ТББХ: Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2026.11.11/ хуралдаан 13.53 цагт 53.1 хувийн ирцтэйгээр эхэлж, хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэв.

Screenshot 2026-11-11 at 15.02.31.png

Эхний асуудал нь Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад ороогүй хууль, тогтоолын төслүүдийг чуулганаар хэлэлцүүлэх эсэх тухай байлаа.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 5.7-д “Энэ хуулийн 5.1-д заасан жагсаалтад ороогүй хууль, тогтоолын төсөл өргөн мэдүүлснийг Зөвлөлийн саналыг харгалзан Төрийн байгуулалтын байнгын хороо хэлэлцэж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн бол чуулганаар хэлэлцүүлнэ.” гэж заасныг Байнгын хорооны дарга Б.Жавхлан танилцуулаад, Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн төсөл бүрээр санал хураалт явууллаа.

7.jpg

Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Т.Мөнхсайхан нарын УИХ-ын таван гишүүнээс 2026 оны 10 дугаар сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн Эрүүл мэндийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл, Засгийн газраас 2026 оны 10 дугаар сарын 07-ны өдөр өргөн мэдүүлсэн Төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд, Засгийн газраас мөн өдөр өргөн мэдүүлсэн Нөхцөлт зээлийн ерөнхий хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хавсралт соёрхон батлах тухай хуулийн төсөл /Улаанбаатар хотноо 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдөр байгуулсан Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Польш Улсын Засгийн газар хоорондын нөхцөлт зээлийн ерөнхий хэлэлцээрийн нэмэлт, өөрчлөлт/-ийг хэлэлцэхийг дэмжлээ.

Дараа нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг шийдвэрлэв. Хуулийн төслийг Ж.Золжаргал нарын УИХ-ын 19 гишүүн 2026 оны 06 дугаар сарын 17-ны өдөр өргөн мэдүүлсэн юм.

3.jpg

Хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүн Ж.Золжаргал танилцууллаа.

Тэрбээр дээрх хуулийн 28-31 дүгээр зүйлд иргэд нутгийн өөрөө удирдах байгууллагад санал гаргаж, шийдвэрлүүлэх эрх зүйн зохицуулалтыг тодорхойлж өгсөн. Бодит байдал дээр хэрэгжилт хангалтгүй байгаа тул цахимаар нийтийн өргөдөл санаачлах өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг санаачилсан хэмээн тодотгов.

УИХ-ын хууль тогтоох, хянан шалгах үйл ажиллагаанд иргэдийн оролцоог хангах зорилготой petition.parliament.mn платформоор иргэд Нийслэлийн, дүүргийн ИТХ болон Иргэдийн нийтийн Хурлын эрхлэх чиг үүргийн хүрээний буюу газар олголт, дахин төлөвлөлт, авто замын тохижилт, тээврийн хэрэгслийн дугаарын хязгаарлалт, такси болон нийтийн тээврийн зохицуулалтын талаарх шийдвэр, хог хаягдлын тариф, орон нутгийн татвар, хураамжийн нэмэгдлийн эсрэг өргөдлүүдийг олноор гаргаж байгаа нь орон нутгийн түвшинд цахим өргөдөл хүлээн авах шийдэл шаардлагатай байгааг баталж байна гэлээ. Хуулийн төсөлд одоо хэрэгжиж байгаа Улсын Их Хурлын тухай хуульд тусгасан цахим өргөдлийн зохицуулалтыг жишиг болгон баримталсан гэж хуулийн төсөл санаачлагч танилцуулсан юм.

Энэхүү хуулийн төсөл нь нийт 2 зүйл, 12 заалттай бөгөөд Монгол Улсын бүх засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хэмжээнд сонгуулийн эрх бүхий иргэдэд хамаарах аж.

Нийтийн өргөдөл нь цахим талбарт 30 хоног байршиж, нийслэл, дүүрэг, хороонд сонгуулийн насны хүн амын 3 хувь, аймаг, сум, багт 5 хувиас дээш тооны иргэд гарын үсэг зурсан тохиолдолд ИТХ, ИНХ хэлэлцэхээр тусгажээ.

Иргэдийг тоон гарын үсэг, цахим танилт нэвтрэлтийн систем (E-Mongolia/DAN)-ийг ашиглан баталгаажуулах бөгөөд хувийн чанартай, шүүхийн шийдвэртэй холбоотой, эсхүл улсын аюулгүй байдал, бусдын эрх ашигт харшилсан өргөдлийг хүлээн авахгүй байхаар зохицуулсан байна.

Хуулийн төсөл батлагдсанаар “Нийтийн өргөдлийг цахим системээр хүлээн авах үлгэрчилсэн журам”-ыг Засгийн газар баталж, цахим системийн техникийн шаардлага, тоон гарын үсэг, баталгаажуулалт, хэлэлцэх хугацаа болон ил тод байдлын механизмыг нарийвчлан зохицуулна хэмээн УИХ-ын гишүүн Ж.Золжаргал танилцуулсан юм.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн.

4.jpg

Тухайлбал, УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, нийслэл, дүүрэг, хороонд сонгуулийн насны хүн амын 3 хувь, аймаг, сум, багт 5 хувиас дээш тооны иргэд гарын үсэг зурсан тохиолдолд ИТХ, ИНХ хэлэлцэхээр тусгасныг дурдаад, аймаг, сум, дүүрэг бүрийн хүн амын тоо өөр учир ингэж хувь заах нь хэр оновчтойг лавласан.

УИХ-ын гишүүн Ж.Золжаргал, дүүрэг, аймаг, сумд, хороодын хүн амын тоо, харьцааг судлаад хуулийн төслийг хэлэлцэх шатанд өргөдөл гаргах иргэдийн асуудлыг хэлэлцэхдээ тоог харгалзах уу, хувиар авч үзэх үү гэдгээ дахин ярилцах нь зүйтэй гэж үзэж байгаагаа илэрхийлсэн.

5.jpg

УИХ-ын гишүүн Э.Болормаа УИХ-аар иргэдийн өргөдлийг хэлэлцэх гэхээс илүүтэй шат шатандаа иргэдийг төлөөлөх байгууллагууд ажлаа хийх боломжийг олгох хуулийн төсөл гэж үзэж байгаагаа илэрхийллээ. Тэрбээр иргэдээс гаргаж буй өргөдлийг агуулгаар хязгаарлах эсэхийг тодруулж байлаа.

УИХ-ын гишүүн Ж.Золжаргал, Хуулийн төсөлд Нутгийн өөрөө удирдах байгууллага дараах үндэслэлээр нийтийн өргөдлийг хүлээн авахгүй хэмээн тусгасан. Үүнд энэ хуулийн 31.2 дахь хэсэгт заасан асуудлын хүрээнд хамаарахгүй буюу нутгийн өөрөө удирдах байгууллагын чиг үүрэгт хамааралгүй, улсын тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, үндэсний аюулгүй байдалд харшилсан, бусдын эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хохироох, ялгаварлан гадуурхахыг уриалсан гэх мэт өргөдөл хамаарна.

Түүнчлэн өргөдөлд дурдсан асуудлаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа, хувийн асуудлаар гаргасан бол хүлээн авахгүй байхаар зохицуулсан гэсэн хариулт өгсөн юм.

6.jpg

УИХ-ын гишүүн О.Алтангэрэл, Хуулийн төслийг дэмжиж байгаагаа илэрхийлээд, иргэн хүн амьдарч байгаа орон нутагтаа саналаа өгөх эрхтэй байх ёстой. Өнөөдөр орон нутгийн иргэдээс санал авах механизмууд учир дутагдалтай байгаа хэмээлээ. Тэрбээр, амьдарч байгаа орчинтой нь холбоотой, эрхэлж байгаа аж ахуйтай нь холбоотой ашигт малтмалын тусгай зөвшөөрөл авах үйл ажиллагаа иргэдээс хамааралгүй болсон. Тэднээс асуухаа больсон гээд, иргэд амьдарч байгаа газартаа, нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагадаа тулгамдсан асуудлынхаа талаар дуу хоолойгоо хүргэдэг асуудлыг бид шийдэх нь зүйтэй гэж үзэж байгаагаа илэрхийлсэн юм.

УИХ-ын гишүүд асууж, байр сууриа илэрхийлсний дараа санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээллээ.

Эх сурвалж: parliament.mn

Санал болгох мэдээ

АБГББХ: Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн (2026.11.11) хуралдаан 12.01 цагт Улсын …