Цалингаа нэмүүлэх, одоогийн удирдлагуудыг солихыг шаардан өчигдрөөс эхлэн ажил хаяад буй “Автобус 1” Орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын /ОНӨҮГ/ ажилчдын ажил хаялт өнөөдөр ч мөн үргэлжилсээр байна.
Ажилчид хугацаагүй ажил хаялт зарлаад байгаа бөгөөд тэд нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлийг ирж уулзтал Нийслэлийн тээврийн газар болон байгууллагынхаа удирдлагуудтай ямар ч яриа хэлцэл хийхгүй гэдгээ мэдэгдээд байгаа юм.
Тус компаний дарга Ц.Одонтунгалагийн ярьж буйгаар “Ажилчид ажил хаях тухайгаа гэрээнд заасны дагуу 3 хоногийн өмнө мэдэгдээгүй гэнэт л ажил хаясан бөгөөд уулзаж юу нь болохгүй бүтэхгүй байгаа талаар ярилцаж зөвшилцөх гэтэл огт юу ч ярихгүй байгаа аж. Мөн Ц.Одонтунгалаг компанийхаа мэдлийн хүрээнднийт ажилчдын цалинг 20 хувь нэмсэн ч ажилчид дахин нэмүүлэх хүсэлтэй байгаа бололтой. Гэвч цалинг үүнээс их хувиар нэмэгдүүлэх бол дээд шатны байгууллага шийдвэрлэдэг байна. Одоогийн байдлаар “Автобус 1″-ийн жолооч сарын 1,2 сая төгрөг, кондуктор 600-750 мянган төгрөгийн цалинтай байдаг” ажээ.
Харин ажилчид “Цалин нь удирдлагуудынх нь хэлээд байгаа шиг тийм өндөр биш жолооч нар сард 720-750 мянган төгрөг, кондуктор 500 мянган төгрөг авдаг бөгөөд төлөвлөгөөт цаг, нормоо биелүүлээгүй бол хасагддаг. Дээр нь автобусанд бараг мөнгө төлж суудаг хүн байхгүй байхад ресний мөнгөө багасгадаггүй хэт өндөр байна.” хэмээж байсан юм.
Дашрамд дурьдахад, өнөөдрөөс эхлэн Нийтийн тээврийн газраас “Автобус 1”-ийн үйлчилдэг шугамуудад нэмэлт автобус явуулах зохицуулалт хийх тухай өчигдөр мэдэгдсэн юм. Гэвч өнөө өглөө нэмэлт автобус үйлчлээгүй бөгөөд автобуснуудын буудлууд дээр багширах иргэд ихэд бухимдалтай байв.
Харин хувийн хэвшлийн автобусны кондукторууд хүн их сууж байгаа болохоор орлого ч нэмэгдээд сайн л байна. Гэхдээ цөөхөн автобуснууд байгаа болохоор иргэдэд хангалттай хүрэлцэхгүй байна. Биднийг бодоход улсаас тодорхой хэмжээнд дэмжлэг туслалцаа авдаг мөртлөө “Автобус 1”-хэн байнга л гомдол гаргаж байх юм. Хэдий орлого өндөртэй, ажиллах нөхцөл хэцүү байдаг нь үнэн ч арай л ингэж болохгүй байх гэж байлаа.