УИХ-ын хаврын чуулганаар Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийг баталснаар Монголын хөрөнгийн зах зээл өргөжих, томрох үүд хаалгыг нээж өгсөн. Арваад жилийн турш хэрэглэж ирсэн хуучин хуулийг шинэчилснээр компаниуд хөрөнгийн зах зээлд өрийн бичиг гаргаж санхүүгийн эх үүсвэр татах бололцоотой болж байгаа юм. Энгийнээр тайлбарлавал, Монголд бүртгэлтэй компаниуд томрох боломж олдож байгаа хэрэг. Монголд үйл ажиллагаа явуулдаг гадаадын хөрөнгө оруулалттай компаниуд Монголын хөрөнгийн зах зээл хувьцаа гаргах нь маш цөөхөн. Ихэнхдээ гадаадын өндөр хөгжилтэй орнуудын Хөрөнгийн биржээр дамжуулан хувьцаагаа босгох сонирхолтой байдаг нь Монголын зах зээл жижиг гэхээсээ илүүтэй хууль эрх зүйн орчин муутайдаа холбоотой байсан юм. Тэгвэл шинэ оны шинэ өдрөөс хэрэгжиж эхэлсэн шинэ хуулиар бол Монголын хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй компани гадаадын хөрөнгийн бирж дээр давхар бүртгэл хийлгэж өртөг өндөртэй IPO буюу гадаадын хөрөнгийн зах зээл дээр хувьцаа гаргах замаар олон нийтийн зүгээс хөрөнгө оруулалт татах үйл ажиллагааны олон төвөгтэй үйл ажиллагааг дамжихгүйгээр шууд өөрсдийн компанийн бонд, эсхүл хадгаламжийн сертификатыг гаргаж гадаадын зах зээлээс хөрөнгө татах бололцоотой болж байна.
Мөн энэ хууль хэрэгжиж эхэлснээр үнэт цаасны зах зээл дэх хариуцлага нэмэгдэнэ. Хувьцааны ханшийг зохиомлоор өсгөсөн, унагасан, арилжаанд дотоод мэдээлэл ашиглаж оролцсон этгээдэд хариуцлага тооцох заалтыг уг хуульд шинээр оруулжээ. Өнөөдрийн хувьд Монголын хөрөнгийн зах зээл амьтай голтой төдийнхөн байгаа. Хуулийн хэрэгжилт гэхээсээ илүү эдийн засгийн таагүй шалтгаануудын улмаас хөрөнгийн зах зээлийн арилжаа хумигдсаар байгаа юм. Харин энэхүү хууль хэрэгжиж эхэлснээр хөрөнгийн зах зээлийн байдал сайжирч чадах уу. Хөрөнгө оруулалт нэмэгдэж, эдийн засгийн хүндрэлээс гарах бололцоо бий юу гэдэг асуулт тавигдаж байна. Итгэл, найдвар, хүлээлт дагуулсан энэ хууль эдийн засагт ямар дэмжлэг болж чадах вэ гэдэгт эдийн засгийн хүрээнийхэн “багагүй” хэмээн хариулж байгаа. Гэхдээ хамгийн гол нь хуулийг хэрэгжүүлэх орчинг бүрдүүлэх, нөхцөлөөр хангаж чадах аваас өнөөдрийн өөх биш маргаашийн уушиг болж чадах юм.
Гадаадын хөрөнгө оруулалт 50 хувиар унах шалтгааныг бүрдүүлсэн дотоод бодлогын алдаагаа засч Монголын парламент өнгөрсөн намар ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулан байж Хөрөнгө оруулалтын тухай хуулийг баталсан. Хуулийг баталснаар өнөө маргаашгүй хөрөнгө оруулалт ороод ирчихгүй дунд хугацааны хувьд эерэг үзүүлэлттэй байх юм гэдгийг эдийн засагч П.Хашчулуун нэгэнтээ ярьж байсан билээ. Тэрбээр “Манай улсад парламентын сонгууль дөрвөн жил болгон болдог бөгөөд томоохон хөрөнгө оруулалтыг хийх хугацаа 5-6 жил гэж тооцоход, төслийн хугацаанд байнга улс төрийн хүчтэй өөрчлөлт бий болж, эрсдэлийг эрс нэмэгдүүлдэг учир хөрөнгө оруулалтын хамгаалалтын механизм байхгүй бол Монголд хөрөнгө оруулалт хийх гадаадын ч дотоодын ч хөрөнгө оруулагч олдохгүй болоод байгаа нь энэ жилийн бүх хөрөнгө оруулалтын хурал чуулганаас харагдаж байна” гэсэн юм.
Нэгэн цагт мөнгөө бариад Монгол рүү хуйларч байсан гадаадын хөрөнгө оруулагчид нүүрээ буруулж, Мьянмар болон Вьетнамыг зорих болсноор Монголын эдийн засаг багагүй доргилт үүсээд байгаа билээ. Тэрбум, тэрбум долларын хөрөнгө оруулалт царцаж, долларын дотогшлох сувгийн ам хаагдсанаар татварын таатай орчинг бүрдүүлж, бодлогоо зөөллөх хэрэгтэй юм байна гэсэн ойлголтын Монголын улстөрчдөд төрүүлсэн. Бараг гурван их наядын хохирол амсч байж ухаарсан улстөрчдийн балаг эдийн засагт томоохон шархыг үлдээж, энэ шархыг Хөрөнгө оруулалтын тухай хууль нөхөж чадах болов уу гэсэн хүлээлтийн байдалд монголчууд шилжсэн.
Тиймээс монголчуудын хувьд тун хариуцлагатай он жил ирж байна. Хуулиа сурталчилах, хөрөнгө оруулагчдын итгэл үнэмшлийг буцаан сэргээхийн тулд Хөрөнгө оруулалтын тухай хуулийг хэрэгжүүлэх нөхцөлийг Засгийн газар сайн бүрдүүлэх ёстой. Түүнээс хууль баталчихлаа, одоо манай хууль эрх зүйн орчин маш сайхан болсон гээд гадаадын хөрөнгө оруулагчдыг уярааж болох ч улстөрчид тогтворгүй араншингаа татахгүй бол алдсан боломж эргэж ирэхгүй. Өөрөөр хэлбэл, Хөрөнгө оруулалтын тухай хуулийн хэрэгжилтэнд хамгийн их сөргөөр нөлөөлж болзошгүй нөхдүүд бол Монголын популистууд. Тийм болохор популистууд нь амаа хамхихгүй бол Монголын эдийн засагт хөрөнгө оруулалт орж ирэх хугацаа хойшлогдсоор л байх болов уу.
Ямар ч байсан ийнхүү эдийн засагт мөнгө авчрах зорилготойгоор баталсан хоёр хууль гараанаасаа гарлаа. Хэрэгжилт нь байгаа оноосой гэсэн хүлээлт нийгэмд их байгааг хэлэх нь зөв бус уу.