Уг нь сүмбэн цагаан хуруутай баймаар гартай нэгэн бүсгүй 500 төгрөг худалдагчид туниа муутайхан сарвайхад эрхий долоовор хурууных нь арьсны ширхэг бүрт хир шигсэн харагдав. Худалдагч ижил хэмжээтэй тавьсан элэг бөөр, гургалдай, зүрх, уушги, гүзээ гээд ёстой л “Жижиглэн” нэрэндээ зохисон, эгнүүлж өрсөн “өвдөл, цөвдөлхөн” дээгүүр харц гүйлгэснээ нэгийг авч гялгар уутанд хийв. Тэгснээ лангууны доор тавьсан жижиглэж буй үхрийн гэдэснээсээ жаахныг нэмээд бүсгүйд сарвайлаа.
Мөнгөө худалдагчид сарвайхдаа итгэл муутай, дорой нэгэн байсан бол ууттай жижиглэнгээ авахдаа нүүрэнд нь инээмсэглэл, баяр тодорч цовоо нэгэн болов. Энэ оройн хоолоо хангалттай залгуулах болсондоо баярлаж тортой жижиглэнгээ цувуулчих нь уу гэлтэй савчин явсаар нэг кг шар будаа аваад гарч одов.
Дээрх зураглал дийлэнх монголчуудын амьдрал буюу өдгөө бидний ядуу хэмээн ярьдаг 90 хувь нь. Өвдөл цөвдөлхнөөр нэг оройн хоолоо залгуулдаг тийм л “ядмаг” амьдрал. Хөрсөн доороо эрдэс баялагтай, мал сүрэг нь 40 саяар тоологдох хосгүй сайхан эх орны минь иргэдийн амьдрал ийм байна гэхээр бурууг эрх баригчдаас л хаймаар санагдана.
Учир нь эрүүл мэндээ умартан ажиллаад ч өнөөдөр өрөнд идэгдэж өтөнд бариулахаас наагуур амьдралтай иргэд хэдэн зуун мянгаар тоологдох болж.
Тэдгээр иргэдийн арай дөнгүүр нэгний нь амьдралын сарын дүр зургийг дор өгүүлэв.
Балсандоржийнх ам бүл тавуул. Эдний эхнэр нь төсвийн байгууллагад үйлчлэгчээр ажиллаж сардаа 173, өрхийн тэргүүн хувийн компанид жижүүрийн ажил хийж, даатгал шимтгэлээ төлөөд гар дээрээ 202.500, нийт 375.500 төгрөгийн орлоготой. Гэтэл энэ айлын зарлага нь орлогоосоо давдаг. Аахар шаахар жижигхэн өр нь нэмэгдсээр сарын цалингаас нь хэтэрчихнэ. Урин дулааны улиралд мод нүүрснийхээ мөнгийг хэмнэж, таван ам бүлийнхээ хоолыг хасч ходоод гэдсийг нь хоржигнож дуугартал нь өлөн зөлмөн байлгаж гэмээнэ өрөө төлөх ч бүгдийг нь төлж эс дийлнэ. Ингээд л жил ирэх тусам өрөн дээр өр нэмэгдсээр өөрийн эрхгүй нэн ядуу өрхийн эгнээ рүү маршилж орхих нь тэр.
Эднийх цахилгааны төлбөр, хог, телевизийн хураамжинд сард 25600, таван ам бүлийн автобус унаанд нийт 80 мянган төгрөг зарцуулдаг. Үүнийг задалбал өрхийн тэргүүн хоёр дамжиж ажилдаа очдог гээд бодохоор өдөрт 1600, эхнэр нь нэг дамждаг тул 800 төгрөг. Эдгээрийг дунджаар буюу 25 хоногт үржүүлэхэд нийт 60 мянган төгрөг болно. Үүн дээр оюутан болон ЕБС-ийн сурагч хүүхдүүд нь сард 20 мянгыг өлхөн зарцуулдаг.
Хоногт гурван уут нүүрс нэг уут мод түлж сардаа 147 мянган төгрөг зарцууллаа ч нэг их дуулаан биш хөвөнтэй өмд цамцтай л сууна. Хүүхдийнхээ хичээлийн хэрэгцээнд дор хаяж 30, айл л болсон хойно угаалгын саван, вок гар нүүрний саван, шампунь, оо зэрэгт сардаа 15 мянга, ундны усанд 2000, гурил 16250 /хоёрдугаар гурилаар бин хайрч, мантуу хийж иддэг/, будаа- 3 кг нь 5400, ногоо-15 мянга, давс 300, цайны идээ 600, сардаа дөрвөн кг мах л иддэг. Энэ нь тэр өрх долоо хоногт хоёр удаа л махтай хоол иддэг гэсэн үг.
Өрхийн гол хэрэглээ болсон цувдай буюу жижиглэн ширхэгийг нь 600 төгрөгөөр авдаг. Үүнийгээ 22 хоногт үржүүлэхэд 13200 төгрөг болно. Гурван хүүхдийн хичээлийн хэрэглэл, ном товхимол, үс гэзгээ засуулах, усанд орох зэрэгт сардаа 50 мянган төгрөгийг хүргэж ядан зарцуулдаг.
Өрхийн таван гишүүний нэгэнд нь сардаа 20-25 мянган төгрөгөөр Хятад улсад үйлдвэрлэсэн хямд төсөр хувцас л авна. Дараа сард нэгэнд нь гэх зэргээр урд хормойгоо авч хойд хормойгоо нөхсөөр өдөр хоногийг арай ядан өнгөрөөх тэдний сарын хэрэглээг аав, ээжийнх сардаа зоволгоо зовоож байж олдог 375.500 төгрөгөөс хасахад хасах тоо гарах нь мэдээж.
…Өглөө ажилдаа өлөн шахуу гарцгаах тэд өдөржин өлсгөлөн явсаар орой бор гэртээ цуглаж өвдөл цөвдөлхнөөр хийсэн хоолоо хөлс асгаруулан, амтархан идэж аваад хэвтэцгээнэ. Ингээд унтталаа маргаашийг яаж давна даа гэж сэтгэл чилээсээр хагас дутуу нойртой хонож маргааштай золгоод нөгөө л зурсан зураг, жим мэт үйл явдлаа давтсаар хорвоогийн бор хоногийг өнгөрөөх тэдний амьдрал жилээс жилд доройтсоор л.
Гэсэн ч шүд зуун “Ашдын бэлгээс амны бэлэг гэгчээр уруудлаа дордлоо гэж ярихгүй шүү, тавуулаа” гэх сэтгэлээр баян ч өдрөөс өдөрт юмны үнэ өсч буй энэ үед яана даа, хөөрхий.
Олон олон Балсандоржийн амьдрал 1-2 жилийн дараа Улаанчулуут, Нарангийн энгэрийн хогийн цэг дээр гуйланч амьдралаар үргэлжлэх нь, яана даа монгол минь.
Эх сурвалж: