тодотгосон.
Монгол Улсын Ерөнхий аудитороос 2026 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 1395 тоот Санал хүргүүлэх тухай албан бичгийг ирүүлсний үндсэн дээр тогтоолын төслийг боловсруулсан гэв.


Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн А.Ариунзаяа, Б.Хэрлэн, О.Алтангэрэл нар асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн. Гишүүд, төрийн аудитын байгууллага жилдээ 6800 байгууллагад аудит хийдэг, нэг байгууллагын аудитыг 70 орчим хоногт хийдэг. Олон улсад нэг байгууллагын аудитыг 90-180 хоногт хийдгийг тодотгоод, төрийн байгууллагын санхүүд хяналт шалгалт хийдэг энэ байгууллага 47 орон тоо дутуу байгаа нь ажлын чанарт нөлөөлдөг эсэхийг лавласан. Түүнчлэн орон нутгийн аудитын байгууллага, Үндэсний аудитын байгууллагад ажиллаж буй ажилтнуудын цалингийн зөрүү 1.3-1.5 сая төгрөг байгааг эргэн харах шаардлагатай гэж байлаа.
Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн, 2027 онд Үндэсний аудитын байгууллага хуульд заасны дагуу 35 сэдэв, Төсвийн байнгын хорооноос баталж өгсөн бодлогын бусад сэдвүүдийн хүрээнд нийтдээ 65 аудитыг гүйцэтгэнэ. Хүн өдрөөр тооцвол 72585 хүн өдөр зарцуулна. Энэ нь манай бодит нөөцөөс 4127 хүн өдрөөр илүү бөгөөд энэ хэрээр ачаалалтай ажиллана гэсэн үг. Тэгэхээр аудитын чанар болоод бусад хугацааны хувьд зайлшгүй нөлөөлөх асуудал үүсэж байгаа. 2025 оны төсвийн тодотголоор орон тоо есөн хувиар хасагдсан. Бид хүн, хүчээ нэмэж чадахгүй юм гэхэд ядаж цалингийнхаа асуудлыг шийдэхгүй бол ажлын чанар, гүйцэтгэлийн хугацаанд нөлөөлнө гэсэн хариу өглөө.
Гишүүд асууж, байр сууриа илэрхийлсний дараа санал хураалт явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэн батлахыг дэмжин, энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээллээ.
Эх сурвалж: parliament.mn
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл