Монгол Улсын Их Хурал, Ерөнхийлөгчийн Тамгын газар, Авлигатай тэмцэх газар, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Монголын хуульч эмэгтэйчүүдийн холбооноос хамтран “Монгол Улсад авлигатай тэмцэх, үндэсний шударга ёсны тогтолцоог бэхжүүлэх” хөтөлбөрийн төслийг хэлэлцэх үндэсний чуулганыг энэ сарын 10-ны 09.00 цагаас Төрийн ордны “Б” танхимд зохион байгуулах гэж байна.
Үндэсний чуулганд Улсын Их Хурлын гишүүд, Засгийн газрын гишүүд, Ерөнхийлөгчийн Тамгын газар, Үндсэн хуулийн цэц, Төрийн албаны зөвлөл, Авлигатай тэмцэх газар, Улсын дээд шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөл, Улсын ерөнхий прокурорын газар, Хүний эрхийн үндэсний комисс, Сонгуулийн ерөнхий хороо болон яам, агентлаг, олон улсын байгууллага, Төрийн бус байгууллагууд, хувийн хэвшил, эрдэмтэн судлаачид оролцоно.
Энэхүү бодлогын баримт бичгийг боловсруулж, хэрэгжүүлэх санаачлагыг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж гаргасан бөгөөд төслийг боловсруулах, орон даяар хэлэлцүүлж, саналыг тусган боловсронгуй болгох ажлыг Авлигатай тэмцэх газартай хамтран, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг, Азийн сан, Мерси Кор Монгол олон улсын байгууллагын дэмжлэгтэйгээр Монголын хуульч эмэгтэйчүүдийн холбоо хэрэгжүүлж байгаа юм.
Төслийн талаарх хэлэлцүүлгийг бүх аймаг, дүүрэгт төрийн албан хаагч, иргэдийн дунд 11 дүгээр сард явуулсан бөгөөд хөтөлбөрийн хэрэгжилтэд голлох чиг үүрэгтэй ажиллах төрийн байгууллагууд, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагуудаар сэдэвчилсэн зөвлөлдөх уулзалтуудыг хийжээ. Эдгээр хэлэлцүүлэг, зөвлөлдөх уулзалтад 4000 гаруй хүн оролцож, давхардсан тоогоор 4000 орчим санал гаргасан байна.
Эдгээр саналыг төсөлд тусган боловсронгуй болгож, Үндэсний чуулганд танилцуулан хэлэлцүүлэх ба чуулганаас зөвлөмж гаргах юм.