Өнгөрсөн баасан гараг буюу 2026 оны арваннэгдүгээр сарын 13-нд Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн санаачилгаар хэвлэл мэдээллийн салбарын мэргэжлийн байгууллагуудын төлөөлөл УИХ-ын гишүүдтэй уулзаж, хэвлэлийн эрх чөлөө, сэтгүүлчдийн эрхийн хамгаалалт, хэвлэл мэдээллийн эрх зүйн орчны шинэчлэлийн асуудлаар санал солилцлоо.
Уулзалтад УИХ-ын гишүүн, УИХ дахь Хүний эрхийн дэд хорооны дарга Х.Баасанжаргал, УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Номинчимэг, УИХ-ын гишүүн А.Ундраа нар оролцов.
Харин хэвлэл мэдээллийн салбарыг төлөөлж Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц, салбар хариуцсан дэд ерөнхийлөгч Н.Цэлмүүн, Ц.Мөнхбаатар, У.Уранцэцэг, Б.Баяртулга, “Глоб Интернэшнл” ТББ-ын гүйцэтгэх захирал Б.Онон, Хэвлэл мэдээллийн зөвлөлийн Ёс зүйн хорооны гишүүн Э.Энэрэл, ЮНЕСКО-гийн Мэдээлэл, харилцаа холбооны хөгжлийн хөтөлбөрийн Монголын үндэсний хорооны дарга, “СИХҮТ” НҮТББ-ын гүйцэтгэх захирал Б.Дуламхорлоо, Канадын “Хууль ба ардчилал” төвийн гүйцэтгэх захирал Тоби Мендел, “Сэтгүүл зүйн Инновац, хөгжлийн үүр” (NEST Mongolia) ТББ-ын төлөөлөл оролцлоо.
МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГУУД НЭГДЭЖ, ХЭВЛЭЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАМТДАА ХАМГААЛНА
Уулзалтын эхэнд Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц хэвлэл мэдээллийн салбарын тэргүүлэх байгууллагууд нэгдэн, Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгыг мэргэжлийн түвшинд хэлэлцүүлж, салбарын саналыг тусгуулах, хэвлэн нийтлэх эрх чөлөөний хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох, сэтгүүлчийн мэргэжлийн үйл ажиллагааны хараат бус байдлыг хамгаалах, иргэдийн мэдэх эрхийн баталгааг хангах чиглэлээр хамтран ажиллах зорилготой байгааг танилцууллаа.
Тэрбээр “Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй олон асуудлыг УИХ-ын гишүүдэд хүргэж, чөлөөт хэвлэлийг хамгаалах үйл хэрэгт та бүхнийг дуу хоолойгоо өргөж, бодит дэмжлэг үзүүлэхийг хүсэж байна” хэмээн онцоллоо.
ТОБИ МЕНДЕЛ: СЭТГҮҮЛЧДИЙГ ЗАЛХААН ЦЭЭРЛҮҮЛЭХ ҮЙЛДЛИЙГ ЗОГСООХ ШААРДЛАГАТАЙ
Канадын “Хууль ба ардчилал” төвийн гүйцэтгэх захирал Тоби Мендел Монгол Улсад хэвлэлийн эрх чөлөөг бэхжүүлэх чиглэлээр олон улсын байгууллагуудын зүгээс анхаарч ирсэн байр сууриа илэрхийлэв.
Тэрбээр Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчлэлээс гадна сэтгүүлчдийг мөрдөн шалгах, хууль хяналтын байгууллагын ажиллагаагаар дарамтлах, залхаан цээрлүүлэх шинжтэй SLAPP буюу олон нийтийн оролцоог хязгаарлах зорилготой стратегийн нэхэмжлэлийн асуудалд анхаарах шаардлагатайг онцоллоо.
Мөн олон улсын байгууллагуудаас Монгол Улсад өгсөн зөвлөмжийг хууль тогтоомж, бодлогын шийдвэрт бодитоор тусгахыг УИХ-ын гишүүдээс хүслээ.
УИХ-ЫН ГИШҮҮДИЙН БАЙР СУУРЬ
УИХ-ын гишүүн А.Ундраа олон улсын тайлан, зөвлөмжид туссан асуудлуудыг Монгол Улсын Засгийн газар хангалтгүй хэрэгжүүлж байгаатай санал нэг байгаагаа илэрхийлэв. Тэрбээр төрийн нээлттэй мэдээллийг олон нийтэд хүргэх үүргээ биелүүлдэггүй, мэдээлэл өгөхдөө хариуцлагагүй ханддаг албан тушаалтнуудтай хариуцлага тооцох шаардлагатайг онцоллоо.
УИХ-ын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга Х.Баасанжаргал Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг эргүүлэн татаж, дахин боловсруулан сайжруулах шаардлагатай гэж үзэж байгаа бол хууль санаачлагч Засгийн газарт хандах нь зүйтэй гэсэн байр суурийг илэрхийллээ.
Тэрбээр УИХ-ын дэгийн тухай хуулийн дагуу хууль санаачлагч субъект тухайн хуулийн төслийг эргүүлэн татах эрхтэйг тайлбарлав.
Мөн сэтгүүлчийг баривчлах, цагдан хорих асуудлаар УИХ дахь Хүний эрхийн дэд хорооноос нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж, зөвхөн сэтгүүлчдийн асуудлаар хязгаарлахгүйгээр иргэдийн эрхийг зөрчиж буй баривчлах, саатуулах ажиллагаанд анхаарах шаардлагатай гэдэгтэй санал нэг байгаагаа илэрхийллээ.
Түүнчлэн цагдан хорих шийдвэр гаргах ажиллагаанд шүүгчдийн бүрэлдэхүүн оролцох зохицуулалт хэрэгжиж эхэлснийг энэ чиглэлийн ахиц дэвшил хэмээн дурдав. Гүтгэх асуудлыг Эрүүгийн хуульд гэмт хэрэг болгон тусгах саналын тухайд иргэний нэр төр, алдар хүндийг хамгаалах шаардлага болон Иргэний хуулиар маргаан шийдвэрлэх процессын удаан үргэлжилдэг асуудлыг харгалзан үзэх ёстой гэсэн байр суурийг тайлбарлалаа.
УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Номинчимэг Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн төсөлд хэвлэлийн эрх чөлөөг чухам юугаар, хэрхэн хамгаалах асуудлаас илүү хэвлэл мэдээллийн байгууллагын зохицуулалтад төвлөрсөн, ерөнхий агуулга давамгайлсан гэж үзэж байгаагаа илэрхийлэв. Тэрбээр “Хэрэв та бүхэн Засгийн газарт хандан хуулийн төслийг эргүүлэн татаж, мэргэжлийн байгууллагуудын дунд хэлэлцүүлэг өрнүүлэн, дотоод, гадаадын туршлагыг судалж, тодорхой саналуудыг тусган дахин боловсруулж оруулж ирэхэд бид дэмжлэг үзүүлэн ажиллахад бэлэн байна” гэдгээ мэдэгдлээ.
ХЭВЛЭЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАМГААЛАХАД ХАМТРАН АЖИЛЛАХАА ИЛЭРХИЙЛЛЭЭ
Уулзалтын төгсгөлд УИХ-ын гишүүд ардчиллын үндсэн баталгаа болсон хэвлэлийн эрх чөлөөг хамгаалах, хууль эрх зүйн орчныг сайжруулах чиглэлээр хэвлэл мэдээллийн салбарын тэргүүлэх байгууллагууд нэгдэж, хамтын дуу хоолойгоо хүргэж байгааг сайшаалаа.
Мөн салбарын мэргэжлийн байгууллагуудаас гаргаж буй санал, санаачилгыг дэмжиж, хэвлэлийн эрх чөлөө, сэтгүүлчдийн эрхийн хамгаалалтыг бэхжүүлэх чиглэлээр хамтран ажиллахаа илэрхийлснээр уулзалт өндөрлөлөө.
Энэхүү уулзалт нь Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгыг мэргэжлийн байгууллагуудын оролцоотойгоор дахин хэлэлцэж, чанартай, хүний эрхэд суурилсан хууль эрх зүйн орчин бүрдүүлэх шаардлагыг УИХ-ын түвшинд хүргэсэн чухал уулзалт боллоо.
Ц.Мөнх
Ugluu.mn
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл


