Н.Алтанхуяг: Агаарын бохирдлыг 3 жилийн дотор мэдэгдэхүйц бууруулна

Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын төмөр замын төлөөлөгчид өнөөдөр манай улсад уулзалт хийж байна. Энэ уулзалтаар манай нутгаар дайран өнгөрч байгаа Ази Европийг холбосон төмөр замыг цаашид хэрхэн шинэчлэх, нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэх талаар ярилцаж байгаа.

Чингис бондын мөнгийг зөвхөн автозам, гудамж, уулзварын шинэчлэлт, бүтээн байгуулалтад зарцуулаагүй, хувийн хэвшлийг дэмжихэд зарцуулж байгаа. Чингис бондийн санхүүжилтээс банкаар дамжуулан зээл авсан оёдлын үйлдвэр дэлхийн брэндүүдтэй өрсөлдөх бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаатай танилцлаа.

Улаанбаатар хотод анх удаагаа согтууруулах ундаагүй “Залуус 21” клуб байгуулагдлаа. “Эрүүл идэвхтэй амьдрал” клуб санаачлан Эрүүл мэндийн яамнаас дэмжиж байгуулсан энэ клубын нээлт болсон.

Монголдоо байгаа иргэдээ сонсоод зогсохгүй гадаадад мэргэжил эзэмшиж, ажиллаж амьдарч байгаа залуучуудаа Засгийн газар сонсож эхэлсэн. Шинэчлэлийн Засгийн газрын 11-11 төвд АНУ-ын Чикаго хотоос “Hylpen energy” компанийн ерөнхийлөгч Д.Хишигдэлгэр, захирал Н.Баяргүн нар холбогдож, хамгийн сүүлийн үеийн хямд төсөр өртөгтэй эрчим хүч хэрэглэх эх үүсвэрийн шинэ технологи нэвтрүүлж, агаарын бохирдлыг 90 хувь хүртэл бууруулах боломж байгаа талаар санал хэлсэн. Эдгээр залуустай цахим уулзалт хийж, Эрчим хүчний яамныхантай холбож өгсөн гэж “Ерөнхий сайдын 30 минут” уулзалтын эхэнд Ерөнхий сайд Н.Алтанхуяг хэллээ. Өнгөрсөн долоо хоногт болсон уулзалтын үеэр боловсролын салбартай холбоотой хэд хэдэн асуулт гарсан бөгөөд өнөөдрийн уулзалтад БШУ-ны сайд Л.Гантөмөрийг оролцуулж байна гэлээ.

Ерөнхий боловсролын сургуулийн хоёрдугаар улирлын амралтын хуваарьт өөрчлөлт орсон. 1-5 ангийн сурагчид 2013 оны 12 дугаар сарын 21-ээс ирэх оны 1 дүгээр сарын 26-нд амарна. 6-9 дүгээр ангийнхан 1 дүгээр сарын 4-26, 10-12 дугаар ангийн сурагчид 1 дүгээр сарын 11-26-ныг дуустал тус тус амарна гэж Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр хэлээд амралтын энэ хуваарийг ирэх жилүүдэд ч мөн мөрдөнө гэлээ.

Улирлын сурах бичигтэй холбоотой асуулт гарчээ. Боловсролын салбарын стандартын шинэчлэл, энэ стандартад таарсан хөтөлбөр, арга зүйн  агуулгыг гаргах ажил ид явагдаж байна. 40 сургуулийг лаборатори сургууль болгосон, эдгээр сургуульд улирал улирлаар нь сурах бичиг өгч байгаа. Үүнтэй холбоотойгоор зарим нэг сурах бичгийн хэвлэлт удааширч, цөөн хоногоор сурах бичиг хоцорсон тохиолдол гарсан. Цаашид ийм тохиолдол гарахгүй гэж Л.Гантөмөр сайд хэллээ.

“Самурай” бондын талаарх сэтгүүлчийн асуултад Ерөнхий сайд “Японы зах зээлд босгох бондын хугацаа 10 жил байхаар ярилцаж байна. Бондын хүү, хэмжээг эцэслээгүй байна” гэлээ.

Агаарын бохирдолтой тэмцэх ажлыг Засгийн газар хэрэгжүүлж эхэлсэн талаар “Агаарын бохирдлыг арилгах анхны хурлаа өчигдөр хийсэн. Хэлэлцүүлэг зохион байгуулж байна. Гурван жилийн дотор мэдэгдэхүйц бууруулна” гэлээ. Шинэ оны дараахан ажлын төлөвлөгөөгөө зарлаж, танилцуулна. Утаа бууруулах үндэсний хорооны хурал хийсэн талаар twitter, facebook-ээр мэдээлэхэд маш олон хүн санал хэлсэн. Энэ хүмүүсийн саналыг ажлын албанд өгсөн, ингэж бүгдээрээ хамтарч ажиллана гэлээ.

МУИС-ийн шинэчлэлтэй холбоотой асуултад Л.Гантөмөр сайд,

-Дээд боловсролын чанарыг сайжруулах хамгийн гол зүйл бол судалгааны ажил. Манай сургуулиуд бол зөвхөн сургалтад анхаарч ирсэн.

МУИС 15 салбар их сургуулиас бүрддэг. Их, дээд сургуулиуд ийм жижиг бүтцээсээ татгалзаж  судалгаа хийдэг том бүтэц рүү шилжих учиртай. Эхний шинэчлэл МУИС-д хийгдэж байгаа. ТУЗ-ийн шийдвэрээр 5 бүрэлдэхүүн сургуультай байна гэсэн шийдвэр гарсан. Эсэргүүцэл байгаа. 15 захирал, 15 орлогч захирал, 80 тэнхмийн эрхлэгч байна. 270 орчим профессорын 50 хувь нь дарга байгаа. Тэд судалгаанд  анхаарахгүй байна. Энэ эсэргүүцлийг заавал давна. Эрдмийн ажил хийдэг, олон улсын хэвлэлд бүтээлээ хэвлүүлдэг багш нар бол энэ шинэчлэлд таатай хандаж байгаа. Энэ хандлага Монгол Улсын дээд боловсролын системийг аварна гэдэгт итгэлтэй байгаа гэж Боловсрол, шинжлэх ухааны сайд мэдэгдлээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …