
Мэргэжилтэй ажилтан болж эх орныхоо бүтээн байгуулалтад гар бие оролцохыг хүссэн хүн бүрт Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдийн хаалга нээлттэй. Та суралцах хугацаандаа таван сарын сургалтад хамрагдана. Эхний гурван сарыг танхимд сууж онол үзэх бол үлдсэн хоёр сард нь үйлдвэрлэлийн дадлага хийж, танхимд үзсэнээ баталгаажуулан мэргэжилтэй ажилтан болох гараагаа эхлүүлнэ. Хамгийн чухал нь та чадварлаг мэргэжилтэй ажилтан болж бэлтгэгдсэн нөхцөлд дадлага хийлгэсэн компанидаа үндсэн ажилтан болж үлдэнэ. Ажил олгогчдын захиалгаар 50 гаруй мэргэжлээр мэргэжилтэй ажилтан бэлтгэх аж. Үүнд барилга, авто зам, төмөр зам, уул уурхайн мэргэжилтэй ажилтан болж бэлтгэгдэх ажлын байрны захиалга давамгайлж буй юм байна. Мөн гагнуурчин, ойг хамгаалах мэргэжилтэй ажилтан болж бэлтгэгдэх бололцоо ч бий.
Та яараарай, Улаанбаатар хотын иргэн бол Хан-Уул дүүрэгт байрлах Хөдөлмөрийн төв бирж, орон нутгийн иргэн бол аймгийнхаа Хөдөлмөрийн хэлтэст бүртгүүлж сургалтад суух эрхийг олж аваарай. Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл 1287, 77111331 дугаарын утсаар холбогдох боломжтой.
Онцлоход, өнгөрсөн жил “Үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэх хөтөлбөр”-т 6400 иргэн хамрагдаж суралцсанаас 80 хувь нь ажлын байртай болжээ. Ингэснээр тэд Монгол Улсын өнцөг булан бүрт барилга барьж, авто зам тавьж, нүүрс тээвэрлэж, гагнуур хийж шинэ бүтээн байгуулалтын эзэд болохоо харуулсан юм.