Хууль зүйн байнгын хорооны дарга Шүүхийн ерөнхий зөвлөлийн шинээр томилогдсон гишүүдэд ажлын амжилт хүслээ

Улсын Их Хурлын өнөөдрийн /2026.10.23/ чуулганы нэгдсэн хуралдаанаар “Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнээр томилох тухай” тогтоолыг баталж, Батчулууны Амартүвшин, Базаррагчаагийн Даваажав нарыг тус зөвлөлийн шүүгч бус гишүүнээр томиллоо.

ШЕЗ-1.jpg

Үүнтэй холбогдуулан шинээр томилогдсон гишүүдийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн хамт олонд танилцуулах үйл ажиллагаанд Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны дарга Л.Мөнхбаатар оролцож, тэдэнд баяр хүргэн, ажлын амжилт хүсэв.

Тэрбээр, шүүх эрх мэдлийн хараат бус байдлыг хангах үйл хэрэгт Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүдийн үүрэг, хариуцлага чухал болохыг онцолж, хүлээсэн үүргээ хуулийн хүрээнд өндөр хариуцлагатай, нэр төртэй биелүүлж ажиллахыг захив. Мөн шүүх эрх мэдлийг бэхжүүлэх нийтлэг зорилгын төлөө хуулиар хүлээсэн чиг үүргийнхээ хүрээнд хамтран ажиллахаа илэрхийллээ.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүн Б.Амартүвшин, Шүүх эрх мэдлийн байгууллагын үйл ажиллагааг нэг шатаар ахиулахын төлөө ажиллана. Энэхүү зорилгыг хэрэгжүүлэхэд та бидний хамтын ажиллагаа чухал гэдгийг онцлов.

ШЕЗ-2.jpg

Мөн гишүүн Б.Даваажав, Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах замаар шүүхэд итгэх иргэдийн итгэлийг бэхжүүлэх чиглэлд анхаарч ажиллана. Иргэдийн шүүхэд итгэх итгэл нэмэгдсэнээр та бидний ажлын үр дүн гарах учиртай. Үүний төлөө хамтран ажиллая гэв.

ШЕЗ-3.jpg

Шүүхийн ерөнхий зөвлөл бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллах боломж бүрдсэнийг Байнгын хорооны дарга Л.Мөнхбаатар сайшааж, зөвлөлийн нийт гишүүдэд үйл ажиллагаагаа үр дүнтэй хэрэгжүүлж ажиллахыг хүслээ гэж Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээллээ.

Эх сурвалж: parliament.mn

Санал болгох мэдээ

Тамхинд ногдуулах онцгой албан татварыг 2031 он хүртэл үе шаттай нэмэгдүүлнэ

Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганы аравдугаар сарын 16-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар …