Бүгд найрамдах Польш Улсын Сеймийн дэд маршал Дорота Ниэджиэла тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Их Хурлын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ өнөөдөр (2026.11.13) Монгол Улсад айлчилж байгаа Бүгд Найрамдах Польш Улсын Сеймийн дэд маршал Дорота Ниэджиэла тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзан хамтын ажиллагааны санал солилцлоо.

2026-11-13 13.48.43.jpg

Хоёр улс 76 жилийн өмнө дипломат харилцаа тогтоож, түүхэн уламжлал, харилцан хүндэтгэл, итгэлцлийн үндсэн дээр иж бүрэн түншлэлийг бий болгосон, Польш улсыг манай чухал гуравдагч хөрш, Европ дахь дотно, итгэлт түнш хэмээн үздэг. Сүүлийн жилүүдэд хоёр улсын хооронд хэрэгжсэн дээд, өндөр түвшний харилцан айлчлалууд нь Монгол, Польшийн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулсан гэдгийг УИХ-ын дэд дарга онцоллоо. Тэрбээр, Польш Улс Монгол Улсын тусгаар тогтнол, бие даасан байдлыг эрт үеэс хүлээн зөвшөөрч, олон улсын тавцанд Монгол Улсын байр суурийг дэмжиж ирсэнд талархдаг гээд өнгөрсөн намар тус улсад айлчлах үеэр парламент хоорондын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх асуудлаар санал солилцсондоо сэтгэл хангалуун байгаагаа илэрхийллээ. Мөн Монгол, Польшийн эдийн засгийн хамтын ажиллагааны хүрээнд Польшийн талын нөхцөлт зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй дэд бүтцийн төслүүдийг өндрөөр үнэлж байна. Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хоёр улсын Засгийн газар хоорондын Нөхцөлт зээлийн ерөнхий хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хавсралтыг дараа долоо хоногт соёрхон батлахаар болсныг уулзалтын үеэр тодотгосон юм.

2026-11-13 13.49.36.jpg

Польш Улсын Сеймийн дэд маршал, хатагтай Дорота Ниэджиэла хууль тогтоох байгууллагуудын найрамдлын бүлгүүдийн хамтын ажиллагаа ихээхэн үр дүнтэйг онцлохын сацуу хоёр улс ардчилал, зах зээлийн эдийн засагт шилжиж, улс төр, нийгэм, эдийн засгийн шинэчлэлийг туулсан түүх, замналаараа ижил төстэйг тэмдэглэв.

Монгол Улсад хийж буй айлчлалын бүрэлдэхүүнд салбар бүрийн онцлог, чиглэлээр мэргэшсэн төлөөлөл явааг, хамтын ажиллагааг бэхжүүлэн хөгжүүлэхийг дэмжихээ илэрхийллээ. Түүнчлэн Нөхцөлт зээлийн гэрээг соёрхон батлах талаар мэдээлэл өгсөнд талархав.

2026-11-13 13.49.12.jpg

Талууд Монгол, Польшийн Иж бүрэн түншлэлийн харилцааг бэхжүүлж, парламент хоорондын хамтын ажиллагааг шинэ агуулгаар баяжуулахад чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа харилцан илэрхийлж, УИХ-ын Тамгын газруудын харилцааг идэвхжүүлэх, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, мал аж ахуйн салбар, ялангуяа мал эмнэлгийн чиглэлд хамтрах боломжийг хөндөж, санал солилцлоо.

2026-11-13 13.50.13.jpg2026-11-13 13.48.54.jpg2026-11-13 13.49.08.jpg

Уулзалтад Монгол-Польшийн парламентын бүлгийн дарга Ж.Золжаргал, Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаясгалан, Д.Үүрийнтуяа, Х.Жангабыл, Польш Улсын Сеймийн гишүүн Мариа Коц, Уршула Паславска, Иоланта Жиэмба Гжик нар болон холбогдох албаны төлөөлөл байлцав гэж Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээллээ.

Эх сурвалж: parliament.mn

Санал болгох мэдээ

УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт өнөөдөр /2026.11.12/ Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн …