Фүкүшимагаас алдагдсан цацраг идэвхт бодис Калифорнийн эрэгт хүрчээ. Үүнийг Калифорнийн Хаф-Мун Бэй хотын тойргийн засаг захиргаанаас баталж байна. Тэд цацрагийн хяналт шалгалт явуулаад эргийн амралтын газруудад цацрагийн түвшин 500 хувиар нэмэгдсэнийг тогтоосон аж.
Бичлэг хийдэг сонирхогчид хэд хоногийн өмнө эргийн дагуу Гейгерийн тооцоолуураар ямар заалт гарч байгаа тухай видео бичлэг хийж, олонд цацсан нь иргэдэд түгшүүр төрүүлсэн юм. “Half Moon Bay Review” сонинд бичсэнээр “Өнгөрсөн сард баруун эргээр далайн одод тодорхойгүй шалтгаанаар алга болж буй тухай мэдээлэл гарснаас хойш энэхүү бичлэгийг хийжээ” хэмээн бичсэн байна.
Түүнчлэн Фүкүшимагийн атомын цахилгаан станцын оператор компани болох “ТЕРСО” цацрагийн үзүүлэлтийг нуун дарагдуулж, худлаа мэдээлсэн тухай яриа ч гарчээ. Албан ёсны эх сурвалжийн тэмдэглэснээр цацрагийн түвшин байх ёстой хэмжээнээс 18 дахин ихэссэн гэнэ.
Гэвч олонх цөмийн шинжээч цезий-137 зэрэг цацраг идэвхт элементүүд аль хэдийнэ Номхон далайн хүнсний хэсэгт нэвтэрсэн бөгөөд Калифорнийн эрэгт хүрсэн гэдэгтэй санал нэгдэж байна. Тэгэхээр Номхон далайгаас барьж авсан загас, далайн бүтээгдэхүүний цацрагийн түвшинг шалгах ёстой гэсэн үг.
Энэ асуудалтай холбогдуулан “Natural News” агентлаг “Consumer Wellness Center”-тэй хамтран бүтээгдэхүүнд хяналт шалгалт хийх лабораторийн төсөл хэрэгжүүлж эхэлснээ зарлажээ. Тэд хөнгөн цагаан, зэс, хүнцэл, кадмий, хар тугалга, уран, цезий зэрэг химийн элементүүдийн тухай мэдээлэл гаргаж эхэлсэн байна.
Ер нь Калифорнийн эрэгт хүрсэн цацраг идэвхт цезий-137 бол олонд танигдсан хэрнээ хамгийн аюултай элемент юм. Цөмийн аюул, дэлбэрэлтийн дараа хүнсний бүтээгдэхүүнд илэрсэн цезий-137 хагас задралын байдалтай 30 жил, хөрсөнд 200-300 жил байдаг. Цезий-137 нь хүн, ургамлын биед калиг дуурайдаг болохоор кали хаана хэрэгтэй байна, тэнд шингэдэг. Тэгэхээр таны бие махбодын эд, эс бүрт нэвчдэг гэсэн үг.
Цацраг идэвхт цезий-137-д шууд шинжилгээ хийхэд хэцүү. Яагаад гэвэл яг л барий шиг атомын масстай. Тиймээс атомын спектроскоп ч энэхүү хоёр элементийг ялгаж чадахгүй. Гэхдээ спектроскопыг лабораторийн багажтай холбосноор цацрагийн түвшинг судлах боломжтой болжээ.
“Natural News” одоогоор Номхон далайн загаснуудын цезийн түвшинг судалж байна. Судалгааны үр дүнг “Labs.NaturalNews.com” сайтад гаргах юм.