Долоо хоног бүрийн даваа гаригт болдог “Бүтээн байгуулалтын цаг” уулзалтын өнөөдрийн уулзалтад Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр оролцож, Монгол Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар ирэх жилүүдэд хийгдэх “Нэг маягийн зураг” төслийн талаар танилцуулав.
Төслийн хүрээнд улсын хөрөнгө оруулалтаар орон нутагт баригдах сургууль, цэцэрлэг, эмнэлэг, соёлын төв зэрэг нийгмийн үйлчилгээний барилга, байгууламжуудыг нэг маягийн зураг төслөөр барих бөгөөд одоогоор 129 байгууламжийн зураг төслийг гаргасан байгаа ажээ.
Өнгөрсөн хугацаанд орон нутагт баригдсан сургууль, цэцэрлэг, эмнэлгийн барилга, байгууламжууд хүчин чадлын хувьд адил мөртлөө хэтэрхий зөрүүтэй төсөвт өртөгтэй, инженерийн хангамжийн эх үүсвэр, шугам сүлжээний зардал үрэлгэн, барилга бүр хажуудаа бага оврын уурын зуух, бие засах газартай байгаа нь олон сөрөг үр дагавартай гэж үзсэн байна. Тиймээс “Нэг маягийн зураг” төслийг хэрэгжүүлж нэг загвар, ижил стандарт, технологиор барилга байгууламж барьж, төсвийн хөрөнгийг хэмнэхээр болжээ.
“Нэг маягийн загвар зураг”-ийг гаргахдаа барилгын хүчин чадал, хийц, газар хөдлөлтөд тэсвэрлэх байдал гэсэн нөхцөлийг харгалзах ба ирэх дөрвөн жилд нийтдээ 2905 барилга байгууламжийн зураг төслийг 61 тэрбум төгрөгөөр хийх санал ирснээс “Нэг маягийн зураг” төслийг хэрэгжүүлснээр таван тэрбум төгрөгт багтаах тооцоо гарчээ.
Тэгэхээр нэг хэв маягийн техник эдийн засгийн үндэслэл, зураг төслөөр барилга байгууламжийг барих нь цаг хугацаа хэмнэхээс эхлээд төсвийн үрэлгэн зардлыг багасгах давуу талтай аж. Жишээ нь 5000-аас дээш хүн амтай сумдад 280 хүүхдийн цэцэрлэг, 640 хүний суудалтай сургууль, 200 хүүхдийн дотуур байр, 22 ортой эмнэлэг, эмийн сан, соёлын төв, спорт заал, агаарын чанарын харуулын байр, ахуй үйлчилгээний төв зэргийг байгуулах юм байна.