Өнгөрсөн долоо хоногоос олны анхаарлын төвд байсан нэг үйл явдал бол яах аргагүй Монголын Залуучуудын Холбооноос 1992 оноос 21 дэх жилдээ зохион байгуулж байгаа. Ерөнхийлөгч асан П.Очирбат гуай “тансаг ёолк байна шүү” гэж дуу алдаж байсан “Next Stop” наадмын энэ жилийн нэр дэвшигчдийн эргэн тойрон дахь шуугиан байлаа. Тухайн жилийнхээ нийгэм улс төр, эдийн засаг, бизнесийн салбарын “Оны залуу”-г олны дундаас шигшин шалгаруулдаг энэхүү харшийн наадамд шалгарахаас гадна нэр дэвших нь хүртэл өөрөө нэр хүндийн хэрэг байсаар ирсэн. Энэ жилийн нэр дэвшигчдийг харахад олны анхаарал татахаар “шинэ” хүмүүс ч олон байна. Нэр дэвшигчдийн мэдээлэл олны өмнө ил болж цацагдсанаас хойш энэ жилийн нийгэм улс төрийн хэн гэж зүтгэлтэн, ямар бизнесмэн шилдгээр шалгарах бол гэсэн хүлээлт хүмүүсийн дунд байгаа нь нууц биш. www.myf.mn сайтаас харахад Нийгэм улс төр, эдийн засаг, бизнесийн салбарынхны дунд өрсөлдөөн ид хүчтэй өрнөж байгаа бололтой. Цаг тутам саналын тоо өөрчлөгдөж байгаа учраас эцсийн мөчид хэн шалгарах нь нээлттэй ч, тодорхойгүй хэвээр байна. Дашрамд хэлэхэд онлайн буюу олон нийтийн энэхүү санал асуулга “Оны залуу”-аар шалгарахад 30 хувийг эзлэх гэнэ. Харин үлдсэн хувийг Залуу удирдагч сангийн гишүүдийн санал 30 хувь, өмнөх жилүүдэд шалгарч байсан эрхмүүдийн санал 30 хувь, МЗХ-ны Удирдлагын багын санал 10 хувь байх бөгөөд эдгээрийг нэгтгэн “Оны залуу”-г энэ 12 сарын 29-нд тодруулах гэнэ.
