Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн ээжит хуралдаан 2013 оны 6 сарын 6-нд болж, нийслэлд шинээр баригдах 80 бага сургууль, цэцэрлэгийн цогцолборын төслийн танилцуулга, бага сургуулийн багш нарын урамшуулал, “Ахмадын орон сууц” хөтөлбөрийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай зэрэг асуудлуудыг хэлэлцлээ.
Нийслэлд шинээр баригдах 80 бага сургууль, цэцэрлэгийн цогцолборын төслийг нийслэлийн Засаг даргын Хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат танилцууллаа.
Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын хэмжээнд цэцэрлэгт хамрагдаагүй 31 300 гаруй хүүхэд байгаа бол, цэцэрлэггүй 42 хороо байгаа юм. Түүнчлэн сургуульгүй 31, сургууль, цэцэрлэгийн аль аль нь байхгүй 14 хороо байдаг байна. Улаанбаатар хотын хэмжээнд нийт 115 325 хүүхдийн сургууль, цэцэрлэг шаардлагатай байгаа бөгөөд энэ нь 240 хүүхдийн 220 цэцэрлэг, 640 хүүхдийн 97 сургууль нэмж барина гэсэн үг юм. Харин өнөөдөр нийслэлд 185 цэцэрлэг, 118 сургууль байгаа нь хэтэрхий хангалтгүй тоо гэж нийслэлийн Засаг даргын Хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат онцоллоо. Тиймээс цэцэрлэг бага сургуулийн тоог нэмэгдүүлж, хүүхдүүдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцлийг сайжруулахын тулд эхний ээлжинд нийслэлийн 7 дүүргийн 86 байршилд “Цэцэрлэг – бага сургууль”-ийн цогцолбор барих хэрэгцээ шаардлага байгааг хэлсэн юм.
НИТХ-ын 2013 оны 9/35 дугаар тогтоолоор нийслэлд шинээр бага сургууль барих 83 байршлыг тогтоосон бөгөөд бага сургуулийг цэцэрлэгтэй хамт цогцолбор хэлбэрээр барихаар шийдвэрлэсэн билээ. Энэхүү шийдвэрийн дагуу төсөл боловсруулж БСШУЯ-нд танилцуулсан байна. Төслийг Монгол улсын хөрөнгө оруулалтын дунд хугацааны хөтөлбөрт тусгуулжээ. Гэхдээ бага насны хүүхдийг гэрээс нь холгүй, хамгийн холдоо 500 метрийн радиуст сургуульдаа явахаар тооцоход хотын төвийн 6-н дүүрэгт бага сургууль цэцэрлэгийн 86 цогцолбор шаардлагатай байгаа юм. Төлөвлөж байгаагаар эдгээр цэцэрлэг, бага сургуулийг барьчихвал хүртээмж 40-50%-иар нэмэгдэх тооцоо байгаа юм. Нийт баригдах шинэ цогцолборын цэцэрлэгт нийтдээ 10 320 хүүхэд, бага сургуульд нийт 20 640 хүүхэд хамрагдах боломжтой юм. Цэцэрлэг, бага сургуулийн цогцолборыг гэрээс нь 500 метрийн радиуст барьснаар маш олон давуу талтай юм. Тухайлбал, хүүхдийн аюулгүй байдал, сурч боловсрох орчин нөхцөл нэмэгдэхээс гадна замын хөдөлгөөний ачаалал 30 хүртэл хувиар буурах боломжтой гэж үзэж байна.
Одоо 126.0 мянган эцэг эх хүүхдээ цэцэрлэг, сургуульд хүргэж өгдөг гэсэн судалгаа байна. Оргил цагаар буюу цэцэрлэг, сургууль эхлэх, тарах үеэр нийтдээ 54 мянган автомашин зөвхөн цэцэрлэг, бага сургуулийн хүүхдийг хүргэж өгөхөөр замын хөдөлгөөнд оролцдог байна. Гэрээс нь 500 метрийн радиуст цогцолбор барьснаар 5-10 минут алхан хүүхдээ цэцэрлэг сургуульд нь хүргэж өгөх боломжтой болох юм. Энэ нь 20.0 мянган машин хөдөлгөөнд идэвхитэй оролцохгүй болж, замын хөдөлгөөний ачаалал 30 хувиар буурах боломжийг бүрдүүлж байгаа юм. Мөн 20.0 тэрбум төгрөгийн шатахуун хэмнэнэ гэдгийг ч албаныхан тооцжээ.
Шинээр төлөвлөж байгаа бага сургууль цэцэрлэгийн нэг цогцолборыг 1,5 тэрбум төгрөгөөр барина гэж тооцжээ. Хөрөнгө оруулалтын асуудлыг шийдчихвэл энэ ондоо багтаагаад 10-15 цогцолборыг ашиглалтад оруулах боломжтой бөгөөд Хөгжлийн банкны санхүүжилтээр шийдвэрлэх боломжийг судалж байгаа юм байна.Нийслэлийн удирдлагын зөвлөлийн гишүүд энэ асуудлыг хэлэлцээд хөрөнгө оруулалтын асуудлыг яаралтай шийдвэрлэж, төлөвлөсний дагуу эхний ээлжийн цогцолборуудыг ашиглалтад оруулах ёстой. Тиймээс Эдийн засгийн Хөгжлийн яам болон, Соёл шинжлэх ухааны яамтай хамтран шийдвэрлэхийг нийслэлийн Засаг даргын хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбатад үүрэг болголоо. Хөрөнгө оруулалтын асуудлыг шийдсэний дараа цэцэрлэг сургууль нэн хэрэгцээтэй байгаа хороодод эхний цогцолборыг барих ажлыг эхлэхийг нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэлд үүрэг болголоо.