“Дойче” банк руу манай улсаас өнгөрсөн оны аравдугаар сарын 24-нөөс энэ оны нэгдүгээр сарын 30-ныг хүртэл дээрх их хэмжээний еврог 848695…. тоот данс руу шилжүүлсэн байна
ХБНГУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Даваадоржийн 201800 еврогийн хууль бус шилжүүлгийн тухай бид мэдээлж байсан.
Сүүлд олж авсан мэдээллээр дээрх 201800 еврог Герман улсын “Дойче” банкаар хүлээн авч байжээ.
Тодруулбал тус банк руу манай улсаас өнгөрсөн оны аравдугаар сарын 24-нөөс энэ оны нэгдүгээр сарын 30-ныг хүртэл дээрх их хэмжээний еврог 848695…. тоот данс руу шилжүүлсэн байна.
Германы тал өөрсдийн хуулийн дагуу орсон гарсан бүх гүйлгээг шалгах явцад дээрх еврогийн шилжүүлэг илэрсэн аж.
Ингээд их хэмжээний евро орж ирсэн учраас Германы тал өнгөрсөн хоёрдугаар сарын 28-нд гэмт хэргийн шинжтэй гэдгийг нь тогтоож, хэрэг үүсгэсэн гэсэн мэдээлэл ирж байна.
Уг нь тухайн үед Элчин сайд Б.Даваадоржид эрүүгийн хэрэг үүсгэсэн боловч Герман улсын ЭБШХ-ийн 170.2-т зааснаар хэргийг түр хугацаагаар түдгэлзүүлсэн байна.
Хэргийг түдгэлзүүлэх болсон шалтгаан нь дээрх 201800 еврог шилжүүлсэн хүмүүсийн дотор манай улсын парламентын хэд хэдэн нөлөө бүхий гишүүн байсан учраас уг асуудлыг өндөр хэмжээнд онцгойлон нууцлах арга хэмжээ авсан аж.
Тэгээд ч энэ хэргийн тухай мэдээлэл манай улсад аль хэдийнэ ирсэн гэдгийг зарим эх сурвалжууд мэдээлж байгаа. Энэ хэрэгт нөлөө бүхий улстөрчид болон бизнесийн бүлэглэлийн олигархиуд оролцсон учраас ТЕГ-т нууцын зэрэглэлд шалгахаас өөр аргагүй гэдэг нь ойлгомжтой.
Харин зарим хүмүүс ТЕГ-ын дарга асан Д.Гэрэлийг дээрх хэргийн гогцоог атгасан байх магадлалтай гэж үздэг юм билээ. Тухайлбал зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар ТЕГ-ын дарга асан Д.Гэрэлийг гэнэт албан тушаалаас халсан шалтгаан нь “магадгүй” төрийн өндөр дээд албан тушаалтны хэргийн үзүүрээс атгаснаас болж зайлуулагдсан гэж үзэх хүмүүс ч байгаа.
Учир нь МАН хэвлэлийн хурал хийхдээ нэгэн ноцтой зүйлийг мэдээлж байсан. Тодруулбал УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр “Онцгой хэргийн үзүүрээс атгасныхаа төлөө ТЕГ-ын дарга Д.Гэрэлийг зайлуулсан” хэмээн мэдэгдэл хийсэн.
Н.Номтойбаярын аав Нямтайшир нь Монголын ТЕГ-ын мэргэшсэн тагнуулч хүн гэдгийг хүн болгон мэднэ. Харин Н.Номтойбаяр өмнө ТЕГ-т ажиллаж байсны хувьд ор үндэслэлгүй мэдэгдэл хийсэн гэж үзэх үндэс байхгүй хэмээн хуулийнхан ч өөрсдөө ярьж байсан.
Тэгэхээр Б.Даваадоржтой холбоотой мэдээлэлд чухам юуны учир ГХЯ өдий хүртэл ямар нэгэн тайлбар хийхгүй байгаа нь гайхалтай. Бидэнд ирж буй мэдээллээр бол Б.Даваадоржийн ар талыг даадаг хүн нь манай улсын маш том эрх мэдэлтэй нэгэн эрхэм гэдэг юм билээ.
Тэгээд ч түүн рүү 201800 еврог таван удаагийн үйлдлээр шилжүүлсэн эрхмүүдийн нэр бидэнд байгаа ч одоохондоо тэдгээр хүмүүсийн нэрсийг түр нууцлахаар шийдлээ. Анхнаасаа Б.Даваадоржийн Элчин сайдын томилгоо хууль бус байсан гэдгийг олон хүн хэлдэг юм. Тухайн үед Засгийн газарт ажиллаж байсан зарим нэг эрхмүүд Б.Даваадоржийг 2009 онд Элчин сайдаар томилогдох үед энэ тал дээр маш их санал зөрөлдөж байсан.
Уг нь өөр хүнийг томилох тухай асуудал яригдсан ч нэгдсэн чуулганаар Б.Даваадоржийг дэмжээд гаргаад ирсэн гэж ярьдаг. Тэгэхээр Элчин сайдын гар хэр зэрэг урт сунадаг вэ гэдгийн тод жишээ нь энэ болж байна.
Хуулиараа дэлхийд гайхагддаг Герман улс манайд албан ёсоор сануулсаар байхад Б.Даваадоржийг тус улсад Элчин сайдаар томилж явуулсан нь цаанаа нэг л жигтэй санагддаг. Германд амьдардаг монголчууд ч түүнийг олон хууль бус үйлдэл хийдэг, энэ тухай бид цахим хуудсаараа мэдээлж байсан гэж байсан.
Алдагдсан гэх авто машиныг тус улсад амьдардаг монголчууд нэгэн гишүүний цахим хуудсанд “мессеж” илгээснээр түүнийг нь Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хуралдаан дээр нийтэд ил болгож байсан юм.
Энэ мэтчилэн түүнтэй холбоотой хэргүүд байсаар байхад хэрэг нь хэрэг биш болдогт олон хүн гайхдаг юм билээ.
Энэ бүхнээс харахад шинэчлэлийн Засгийн газар цагаан захтануудын хэргийг ээлж дараалан илрүүлж байгаа нь сайшаалтай боловч нэг хэсэг хүмүүсийг хаалганы цаана үлдээж байгаа нь харамсалтай.
Мөнгө гэж ямар их гай дагуулдаг эд болохыг сүүлийн үед Монголын төрийн өндөр албан тушаал хашиж байсан, одоо ч хашиж байгаа эрхмүүд харуулаад байгаа билээ. Ямартай ч бид дараа дараагийнхаа дугаарт дээрх дөрвөн нөлөө бүхий албан тушаалтан ямар зорилгоор Б.Даваадоржид энэ их хэмжээний еврог шилжүүлэв. Мөн юунд зарцуулсан, хэн гэдэг эрх мэдэлтэн байсан болон монголоос шилжүүлсэн банкны нэр данс дугаарыг нь дараагийн дугаартаа бүрэн эхээр нь мэдээллэх болно.
Х.Тэмүүжин: Хэрэв бид хууль эрхзүйн орчноо сайжруулахгүй бол Монгол Улсаас гадагшаа, гаднаас Монгол руу урсаж байгаа бүх гүйлгээ хяналтад орно гэсэн үг.
Дээрх хэргийн талаар Хууль зүйн сайд Х.Тэмүүжингээс зарим зүйлийг тодрууллаа.
-Германд байгаа Элчин сайд мөнгө угаах гэмт хэрэгт холбогдсон тухай мэдээлэл бий. Энэ талаар?
-Энэ нь Монгол Улс мөнгө угаах болон энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх орчноо сайжруулахгүй бол танай улстай холбоотой гадна дотно хийгдэж байгаа бүх гүйлгээг хянана гэсэн дохиог үзүүлж байна. Тэгэхээр бид “Уучлаарай, та манай мөнгийг хянахгүй. Бид өөрсдөө хяначихъя. Тиймээс Монгол Улстай холбоотой гүйлгээг зүгээр орхи” гэдэг байдлаар хууль эрх зүйн орчноо сайжруулж байна.
Хэрэв бид хууль эрхзүйн орчноо сайжруулахгүй бол Монгол Улсаас гадагшаа, гаднаас Монгол руу урсаж байгаа бүх гүйлгээ хяналтад орно гэсэн үг. Иймээс гадны хууль хяналтын байгуулагад хянуулах уу, эсвэл дотооддоо хууль эрх зүйн орчноо сайжруулаад итгэлцэх үү гэдэг сонголтын өмнө ирсэн.
Хэрэв бид хууль эрх зүйн орчноо сайжруулаагүй байсан бол зургадугаар сарын 15-наас хойшхи манай бүх гүйлгээ царцаж, удааширч бизнест таагүй нөхцөл байдал үүсэх байсан.
Ямартай ч хууль зүйн сайд Б.Даваадоржтой холбоотой асуудалд тоймтой хариу өгөөгүй ч үгүйсгээгүй юм.
Эх сурвалж: