Улаанбаатар хотын инженерийн хангамжийн байгууллагуудын 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг шалгах штабын дадлага сургуулилалт 11 дэх жилдээ боллоо. Инженерийн хангамжийн 7, гэрэлтүүлгийн ашиглалт, засвар үйлчилгээ хариуцсан 20 байгууллага өвлийн оргил ачааллын үед гарч болзошгүй хүндрэлээс сэргийлэх, шугам тоноглол, техникийн холбогдолтой осол аваарын үеийн шуурхай удирдлага, зохицуулалт, нөөцийн хуваарилалтыг оновчтой зохион байгуулах, хоорондын уялдаа холбоог сайжруулах сургуулилалт хийлээ.
Нийслэлийн хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд давс, бодис цацах зориулалтын 96 машин, зам цэвэрлэгээний 432 тусгай зориулалтын машин техникийн бэлэн байдлыг хангаж, нийт 80.2 км дулаан, цахилгаан, борооны ус зайлуулах болон ус хангамж, ариутгах татуургын шугам сүлжээг шинэчлээд байна.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Засаг дарга Б.Пүрэвдагва “Улаанбаатар хотын инженерийн хангамжийн үндсэн шугам сүлжээнүүд 1970-1990 онд баригдсан. Инженерийн дэд бүтцийн 40 орчим хувь 30 жилээс дээш жилийн насжилттай байна. Шугам сүлжээ, тоноглолын насжилтаас хамаарч дулааны шугам сүлжээ цоорох, цахилгааны кабельд гэмтэл гарч, оршин суугчдын дэд бүтэц тасалдах эрсдэлтэй нөхцөл үүссэн. Өнөөдөр зохион байгуулж буй өвөлжилтийн бэлтгэл ажил, бэлэн байдлыг шалгах штабын дадлага сургуулилалт нь инженерийн хангамж, мэргэжлийн байгууллагуудын өвлийн улиралд болзошгүй эрсдэлтэй үед үүрэг гүйцэтгэх чадавхыг нэмэгдүүлж, иргэдийг дэд бүтцээр тогтвортой хангах нөхцөлийг бүрдүүлнэ” гэлээ.

Энэ үеэр мэргэжлийн байгууллагууд хүн хүч, техник тоног төхөөрөмжийн бэлэн байдал, найдвартай ажиллагааг ханган ажиллаж байгаагаа тайлбарлав. “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК нь 1900 гаруй ажилтантай Улаанбаатар хотын найман дүүрэг, Төв аймгийн 16 сумыг 24 цагаар цахилгаан эрчим хүчээр хангадаг. 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд 52 нэр төрлийн 95 багц ажлыг хийжээ.
Хувийн орон сууцны 60 гаруй контор нийслэл хотын оршин суугчдын 50 хувийг дулааны эрчим хүч, цэвэр усаар хангаж, бохирыг зайлуулах үйл ажиллагааг 1500 орчим ажилтан, албан хаагчтай гүйцэтгэж байна.
Хэсэгчилсэн инженерийн хангамжийн удирдах газар хийн түлш, дулааны насос, хатуу түлш, мидлинг гэсэн дөрвөн төрлийн эрчим хүчний эх үүсвэрээр дулаан үйлдвэрлэх зорилт тавьсан. Машин механизм, техник, ажиллах хүчний бэлэн байдлыг хангажээ.
Нийслэлийн төвийн зургаан дүүргийн 108 мянган гэрэлтүүлгийн хэвийн ажиллагааг 20 байгууллага хариуцаж, сэлбэг хэрэгслээ нөөцөлсөн, нийт гэрэлтүүлгийн асалтыг тогтмол шалгаж, хариуцсан хороодтой хамтран ажиллаж буйгаа хэллээ.











Эх сурвалж: ulaanbaatar.mn
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл