Нийслэлд 186 км унадаг дугуйн зам барина

Нийслэлийн ИТХ-аар баталсан газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нийслэл хотод 3 жилийн дотор 186,7 км унадаг дугуйн зам, 99 иж бүрэн унадаг дугуйн зогсоол шинээр барихаар тусгасан байна.

Унадаг дугуйн зогсоолыг 2 км тутамд заавал хийж, тодорхой цэгүүд дээр дугуй засварын газар, хяналтын камертай байхаар төлөвлөсөн бөгөөд замын тэмдэг тэмдэглэгээг олон улсын стандартын дагуу хийх юм. Унадаг дугуйн замтай болсноор  дугуйн хэрэглээ нэмэгдэхээс гадна замын түгжрэл, агаарын бохирдлыг тодорхой хэмжээгээр бууруулах ач холбогдолтой. Мөн хүүхэд залуучуудыг цаашлаад бүх насныхныг эрүүл, идэвхтэй амьдралд уриалан, амьдралын шинэ зөв хэмнэлийг бүрдүүлдэг байна. Дугуйн замын төлөвлөлтийг  “Унадаг дугуйтай Улаанбаатар” төслийн хүрээнд анх удаа иргэдийн бодитой санал, хүсэлд тулгуурлан боловсруулсан   бөгөөд 1 сар орчим хугацаанд цахим ертөнц ашиглан фэйсбүүк, твиттер хуудсаар дамжуулан иргэдийн саналыг авчээ. “Унадаг дугуйн шинэ зам төсөл” –ийн судалгаагаар Улаанбаатар хотын ихэнх гудамж талбайд явган замын хажуугаар нэмэж шинээр зам хийх болон одоо байгаа өргөн чөлөө дагуу явган замыг тэмдэгжүүлэн ашиглах боломжтой гэж үзсэн байна. Тиймээс эхний ээлжинд сургалт, аялал зугаалгаар голчлон ашиглах унадаг дугуйн  58 км зам, 20 орчим нэгдсэн зогсоол хийхээр болжээ. Тодруулбал  Богд уулын хойгуур болон төмөр зам дагуу 33 км зам, Энхтайваны өргөн чөлөө дагуу 8,6 км зам барихаар төлөвлөжээ гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …