Цэцийн гишүүнд нэр дэвшигчдийг дэмжлээ
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн /2013.12.25/ хуралдаанаар эхлээд Улсын дээд шүүхээс Үндсэн хуулийн цэцийн гишүүдээр томилуулахаар санал болгосон нэр дэвшигчийг хэлэлцэв. Энэ асуудлыг байнгын хорооны энэ сарын 18-ны хуралдаанаар хэлэлцэхээр товлосон байсан ч УИХ дахь МАН-ын бүлэг эдгээр нэр дэвшигчийн тухай асуудлыг бүлгийн хурлаар хэлэлцээгүй байгаа, асуудлыг судалж хэлэлцэхэд хугацаа шаардлагатай байна гэсэн үндэслэлээр уг асуудлыг хэлэлцэхээс завсарлага авч буйгаа мэдэгдсэн тул асуудлыг хэлэлцэх хугацааг хойшлуулсан юм.
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1,2, Шүүхийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3.7, 25 дугаар зүйлийн 25.2.9, 25.5-д заасныг удирдлага болгон Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшигчийг санал болгох тухай асуудлаар Улсын Дээд шүүхийн шүүгчдээс саналыг нууцаар хурааж, дүнг илтгэх комиссын 2013 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 2 дугаар тогтоолыг үндэслэн Улсын Дээд шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс Улсын Дээд шүүхийн шүүгчдийн 62 хувийн санал авсан Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургуулийн захирал Дамдинсүрэнгийн Солонго, 53 хувийн санал авсан “Чингис хаан” олон улсын нисэх буудал дахь Гаалийн газрын дарга Шарын Цогтоо нарыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшүүлэн Улсын Их Хуралд санал болгоод байгаа юм. Энэ тухай танилцуулгыг Улсын Дээд шүүхийн ерөнхий шүүгч Ц.Зориг хийлээ.
Танилцуулгатай холбогдуулан байнгын хорооны гишүүн С.Эрдэнэ, Ж.Батзандан, Ц.Оюунбаатар, Д.Ганбат нар цэцийн гишүүнд нэр дэвшигчдээс асуулт асууж, гишүүн С.Баярцогт, Д.Лүндээжанцан, З.Энхболд, Д.Оюунхорол, Х.Тэмүүжин, Ж.Батзандан, С.Эрдэнэ, Р.Гончигдорж нар үг хэлэв. Үг хэлсэн гишүүдийн олонх нь энэ удаад мэргэшсэн хуульчид, тэр дундаа Үндсэн хуулийн эрх зүйн болон захиргааны эрх зүйгээр мэргэжсэн эрдэмтэн, багш нарыг цэцийн гишүүнд нэр дэвшүүлж оруулж ирсэнд талархалтай байгаагаа онцлоод аливаа асуудал, маргааныг шийдэхдээ Үндсэн хуулийн суурь зарчмыг баримтлан, хэн нэг албан тушаалтан, аль нэг улс төрийн байгууллагын эрх ашигт үйлчлэхгүйгээр хууль, хүний эрх, шударга ёсыг дээдлэн хараат бусаар ажиллахыг захиж байв.
Ингээд санал хураалт явуулахад байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд зуун хувийн саналаар нэр дэвшигч Д.Солонго, Ш.Цогтоо нарыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр сонгохыг дэмжлээ. Мөн бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсон тул Б.Пүрэвням, Ц.Сарантуяа нарыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээс чөлөөлөх тухай УИХ-ын тогтоолын төсөл дэмжигдлээ. Иймээс Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшүүлэх, цэцийн гишүүнээс чөлөөлөх асуудлыг хэлэлцсэн тухай байнгын хорооны санал, дүгнэлт, энэ талаарх УИХ-ын тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр болов.
Цэцийн дүгнэлтийг хүлээн авах нь зүйтэй гэж үзэв
Байнгын хорооны хуралдаанаар дараа нь Захиргааны хариуцлагын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.5 дахь хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин долдугаар зүйлийн 1 дэх хэсгийн заалтыг зөрчсөн эсэх тухай Үндсэн хуулийн цэцийн 06 дугаар дүгнэлтийг хэлэлцэв.
Захиргааны хариуцлагын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх тухай маргааныг Үндсэн хуулийн цэц дунд суудлын хуралдаанаараа хэлэлцээд Захиргааны хариуцлагын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Энэ хуулийн 21, 22, 23, 24, 45 дугаар зүйлд заасан баривчлах шийтгэлийг сумын Засаг дарга ногдуулж болно”, мөн хуулийн 18 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт “Сумын Засаг дарга баривчлах шийтгэл ногдуулсан тухай шийтгэврээ материалын хамт харьяалах шүүхэд 3 хоногийн дотор хүргүүлнэ” гэсэн заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин долдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ” гэсэн заалтыг зөрчсөн байна гэж үзжээ. Иймээс Үндсэн хуулийн цэц Захиргааны хариуцлагын тухай хуулийн дээрх заалтыг энэ сарын 18-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Цэцийн хуралдаанд УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр гишүүн Д.Лүндээжанцан оролцжээ.
Цэцийн дүгнэлттэй холбогдуулан саналаа хэлсэн байнгын хорооны гишүүдийн ихэнх нь улс төрийн албан тушаалтны шийтгэврээр хүний эрхэд халдаж баривчлах нь Үндсэн хуулийн суурь зарчимд нийцэхгүй байгаа тул цэцийн дүгнэлтийг хүлээн авах нь зүйтэй, ер нь хуулийн энэ заалт нь тухайн цаг үеийнхээ нөхцөл байдалд захирагдан гарсан түр зуурын шинжтэй шийдэл байсан, харин өнөөдөр цаг үе өөр болсон тул эрх зүйн шинэтгэлийн хүрээнд шинээр боловсруулж гаргах хуулиудын ерөнхий үзэл баримтлалд нийцүүлэн тухайнт заалтыг өөрчлөх шаардлагатай гэдгийг хэлж байв. Ингээд байнгын хорооны гишүүдийн олонхийн саналаар Үндсэн хуулийн цэцийн 06 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхөөр болов. Цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхөөр шийдвэрлэсэнтэй холбогдуулан Захиргааны хариуцлагын тухай хуулийн 21, 22, 23, 24, 45 дугаар зүйл, мөн хуулийн 18 дугаар зүйлийн 7 дахь хэсгийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг байнгын хорооны гишүүд дэмжлээ.
Хуулийн төслүүдийн хэлэлцүүлгийг хойшлууллаа
Байнгын хороо дараа нь Мөрдөх албаны тухай хуулийн төсөл болон дагалдах бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн юм. Хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн тухай ажлын хэсгийн танилцуулгыг ажлын хэсгийн ахлагч Д.Батцогт танилцуулав.
Засгийн газраас 2013 оны 5 дугаар сарын 31-ний өдөр өргөн мэдүүлсэн Мөрдөх албаны тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх тухай асуудлыг УИХ-ын чуулганы 7 дугаар сарын 5-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцээд анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр тус байнгын хороонд шилжүүлсэн байна. Улмаар УИХ-ын даргын захирамжаар дээрх хуулийн төслүүдийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэгтэй ажлын хэсгийг гишүүн Д.Батцогтоор ахлуулан 13 гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулжээ.
Ажлын хэсэг өнгөрсөн хугацаанд УИХ-ын Тамгын газар, Хууль зүйн яам, Гадаад харилцааны яам, Хууль сахиулах их сургууль, Хууль зүйн үндэсний хүрээлэн зэрэг байгууллагаас нэмэлт мэдээлэл, судалгаа гаргуулан авсны зэрэгцээ чуулганы нэгдсэн хуралдаан болон байнгын хорооны хуралдаан дээр гишүүдээс гаргасан саналууд, цаашид уг хуулийг хэрэгжүүлж ажиллах байгууллагуудын саналыг 6 удаагийн хуралдаанаараа сонссон. Мөн хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ дахь намын бүлгүүд болон гишүүдээс ирүүлсэн саналыг нэгтгэж зарчмын зөрүүтэй 50 шахам, найруулгын шинжтэй 20 гаруй саналын томъёолол бэлтгэж гишүүдэд тараасан тухайгаа ажлын хэсгийн ахлагч танилцуулав.
Ажлын хэсгийн танилцуулгатай холбогдуулан гишүүн З.Баянсэлэнгэ хуулийн төслийн талаар 37 санал гаргаж ажлын хэсэгт өгсөн гээд гаргасан саналыг нь сайн нягталж судлах хугацаа ажлын хэсэгт байгаагүй учраас хуулийн төслийн хэлэлцүүлгийг хойшлуулах горимын санал гаргасан бол гишүүн Д.Лүндээжанцан ажлын хэсэг сайн ажилласан, гэхдээ энэ бол их ээдрээтэй хууль. Хуулийн төслийг Гэмт хэргийн тухай болон Гэмт хэргийг хянан шийдвэрлэх тухай хуулийн төслүүдтэй нягт уялдуулж сайтар бодож тунгаах нь зүйтэй байна гэсэн санал хэллээ. Мөн гишүүн З.Энхболд хуулийн төсөл дэх гүйцэтгэх ажилтай холбоотой заалтыг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороотой хамтарч хэлэлцэх шаардлагатай гэсэн санал гаргав.
Иймээс гишүүдийн гаргасан горимын саналаар санал хураалт явуулахад байнгын хорооны хуралдаанд орллцсон гишүүдийн олонх нь дэмжсэн тул хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хойшлуулж ирэх долоо хоногийн хуралдаанаараа хэлэлцэхээр болов.
Мөн гишүүн Ш.Түвдэндорж, О.Баасанхүү, Д.Хаянхярваа, А.Тлейхан нарын нэр бүхий гишүүдийн санаачлан боловсруулж өргөн барьсан Авлигын эсрэг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусазд хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв. Энэ тухай төсөл санаачлагчийн илтгэлийг гишүүн Ш.Түвдэндорж танилцууллаа.
Авлигын эсрэг хууль 2006 онд батлагдаж, Авлигатай тэмцэх газар байгуулагдан үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш 6 жилийн хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд Авлигын эсрэг хуульд 2 удаа нэмэлт, өөрчлөлт оруулж байсан буюу 2008 онд Авлигын эсрэг хуулийн зарим зүйл, заалтад редакцийн шинжтэй өөрчлөлт, 2012 онд Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль батлагдсантай уялдуулан зарим нэмэлт, өөрчлөлт оруулж байсан байна. Авлигын эсрэг хууль тогтоомжийг практикт хэрэглэж, хэрэгжүүлэх явцад хүндрэл бэрхшээл гарч байгаа бөгөөд авлигатай тэмцэх үйл ажиллагааг улсын хэмжээнд зохион байгуулах, уялдуулан зохицуулах, бусад байгууллагын авлигатай тэмцэх үйл ажиллагааг идэвхжүүлэх, эрчимжүүлэх, хариуцлагын механизмыг зөв бүрдүүлэхэд одоо үйлчилж буй хуулийн зарим зохицуулалт төдийлэн шаардлага хангахгүй байгаа нь харагдаж байна гэж төсөл санаачлагч гишүүд үзэж Авлигатай тэмцэх байгууллагын салбар, нэгжийг орон нутагт байгуулахаар хуулийн төсөл санаачилжээ.
Авлигатай тэмцэх байгууллагын салбар, нэгжийг орон нутагт байгуулахтай холбогдуулан Авлигатай тэмцэх газрыг “Авлигатай тэмцэх ерөнхий газар” болгон өөрчлөн зохион байгуулахаар төсөлд тусгасан байна. Мөн Авлигатай тэмцэх байгууллагын хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, гүйцэтгэх ажилтнууд тусгай ажиллагаанд оролцохдоо байгууллагын бэлгэ тэмдэг бүхий зориулалтын хувцас хэрэглэдэг байхаар хуулийн төсөлд тусгажээ. Түүнчлэн эрх зүйн шинэчлэлийн хүрээнд Улсын ерөнхий прокурорын дэргэдэх мөрдөн шалгах албаны хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах хэргийн харьяаллыг Цагдаагийн болон Авлигатай тэмцэх байгууллагын харьяалалд шилжүүлэх бодлого боловсруулж байгаатай холбогдуулан Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Прокурорын байгууллагын тухай хуульд өөрчлөлт оруулахаар тусгасан байна.
Төсөл санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан асуулт асууж, саналаа хэлсэн гишүүн З.Энхболд төсөлд санал нийлэх, нийлэхгүй зүйлүүд байна. Төрийн байгууллага цомхон байх зарчмыг УИХ барьж байгаа, гэтэл төсөлд орон тоо нэмэхээр байгааг дэмжих боломжгүй. Хэрэв төслийг хэлэлцэхээр шийдвэл нухацтай ярилцах нь зүйтэй гэсэн бол гишүүн Р.Гончигдорж Авлигын эсрэг хуулийн үзэл санаа, энэ байгууллагын чиг үүргийг харгалзан төслийг сайн нягталж ярилцах шаардлагатай, харин гишүүн С.Баярцогт гишүүдийн байр суурь зөрүүтэй байгаа учраас төсөл санаачлагч төслөө татан авч зайлшгүй өөрчлөх шаардлагатай гэсэн цөөн зүйлийг дахин боловсруулж оруулж ирвэл маргаан багатайгаар түргэн шийдэгдэх боломжтой юм гэсэн санал хэлэв. Иймээс төсөл санаачлагч гишүүд дахин ярилцаж оруулж ирэхээр болж төслийн хэлэлцүүлгийг хойшлуулав.
Байнгын хорооны даргыг улираан сонгохоор болов
УИХ-ын Байнгын хорооны дарга нарын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болж буйтай холбогдуулан байнгын хорооны энэ өдрийн хуралдаанаар тус байнгын хорооны даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат тус байнгын хорооны даргаар Ш.Түвдэндоржийг улираан сонгох санал оруулав.
Энэ асуудалтай холбогдуулан гишүүн З.Баянсэлэнгэ, Д.Лүндээжанцан нар бүлгийн даргаас асуулт асууж, гишүүн Ц.Оюунбаатар, З.Баянсэлэнгэ, Х.Тэмүүжин, Ж.Батзандан нар үг хэлэв. Ингээд санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон 16 гишүүн зуун хувийн саналаар байнгын хорооны даргаар Ш.Түвдэндоржийг улираан сонгохыг дэмжлээ.
Мөн хууль зүйн салбарт хийгдэж буй шинэтгэлийн үйл явцтай танилцаж санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий байнгын хорооны ажлын хэсгийг байнгын хорооны дарга Ш.Түвдэндоржоор ахлуулан 7 гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулахаар тогтлоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.